Д.Ганбат: Нөхөн сонгууль МАН, МАХН-ын наймааны хэрэгсэл боллоо

Ардын армийн 150, 138 дугаар ангид танкийн хороонд жагсаалын бор цэрэг байлдагчаас Ахмад цолтой болтол алба хааж явсан хүний хувьд дайчин нөхдөдөө , нийт Монгол эрчүүддээ дэлхийн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг цэрэг болох Монгол цэргийн баярын өдрийн мэндийг хүргэе. “Энэ чуулган хүний эрхийг дээдэлсэн чуулган байх болно. Үүний тулд хууль дүрмээ нягтална” гэж УИХ-ын дарга хэлсэн. Үүнийг Ардчилсан намын бүлэг дэмжиж байгаа. Г.Занданшатар дарга та гишүүдийн үгийг хэлүүлж байх нь зөв шүү. Хүний эрхийг зөрчиж, үг хэлүүлэхгүй байж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгууль, Сонгинохайрханы нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 9-нд хамтад нь хийнэ гэдэг шийдвэр өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргасан. Тухайн үедээ Сонгинохайрхан дүүргийн иргэд нэг өдрийн ч гэсэн өмнө төрд төлөөлөлтэй болно. Мөн зардал хэмнэж байгаа гэж тайлбарлаж байв. Гэтэл одоо эсрэг зүйл ярьж байна. Нөхцөл байдал өөрчлөгдөөд байдаг юм уу. Ард түмнийг ингэж хохироож болохгүй. Өмнө нь сонгогдсон гишүүн ч гэсэн ард түмний итгэлийг олж УИХ-д төлөөлөл болсон. Гэтэл албан тушаал нь таалагддаг юм уу дур зоргоороо болилоо гээд явчихдаг. Энэ нөхөн сонгуульд МАН нэр дэвших эрхгүй гэж бодож байна. Нөхөн сонгуулийг наймааны хэрэгсэл болгож хувиргасан. МАН болон МАХН ингэж Монголын төрийг тартагт нь тулгаж болохгүй.

2021-03-18