Б.Пүрэвдорж: Яам Л.Гантөмөр сайдын хэрэгжүүлсэн хөтөлбөрийг авч ашигла. Ичээд байгаа бол нэрийг нь солиод хэрэглэ л дээ

Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар наймдугаар сард төсвийн тодотголоор 4 тэрбумыг боловсролын зээлийн санд оруулж өгөөч гэсэн зарчмын зөрүүтэй санал надаар гаргуулж дэмжигдсэн. Энэ мөнгөөр хэдэн оюутны зээл шийдсэн бэ. Мөн хөл хорионы үеийн сургуулийн урсгал зардлаас хэмнэсэн мөнгөө багш, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд зарцуулж болох уу. Сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлдэг хувь хүмүүст тодорхой хөрөнгө гаргаж өгөөч. Тэд хувийн мөнгөө гал тогооны тоног төхөөрөмжид зарцуулсан. Сургууль ажиллахгүй, хүнд байдалд байгаа. Сүүлийн үед теле хичээл гурилдсан байдалтай, хүүхэд мэдлэг авч чадаж байна уу үгүй нь мэдэгдэхгүй боллоо. Гэтэл хувийн сургууль цахимаар хүүхэд бүртэйгээ яг харилцаад хамаагүй илүү мэдлэг олгож чадаж байна. Яаманд онлайн сургалтын хөтөлбөр байхгүй бол 2014-2015 онд Л.Гантөмөр сайдын хэрэгжүүлсэн хөтөлбөр байгаа. Ичээд байгаа бол нэрийг нь солиод ашигла. Санаа зовох юм байхгүй шүү дээ. Хамгийн гол нь хүүхдэд мэдлэг олгох чухал байна.