УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ /2017.04.13/

2017-04-13
|
Мэдээ

Монгол Улсын санхүү эдийн засгийн эрх мэдэл Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эрх мэдлээс гарсан юм байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголтой холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Төсвийн тодотголтой холбоотой хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр нийгмийн эрзэлзээ, бухимдлыг төрүүлсэн сөрөг үр дагавартай олон асуудлуудыг оруулсан байгаа учраас нийгэмд бодит мэдээллийг өгөх, зарим зүйлийг тодруулах үүднээс УИХ-ын даргаас дэгийн хуулийн дагуу тав хоногийн завсарлага хүссэн. Гэсэн ч гурван цагийн завсарлагыг Ардчилсан намын бүлэгт өгсөн юм. Асуудал нь цаг хугацаандаа байгаа биш тавигдаж буй шаардлагууд нь иргэдийн ажил амьдрал, нийгмийн нөхцөл байдалтай уялдсан зүйлүүд байсан учраас Ардчилсан намын бүлэг анхаарлаа хандуулж байр сууриа илэрхийлж байгаа гэдгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэлийн хурлын эхэнд хэлсэн.

Д.Эрдэнэбат: Монголын төр 70 мянган хүүхдийнхээ эрх ашгийг өөрсдөө шийдэх санхгүүгийн эрх мэдэлгүй болж байна

Төсвийн тодотгол ОУВС-гийн шаардлагаар гэж батлагдах гэж байна. Үнэмлэхүй олонхи санал нэгдээд кнопдоод дуусах юм шиг байна. Хамгийн гол нь төсвийн тодотголыг боловсруулахдаа эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг зөв дүгнэх ёстой байсан. Ардчилсан нам сөрөг хүчин ч гэсэн асуудлыг улдаж зогсоож хэт нэг талыг барих байр суурийг бариагүй. Иргэдийн ажил, амьдрал нийгмийн хандлагыг зөв дүгнэж үзэхийг эрх баригчдаас шаардаж байгаа юм.

ОУВС-гийн санхүүжилтийн хөтөлбөрийн хамгийн хүнд зүйл нь монгол орны нийгмийн бүх давхаргыг хөндсөн. Төсөв эдийн засгийн нөхцөл гэдэг нэрийн дор бүх төрлийн татварыг нэмэгдүүлж байна. Татвар нэмэгдэж нөгөө талдаа зардал нь өссөн. Ерөнхий сайд Э.Эрдэнэбат ард түмэн биш төр бүсээ чангална гэж хэлж байсан ч өнөөдөр яг эсрэгээрээ төр бүсээ суллаад ард түмний бүсийг чангалсан төсвийг оруулж ирсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлэгт өгсөн гуравхан цагийн завсарлагааны үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн НХ-ийн сайд Н.Номтойбаяр нартай бүлгийн гишүүд уулзсан. ОУВС-гийн суурин төлөөлөгчийг мөн урьсан, ирээгүй. Ирэхгүй байна гэдэг нь хөтөлбөрөө тулгаж байгаагийн хэлбэр. Б.Чойжилсүрэн сайдын хувьд "ОУВС-гийн даалгавараар гэдэг" ярьдаг зүйлээ л хэлж байсан. Үнэхээр хэн нь үнэн яриад байгаа учрыг олох шаардлага байсан.

Уулзалтын үеэр хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулчихаад одоо бүр 40 хувь болгож байгаа зөрүү нь 70 мянган хүүхдэд 17 тэрбум төгрөг. Бид хүүхдээрээ эдийн засгийн өртгийг нөхүүлэх болчихсон юм уу. 17 тэрбум төгрөгийн асуудлыг шийдээч гэдэг хүсэлт тавихад Сангийн сайд Б.Чойжилсүрэн сайд махийсан. Эндээс Монгол Улсын санхүү эдийн засгийн эрх мэдэл сангийн сайд Чойжилсүрэнгийн эрх мэдлээс гарсан юм байна. Монголын төр 70 хан мянган хүүхдийнхээ эрх мэдлийг өөрсдөө шийдэх эрх мэдэлгүй болж байгаа юм байна гэдгийг хэлсэн юм.
Мөн тэрбээр завсарлага хүсэх үеэрээ эрх баригчдаас иргэдийнхээ халаас, түрүүвчтэй холбоотой, өдөр тутмын хэрэглээтэй холбоотой асуудлыг эргэж хар гэж шаардлага тавьсан тухайгаа хэллээ.

