Д.Ганбат: АН-ын бүлэг Я.Содбаатар, Д.Сумьяабазар, Т.Мөнхсайхан нарыг огцруулахыг шаардаж байна

Ажилдаа хариуцлагагүй, сэтгэлгүй хандсан Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцруулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулна хэмээн заасаар байтал коронавирусын халдварт цар тахлын эсрэг Засгийн Газар, Улсын онцгой комиссоос өнгөрсөн нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь зохион байгуулалтгүй, иргэн, ард түмнээ гэсэн сэтгэлгүй, хүмүүнлэг бус байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг удаа дараа санал, шаардлага хүргүүлж, Засгийн газар цар тахалтай тэмцэх бүх нийтийн хөл хорионы үеэр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, авч хэрэгжүүлж байгаа аливаа арга хэмжээ нь хуулийн дагуу, хүмүүнлэг, үр дүнтэй байх ёстойг сануулсаар ирсэн ч сайд, дарга нарын хариуцлагагүй үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас үрэгдэж, иргэддээ хандах хүнлэг ёс гээгдсээр байна. Дөнгөж амаржсан эх, нярай хоёрт Монгол Улсын Засгийн газар, албан тушаалтнууд хэрхэн хандаж байгааг бид харлаа. Үндсэн хуульд заасны дагуу ард түмэн тайван жагсаал хийж байна. Үүнтэй Ардчилсан намын бүлэг санал нийлж байгаагаа талбай дээр гарч илэрхийлсэн.

2021-01-21