Б.Пүрэвдорж: Эдийн засаг уначихаад байхад хадгаламж өсчээ. Иргэд хадгаламжаа нэмэх боломжгүй, тэгвэл энэ хэний мөнгө вэ?

Өнгөрсөн жил цар тахлын эсрэг Засгийн газраас 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг зарласан. Энэ нь үндсэн гурван зорилготой байсан. Нэгдүгээрт, эрүүл мэндээ хамгаалах. Өнөөдөр өдөртөө 200-300 хүн халдвар авч байгаа нь эрүүл мэндээ хамгаалж чадаагүйн илрэл. Хоёрдугаарт, эдийн засгаа хамгаалах зорилго. 1992 оноос хойш анх удаа эдийн засаг 5.3 хувиар унасан тул энэ үүрэг мөн биелсэнгүй. Гуравдугаарт, ажлын байраа хамгаалах. ЖДҮ-ийн 75 хувь нь сул зогсож 4000 мянган хүн цалингаа авч чадахгүй байна. Энэ хөтөлбөр үндсэн гурван үүргээ биелүүлж чадаагүй учир Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан. Асуулгын хариуд 2.4 их наядын тайлан ирсэн ч үлдсэн 2.7 их наядыг тайлагнаагүй. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад 2.7 их наядын тайланг тавих шаардлага хүргүүлсэн. Хариу нь ирэх хугацаа нь арай олоогүй байгаа тул энэ хугацаанд энэхүү мөнгийг судалсан юм. Монголбанкны мэдээллийн дагуу 2019 онд компани аж ахуй нэгжийн харилцах 2.2 хувиар нэмэгдсэн. 2020 онд 4.6 хувиар унасан байна. Эдийн засаг агшсан. Компаниуд хүмүүсийнхээ цалинд хамаг мөнгөө өгсөн гэсэн үг. Энэ тохиолдолд хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс ямар ч хадгаламж хийх боломжгүй байгаа нь статистикаар харагдаж байна. Эдийн засаг уначихаад байхад хадгаламж яагаад 30 хувиар өссөн бэ. Энэ бол тодорхой албан тушаалтнууд тайлагнаагүй 2.7 их наядаас хумсалж хадгаламжийг өсгөсөн үзүүлэлт. Тийм учраас Л. Оюун-Эрдэнэ сайдаас энэ мөнгийг заавал тайлагнахыг шаардах болно. Мөн Төсвийн зарлагын дэд хорооны даргын хувьд энэ мөнгөний мөрөөр ажиллах болно. Одоо дахин 10 их наядыг цар тахлын хууль нэрээр далимдуулан зарцуулж байгаа. Үүн дотор төсвийн шинжтэй хэд хэдэн хөрөнгө оруулалт байна. Ипотекийн зээл бол цэвэр төсвийн шинжтэй арга хэмжээ. Мөн компаниудад өгч байгаа зээлийн зөрүү хүүг улсын төсвөөс өгч байгаа. Иймд 10 их наядын хөтөлбөрийг УИХ дээр хэлэлцэх ёстой. УИХ-ын хамгийн том эрх болох төсөв батлах эрхийг ковидоор далимдуулан Засгийн газар авч байна.

2021-03-26