УИХ-ЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТЫН ХИЙХ МЭДЭЭЛЭЛД ХИЙСЭН УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДҮГНЭЛТ

2017-04-21
|
Мэдээ

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд ээ

Засгийн газрын тэргүүний “Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний”-ний талаар хийсэн мэдээллийг Та бид хамтдаа сонслоо.

Монгол Улсын тариалангийн бүс нутагт цаг агаарын таатай нөхцөлд хаврын тариалалтын ажил ид өрнөж байна.

Хөдөө аж ахуйн салбар нь Монгол орны эдийн засгийн тулгуур багана, Монгол хүний амин тэжээл мөн учраас ямар ч улс төргүйгээр төрийн уламжлалаа хадгалж, хөгжүүлж, хамтаараа дэмжих ёстой гэж бид үзэж байна.

Тийм ч учраас УИХ дахь Ардчилсан намын бүлэг ХАА-н салбарт цаашид баримтлах зарчмын саналаар дүгнэлтээ гаргаж байна.

Дотоодын үйлдвэрлэлийн хүнсний хэрэглээ иргэдийн дунд жил тутам өсч байна. Манай улсаас газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлох сонирхол ч мөн нэмэгдсээр байна. Энэ үүднээс хүн амыг эрүүл, чанартай, стандартын найдвартай хүнсээр хангах, түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр найдвартай хангах нь тус салбарын тэргүүний зорилт болгон ажиллах шаардлагатайг энд зориуд цохон тэмдэглэмээр байна.

Хөдөө аж ахуйн гол салбар болох газар тариаланг ХАА-н бусад салбартай хослуулан хөгжүүлэх нэн шаардлага байна.

Газар тариалангийн салбар нь эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийг давхар бэлтгэх бааз суурь болж, газар тариалангийн салбарыг эрчимжсэн мал аж ахуйтай зохицуулж хөгжүүлэх нь дэлхийн чиг хандлага болоод байна.

Цаашдаа Монголын газар тариалан-эрчимжсэн мал аж ахуйн бүс нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй хоёр хөршөөрөө дамжаад дэлхийн зах зээлд ч гарах боломжтой. Үүнийг л хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн шинэ эринг эхлүүлэх цаг ирлээ гэж хэлж байгаа юм.

Иймд газар, тариалангийн бүс нутаг манай эдийн засаг, стратегийн онцгой бүс болох ёстой.

Засгийн газраас тус салбарт хэрэгжүүлж буй бодлогодоо үүнийг анхаарах зайлшгүй хэрэгтэй байна.

Газар тариалангийн салбарыг хөгжүүлэх нэрээр төрөл бүрийн тусламж, үнэ тариф, татварын хөнгөлөлт, урамшуулал нь салбарын хөгжлийн урт хугацааны үр ашигтай бодлого болж чадахгүй байна.

Үүний тод нэг жишээ нь өнгөрсөн хугацаанд гадны улсын хөнгөлөлттэй зээлээр үрийн буудай, трактор, бордоо зэрэг бүтээгдэхүүнүүдийг Хөдөө аж ахуйн салбар хариуцсан яам болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан иргэд, аж ахуйн нэгжид олгосоор ирсэн билээ. Одоо ч техник шинэчлэл хийхэд зориулж БНХАУ болон ОХУ-ын Экзим банкнаас хөнгөлөлттэй зээл авах талаар Засгийн газрын тэргүүний мэдээлэлд дурдсан байна.

Энэ нь нэг талдаа эхэн үедээ тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд эерэг нөлөөтэй ч эцэстээ төрийн өмчит компанийг үр ашиггүй ажиллах, хувийн хэвшлийнхэнд өндөр үнийн дарамт бий болох нөхцөлийг бүрдүүлэх эх үндэс болох сөрөг талыг үүсгэж байна.

Тиймээс газар тариалангийн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг түргэтгэх нь урт хугацаанд үр ашиг бий болгохуйц оновчтой, алсын хараатай бодлого хэрэгжүүлэхийн тулд уг салбарт төр өөрийн оролцоогоо багасгаж, төр хувийн хэвшлийн түншлэлийг зохист түвшинд аваачих шаардлага байна.

Энэ хүрээнд:

- Газар тариалангийн бүс нутаг дахь дэд бүтцийг асуудлыг цогцоор нь шийдэх буюу зам, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх нь төрийн үүрэг гэж үзэх
- Үрийн аж ахуйг төр бодлогоор дэмжиж, зөвхөн үр тариалдаг, аж ахуйн нэгжид урамшуулал олгох эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх,
- Газар тариалангийн бүс нутгийг түшиглэсэн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нөгөө талаас энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх сургалтын баазыг бий болгон хөгжүүлэх,
- Тариалангийн талбайг бордох, тариалангийн нэгж талбайн өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр нэг ч дорвитой ажил хийгдэхгүй байгаа тул төр өөрийн үүргээ гүйцэтгэн хөрс, газраа хамгаалах, дотоодын бордооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үржил шимийг нь сайжруулахыг шийдвэрлэдэг байх,
- Уг салбарт төр өөрийн оролцоогоо багасгаж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн импортын асуудалд оролцохгүй байх,
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод онцгой анхаарах,
- Тариалангаа даатгалтай болгох эрхзүйн орчныг сайжруулах гэх мэт асуудлуудыг хөндөж үзэх шаардлага байгааг Засгийн газар анхаарах ёстой.

Газар доороо асар их баялагтай, газар дээрх үржил шим бүхий хөдөө аж ахуйгаа бид зөв ашиглах шинэ хандлагыг өнөөгийн нөхцөл байдал биднээс шаардаж буйг анзаарах биз ээ.
Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг үйлдвэрлэлийн салбарын бодлоготой уялдуулах замаар хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тухай УИХ-аас 2015 онд баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлж,хөдөө аж ахуйн хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох эрх зүйн шинэчлэлийн баримт бичгийг Засгийн газраас УИХ-д оруулах нь зүйтэй гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа

Ангилал


Twitter


Facebook