Үүнд:

Бусдын гарт санхүүгийн эрх мэдлээ өгөхдөө хүүхдийн эрх ашгийг хасч болохгүй

1.Хүүхдийн мөнгийг хасдаг нь буруу гэдэг байр суурин дээрээ Ардчилсан намын бүлэг хатуу байна. Парламентад суудалтай эс суудалтайгаас хамаараад өмнөх засгийн газрын үед, эдийн засгийн ямар ч хүндрэлтэй байсан үед монголын бүх хүүхдэд хөрөнгө оруулалт хийнэ гэж хамтран шийдвэр гаргаж байсан. Хүүхдийн мөнгөнд 223 тэрбум төгрөг жил болгон зарцуулдаг. Энэ мөнгийг хамгийн үнэт зүйл болох хүүхдүүдээс тататлаа ядуураагүй. Бусдын гарт санхүүгийн эрх мэдлээ өгөхдөө хүүхдийн эрх ашгийг хасч оруулж ирж байгааг буруутгаж байна. бид хүүхдийн мөнгийг 100 хувь олгуулах талаар эрх баригчдаас дахин шаардана.

Эрх баригчид гадныхантай хамтарч ШОК-ын бодлого руу орсон

2.Тэтгэвэрийн насыг 5 жилээр уртасгаж, үүнийгээ дэлхийн жишигт нийцүүлж байна гэж тайлбарлаж байгааг буруу гэж үзэж байна. Тэтгэвэрийн насыг 65 хүргэх, дэлхийн жишиг гэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Дэлхийн жишгийн дундаж наслалтаас Монголчуудын нас доогуур. Дундаж наслалт нь 65 байдаг монголын ард түмнийг 65 настай тэтгэвэрт гаргана гэдэг нь дэндүү харгис бодлого. Монголын нөхцөл байдлыг дутуу үнэлж, эрх баригчид гадныхантай хамтарч ШОК-ын бодлого руу орсон .

Приус машины татвараас орж ирэх 10 гаруй тэрбум төгрөгөөр Монгол Улс өлдөөгүй

3. Хэрэглээний олон татварыг нэмэхээр оруулж ирсэн. Жирийн иргэдийн хэрэглээний хос тэжээлтэй автомашины татварыг хулгайгаар нэмэх гэж оруулж ирээд шийдэж байна. Өдөр тутмын өргөн хэрэглээ болсон приус машины татвараас орж ирэх 10 гаруй тэрбум төгрөгөөр Монгол Улс өлдөөгүй. Эрх баригчид 25-хан мянган төгрөгийн татвар гэж тайлбарлаж байна. Шинэ машины татвар 375 гээд 5 сая төгрөг хүртэлх татварыг ард түмний унаанаас авахаар шийдвэр гаргаж байна. Мэдээлэл үнэн байх ёстой.

Бид иргэддээ хуримтлал бий болгох бололцоог олгох ёстой

4.Иргэдийн татварын тухай асуудал. Хүн амын орлогын албан татварыг нэг шатлалтай болгоод 10 гаруй жил болж байна. Ингээд эдийн засаг хохироогүй. ажлын байр, Эдийн засаг муутай, хөдөлмөрийн нөхцөл муутайгаас ижил татвар авах ёстой гэж үзсээр ирсэн. Бид иргэддээ хуримтлал бий болгох бололцоог олгох ёстой. Ажлын байр бий болгоход тус болох ёстой. Хийдэг болгоноос нь мөнгө авч болохгүй. 25 хувь хүртэлх өндөр шатлалтайгаар татварыг авах гэж байна. Далд эдийн засгийг өдөөх анхны суурийг үүгээр тавьж байгаа юм.

5.Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед ажил олгогчдод асар том дарамж болж байна.

