Б.Пүрэвдорж: Иргэдээ бодооч ээ. Засгийн газар 30 сая ам.доллар гаргаад вакцин авчих хэрэгтэй

2020 оны төсөв хэлэлцэх үеэр би вакцин авах мөнгөө төсөвтөө суулга гэж удаа дараа хэлсэн. Гэтэл өнөөдөр Т.Аюурсайхан дарга Засгийн газрыг төсвийн хэдэн төгрөгөөр вакцин авав гээд загнаад байна. Энэ хүмүүс чинь вакцин авах төсвийн мөнгөгүй учир энд тэндээс гуйлга, тусламжаар авсан вакцинаа тарьж байгаа. Засгийн газарт маш том эрх очсон байгаа. Энэ оны төсвийн хөлийг хөдөлгөхгүйгээр зардал дотроо багтаан 30 сая ам.доллараар вакцин авчих. Өчигдөр дахиад л 50 сая ам.долларын зээл авч вакцин авна гээд явж байх юм. Ард түмнээ бод л доо. Өдөрт 300, 400 илэрч байна. Үүн дээрээ яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. ЖДҮ-ийн 75 хувь зогссон, 400 мянган хүн цалингаа авч чадаагүй байгаа судалгаа байна. Дөрөвдүгээр сарын 5-наас дахиад 14 хоног хөл хорио тавьж магадгүй байна. Ингэвэл эдгээр компани бүрэн дампуурна. Вакцинаа хурдан татаж авч эдгээр хүмүүсээ дархлаажуулан үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлж эдийн засгаа сэргээх хэрэгтэй. Эдийн засгийн хямрал буцаад улс төрийн хямрал болно. Улс орон маш хүнд нөхцөл байдалд орох гэж байгаа тул жаахан санаачлага гаргаад хэрэггүй хөрөнгө оруулалтуудаа татан вакцинаа эхний ээлжид авъя.

2021-03-26