ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН ТОМИЛОХ, ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН 31 ДҮГЭЭР ТОГТООЛД ХЭСЭГЧЛЭН ТАВЬСАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГТ ХИЙСЭН ДҮГНЭЛТ

.

           Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын “Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Шарын Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй” гэсэн 2 дахь хэсэгт бүрэн эрхийнхээ дагуу хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ардчилсан намын бүлэг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзэж, дараах дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулж байна.

            Нэг.Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөхдөө Улсын Их Хурал  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгийн “Цэцийн гишүүн …Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн маш тодорхой хуулийн заалтыг илэрхий зөрчсөн байх тул залруулах шаардлагатай байна.

            Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоог Улсын дээд шүүхийн саналаар томилсон тул анх илгээсэн Улсын дээд шүүхийн саналаар чөлөөлөх хуулийн шаардлагыг биелүүлэх, түүнийг чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй нь Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг илтэд зөрчсөн байх тул бүдүүлэг алдааг даруй засаж залруулах нь зүйтэй гэж үзэж байна.

            Хоёр. Эрх баригч МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, зорилгыг илт гажуудуулж баталсан хуулиудаараа улс төрийн нам, улс төрчдөөс хараат бус байх ёстой Үндсэн хуулийн цэцийг, мөн Улсын дээд шүүхийг хяналт, нөлөөндөө бүрэн оруулсан байгаа нь Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүнд байгаа гишүүнийг эрх баригчдад таалагдаагүй санал гаргасных нь төлөө хуралдааны дундаас сугалан авч чөлөөлж байгаа энэ бусармаг үйлдлээр илэрхий болж байна.

          Үндсэн хуулийн Цэц хуралдаанаа хийж чадахгүй, шийдвэрээ албажуулж чадахгүйд хүрч, эрх баригч Монгол ардын намд үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бүрэн үйлчилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлыг хуульд нийцүүлэх, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны шийдвэрт нөлөөлөх оролдлогоо таслан зогсоохыг анхааруулъя.

            Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг санал болгож томилуулах, санал гаргаж чөлөөлүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч, эрх баригч Монгол ардын намд тал зассан, Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа явдал нь шүүх засаглал хууль хэрэгжүүлэх биш нөлөө бүхий улс төрийн хүчин МАН-д үйлчилж байна гэж хардах үндэслэл болж байна.

            Гурав.Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог холбогдох хууль, тогтоомжийг илэрхий зөрчиж, яаран сандран чөлөөлсөн нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбоотой, тодруулбал эрх баригч Монгол Ардын Нам улс төрийн гол өрсөлдөгч гэж үзэж байгаа өнөөгийн Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг зүй бус аргаар хаах гэсэн увайгүй оролдлого гэж үзэж байна. Эрх баригчид энэ зорилгынхоо үүднээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоог дур зоргоороо шахан чөлөөлж, түүний оролцож байсан Цэцийн бага суудлын хуралдааныг тасалдуулж, Үндсэн хуулийн Цэцээс гарах ёстой шийдвэрт илтэд нөлөөлөх гэж, өөрчлөх гэж улайран зүтгэж байгааг эрс эсэргүүцэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021-04-08