6.ОУВС-гийнхан төсвийн орлогоо нэмэгдүүл, зардлаа тана, алдагдлаа хас гэсэн. Гэтэл эрх баригчид яг эсрэгээр нь оруулж ирж байгаад харамсч байна.
450 цэргийн албан хаагчийг сургах боломжгүй гэсэн байдлаар төсөв орж ирсэн

7. Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гадаадад боловсрол эзэмшиж байгаа 450 цэргийн албан хаагчийг сургах боломжгүй гэсэн байдлаар төсөв орж ирсэн. Цэрэг офицеруудын нийгмийн халамж алдагдах нөхцөл байдал үүсч мэдэхээр байгаа тул Ардчилсан намын бүлэг төсвийн тодотгол дээр тав хоногийн завсарлага авах нь зүйтэй гэж үзэж байгаа.

З.НАРАНТУЯА: Гарцаагүй байдалд орсон гэдэг шалтгаанаар төсвийн алдагдлаа нэмээд байх юм бол эдийн засгийн хямрал цаашид удаан үргэлжилнэ
-Төсвийн тодотгол иргэдийн одоогийн орлогын хэмжээг бууруулахаар төлөвтэй орж ирж байна. Шатахууны онцгой албан татвар өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлнө.
Улс өөрөө хуримтлалтай болох бодлого байх ёстой. Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаа бол зэрэгцүүлээд улс өөрийн хуримтлалаа өсгөх бодлого баримтлах нь зөв. Харамсалтай нь, Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд байгаа бүх мөнгөө төсвийн алдагдал руу хийгээд, 2024 он хүртэл энэ хуулиудын үйлчлэх хугацааг хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, сандаа хуримтлал үүсгэхгүй гэсэн үг. Тэгэхээр улс өөрөө ч хуримтлалгүй болж, иргэдэд хуримтлал үүсгэх боломж олгохгүй болно. Ийм алдаатай бодлого төсвийн багц хуулийн эцсийн үр дүнд гарахаар байна.

Гарцаагүй байдалд орсон гэдэг шалтгаанаар төсвийн алдагдлаа нэмээд байх юм бол эдийн засгийн хямрал цаашид удаан үргэлжилнэ. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай явъя гэж байгаа бол алдагдлаа нэмэхгүй, зарлагаа бууруулж, орлогоо нэмсэн тодотгол батлах хэрэгтэй.

Энэ мэт шалтгааны улмаас төсвийн тодотголыг Ардчилсан нам дэмжих боломжгүй байна гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм.
Түүнээс Ардчилсан намынхан ОУВС-гийн хөтөлбөрийн хямд өртөгтэй эх үүсвэр авахыг эсэргүүцэж байгаа асуудал биш юм. Хөтөлбөрт хамрагдахын тулд бид макро зорилт, төсвийн тэнцлийн орчноо муутгах шаардлагагүй. Монгол Улс өөрийн гэсэн Засгийн газартай, мөнгөний бодлоготой улс. Ирэх гурван жилд алдагдлаа хэдий хэмжээнд бууруулах вэ гэдэг асуудал манай Засгийн газрын бодлого байх ёстой. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг хайж байгаа болохоос зөвхөн ОУВС-гийн хөтөлбөр гэдэг нэрийн дор улс өөрийн зорилтоо муутгах шаардлага байхгүй.

Б.ПҮРЭВДОРЖ: МАН-ынхан нийтээрээ инээж байгаад кноп дараад, шийдэж байх жишээтэй
-Аймаг сумын Засаг дарга нар нэг орлогчтой л байх ёстой. Гэтэл одоо зарим нь хоёр орлогчтой байна. Бид хоёр орлогчийн зардлыг хасах, дэд сайдын зардлыг хасах тухай санал гаргасан. Гэтэл МАН-ынхан нийтээрээ инээж байгаад кноп дараад, шийдэж байх жишээтэй. Эндээс энэ хүмүүст улс орны эдийн засгийг сайжруулах, иргэдийн амьдралыг сайжруулах хүсэл байна уу, үгүй юу гэдэг нь тод харагдаж байгаа юм.

 

Ангилал


Twitter


Facebook