Л.Болд ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркельтэй уулзлаа

2017-04-25
|
Мэдээ

 

УИХ-ын гишүүн, Монгол, Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд ХБНГУ-д ажиллаж байна. Тэрээр дэлхийн хамгийн том үзэсгэлэн яармаг болох Ханноверийн аж үйлдвэрийн яармагийн нээлтэд урилгаар оролцлоо. Дал дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн яармагийг ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркель нээж үг хэлэв.

Яармагт 70 орны 6500 гаруй компани оролцож байгаа бөгөөд “Аж үйлдвэр 4.0” буюу орчин үеийн үйлдвэрлэлийн шинэ эрин гэсэн сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн ололтод суурилсан бараа бүтээгдэхүүнүүдээ толилуулж бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Чухам энэ чиг хандлагыг улсдаа хөгжүүлэх зорилгоор Монголд шинжлэх, ухаан технологийн хөгжлийн цахиурын хөндий байгуулах талаар гишүүн Л.Болдын тэргүүлдэг “Шинэ Монголын төлөө Санаачилга” ажиллаж байгаа юм.

Ханноверийн яармагийг зохион байгуулах хорооны удирдлагууд түүнтэй уулзах үеэрээ уг санаачилгыг олон улсын нэр хүндтэй бизнесийн байгууллагууд хэрхэн дэмжиж хамтран ажиллах боломжтой талаар зөвлөлдлөө.

Мөн энэ үеэр Ханновер хотод УИХ-ын гишүүн Л.Болд, ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркельтэй уулзсан байна. Хатагтай А.Меркель арав гаруй жил дэлхийн хүчирхэг гүрнийг удирдахдаа Монгол Улсад хоёр удаа айлчилж байсан бөгөөд тэдгээр айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны олон чухал асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Үүний зэрэгцээ эдийн засгийн хөгжлийг хурдасгах том төслүүдийг хамтран хэрэгжүүлэх яриа хэлэлцээг ажил хэрэг болгоход анхаарлаа хандуулахыг Л.Болд Канцлераас хүссэн байна.

Холбооны канцлерын хувьд Монгол Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн төлөө байна гээд Герман, Монгол, цаашлаад Европын холбоо, Монгол Улсын харилцааг хөгжүүлэхэд оруулж буй Л.Болд гишүүний хувь нэмэрт талархдгаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Л.Болд яармагийн үеэр Польшийн Ерөнхий сайд Беата Шидло, Европын холбооны сангийн сайд Гюнт Оттингер нарын нөлөө бүхий эрхмүүдтэй уузалт хийсэн аж. Уулзалтын үеэр ноён Оттингер эрхэм гишүүн Л.Болдыг Европын Холбоонд албан ёсоор айлчлахыг урьжээ.

Ангилал


Twitter


Facebook