С.Одонтуяа: Хэдхэн сая хүн вакцинжуулах ажил ийм хариуцлагагүй байж болохгүй

Одоогоос жилийн өмнө Монгол Улс бэлэн байдал зарласан. Энэ бүх хугацааны туршид бэлэн байдалд ажилласан хүмүүстээ баярын мэнд хүргэе. Гадаадад байгаа иргэдийн асуудал сайн шийдэгдэж байгаа. Энэ тал дээр Зам тээврийн яам, Гадаад харилцааны яам сайн ажилласан. Сошиалаар явж байгаа мэдээлэл маш тодорхой байх хэрэгтэй. УИХ-аас дархлаажуулалтын ажлын хэсэг байгуулж долоон санал гаргасан. Гэтэл одоо болтол хэрэгжээгүй байна. Тухайлбал, төрийн албан хаагч болон тусгай албаныхан астразенекаг тариулах юм байна. Гэтэл аж ахуй нэгжүүд, хувийн хэвшил, байгууллагууд хаанаас ямар вакцин тариулах вэ. Тодорхой мэдээлэлгүй олдсоныг нь шахаж байгаа мэт бүдүүлэг байж болохгүй. Засгийн газар татан авалт хийлээ гэж байгаа ч дандаа тусламжаар ирж байгаа шүү. Тусламжаар ирснийг нь иргэддээ шахах биш төсвөө гаргаад татан авалт хийх ёстой байсан. Хэдхэн сая хүн вакцинжуулах ажил ийм хариуцлагагүй байж болохгүй. БЗД-ын 26 дугаар хорооны Засаг даргыг халлаа гэдэг асуудал өчигдөр үүссэн. Нийслэлийн Онцгой комиссын дарга аа. Та Баянгол дүүрэгт гэхэд ажлаа мэддэг, туршлагатай олон хорооны даргыг халсан гэдгийг мэдэж байгаа юу.

2021-03-18