С.Одонтуяа: Монгол иргэдээ гадаадад нохойноос дор жил байлгаж хохироосон шүү. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ

Өмнөх УОК маш их цаг алдсан. 2020 оны зургаадугаар сард дулаан байхад бүх иргэдээ авчиръя гэдэг санал гаргасан ч дэмжээгүй. Гадаадад байгаа иргэдийг дэндүү их хохироосон. Олон иргэд амь насаа алдсан. Хөрөнгө мөнгөөрөө хохирсон. Хүний эрхийн зөрчил брл дээд цэгтээ тулсан. Олон хоног машиндаа хонож, буцалсан усаар гол зогоосон иргэд ч байсан. Та бүхэн Монгол Улсын иргэдийг нэг жилийн хугацаанд гадаадад нохойноос дор байлгасан шүү. Үүний хариуцлага хохирлыг хүлээх хүн байна уу. Иргэний үүргээ биелүүлж татвараа төлдөг байсан, гэтэл яагаад хүнд цаг үед эх орон маань биднийг авахгүй байгаа юм гэж төр засагтаа гомдсон иргэд олон байгаа. Бодит дэмжлэг маш бага байна. 300 сая бол нэг автомашины мөнгө. Гэтэл Засгийн газар хэдэн мянгаар нь автомашин авч унаж байгаа. Одоо дахиад 300 сая төгрөг нэмээд төсөвлөөч. Ирэх гэж байгаа хүмүүс ихэнх нь өрөнд орсон, амьдралын нөхцөл хүнд болсон хүмүүс байгаа. Тэгэхээр нэг удаа эх орон нь гар сунгаад 300 саяыг нэмээд төсөвлөхөд энэ зардал хүрнэ. Б.Батцэцэг сайд одоо байгаа мөнгөө хэмнэхгүйгээр өгөх ёстой хүмүүст нь цаг хугацаанд нь амжиж өгч ажиллах хэрэгтэй.С. Амарсайхан дарга ч бас дэмжээд өгөөрэй. Ковидын нөхцөл байдал маш хүндэрлээ. Эм тариа, эмч нарын хүрэлцээ нөөц байгаа юу. Өмнө нь баахан сүржигнэчхээд одоо өдөрт 400 гараад байхад Их хурал нь ч гишүүд нь ч чимээгүй байж болохгүй.

2021-03-26