ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

.

МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАН, “МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ ТӨСВИЙН  ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЯВУУЛСАН ТАЛААРХ ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ         

                                                                    

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлсэн.

Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод 2020 оны 08 дугаар сарын 18-наас 19-ний өдрүүдэд төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, гарсан санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд ирүүлсэн бөгөөд тус дэд хороо 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа эдгээр санал, дүгнэлтийг сонсож нэгтгэн санал, дүгнэлтээ Та бүхэнд танилцуулж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 12.0 их наяд төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 767.8 тэрбум төгрөгөөр буюу 6.8 хувиар, өмнөх оны гүйцэтгэлээс 1.9 их наяд төгрөгөөр буюу 18.4 хувиар өссөн. Харин  Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн  11.7 их наяд төгрөгт хүрч урд онуудаас огцом нэмэгдлээ. Төсвийн орлого нэмэгдэх тутам төсвийн зарлагаа нэмдэг байдал сүүлийн жилүүдэд хэт хавтгайрч байна.

Монгол улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэлээр нийт хөрөнгийн зардлын 1.4 их наяд төгрөг буюу 47.2 хувийг улсын төсөв, 137.4 тэрбум төгрөг буюу 4.6 хувийг концессын эргэн төлөлт, 96.6 тэрбум төгрөг буюу 3.2 хувийг стратегийн болон бусад хөрөнгийн санхүүжилт, 891.6 тэрбум төгрөг буюу 29.5 хувийг гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт, 468.5 тэрбум төгрөг буюу 15.5 хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгийн зардал тус тус эзэлж байна. Улсын төсвийн 2019 оны хөрөнгө оруулалт өмнөх онтой харьцуулахад төсөл, арга хэмжээний тоо 71.5 хувиар санхүүжих дүн 1.2 дахин буюу  931.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ. Гэвч улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт гажуудаж салбарын бодлого алдагдан, төлөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл арга хэмжээ батлах зөрчил ихэсчээ.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 2019 оны төсвийн хязгаарыг боловсруулж, Засгийн газрын 2018 оны 191 дүгээр тогтоолоор нийт 17 төсвийн ерөнхийлөн захирагчийн хөрөнгийн зардлын хязгаарыг 1.6 их наяд төгрөгөөр баталсан байхад тус төсвийн хязгаарт тусгагдаагүй 13.9 тэрбум, тус хязгаараас давуулж 673.6 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардлыг баталжээ. Засгийн газар Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн саналд тусгагдаагүй 266 төсөл арга хэмжээг төсвийн төсөлд нэгтгэн УИХ-д өргөн барьжээ.  Энэ нь салбарын хэмжээний хөрөнгө оруулалтын бодлого алдагдаж, төсөл арга хэмжээг хэрэгцээ, шаардлага, үр ашгаар нь эрэмбэлэх төлөвлөлтийн тогтолцоо бүрдээгүй, эрх зүйн зохицуулалтаа чанд мөрдөж ажилладаггүйг батлан харуулж буй нэгээхэн жишээ юм.
Засгийн газар Төсвийн ерөнхийлөн захирагчдаас төсвийн саналд ирүүлсэн 5.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 2248 төсөл, арга хэмжээг хассан хэрнээ тэдний саналд тусгаагүй 262.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 266 төсөл, арга хэмжээг нэмж, УИХ-д өргөн барьсан байна. Энэ нь салбарын бодлогоос ангид төсөвлөлтийн шаардлага хангагдаагүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, татвар төлөгчдийн хөрөнгийг үрэн таран хийж байгаагийн илрэл юм.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд төсөвлөлтийн шаардлага хангаагүй 538 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталжээ. Төсвийн тухай хуульд зураг төсөвгүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл арга хэмжээг баталж байгаа нь төсвийн төлөвлөлтийн зарчим алдагдсаныг батлан харуулж байна.

УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын нийгмийн тогтвортой хөгжлийг хангах зарчимд “нийгмийн үйлчилгээнд зарцуулж буй улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг хүн амын тоотой уялдуулж төлөвлөх”-өөр заасан. Монгол улсын сум, дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн барилгын хүчин чадлыг норматив хэмжээтэй, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын хүчин чадлыг суралцаж буй хүүхдийн тоотой харьцуулж үзэхэд: Барилгын хүчин чадал норматив хэмжээнээс хэтэрсэн сургууль 159 сум, 4 дүүрэгт, суралцаж байгаа хүүхдийн тооноос барилгын чадал нь хэтэрсэн цэцэрлэг 10 суманд байх жишээний.  Энэ нь цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төлөвлөх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын хэрэгцээ, шаардлагыг амьдралд нийцүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Төсөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг баталснаар гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх шалтгаан болж байна. Барилгын зураг төсвийг иж бүрэн боловсруулж, магадлангаар баталгаажуулаагүй төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх шалтгаан болж байна. Мөн газрын зөвшөөрөл нь гараагүй, техникийн нөхцөл олгогдоогүй байхад төсөл арга хэмжээг хуульд тусгасан нь тайлант онд бүрэн хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн, барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлсэн зөрчил түгээмэл байна.

Өмнөх онуудад эхэлж он дамжин үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хуульчилсан 89.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 58.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан 30 төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд тусгахгүйгээр орхигдуулсан нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулж буй бодит жишээ юм.

Ийнхүү дээр жишээлэн дурдсанаас харвал хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөлтийн талаарх төрийн байгууллагуудын ажлын уялдаа туйлын хангалтгүй, эрх зүйн чадамж, хариуцлага тооцох асуудал туйлын сул байгаа нь төсвийн хөрөнгө алдагдах нөхцлийг бүрдүүлсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна. Төсвийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.4.1-т "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", 6.4.2-т "төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх зэрэг чухал заалтууд огт мөрдөгдөхгүй болсон  нь харагдаж байна.

Улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй нийцүүлэн баталж, салбарын түвшинд төлөвлөөгүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг төсөвт суулгадаг зөрчлийг зогсоож, эрх зүй, хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай байна.

Мөн Засгийн газрын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар зээл тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд бий болсон хөрөнгийг санхүүгийн тайланд бүрэн тусгаагүй, дампуурсан банк, хадгаламж зээлийн хоршооноос авах болон дамжуулан зээл, Засгийн газрын тусгай сангуудын хугацаа хэтэрсэн авлагын үлдэгдэлтэй, зарим байгууллагууд гадаад зээлийн өглөгийг санхүүгийн тайландаа өглөгөөр бүртгээгүй зэрэг зөрчлүүд байсан нь “хязгаарлалттай дүгнэлт” өгөх үндэслэл болсон байна.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар аудитын дүгнэлтээр илэрсэн алдаа зөрчлийг арилгах арга хэмжээ авч, дүнг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх, мөн Монголбанкнаас банкуудад хийсэн эрсдэлийн үнэлгээ, хяналт шинжилгээний дүнд үндэслэн төрийн мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах бодлого боловсруулах, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайланд олон жил бүртгэлтэй дуусаагүй барилгуудын асуудлыг эцэслэн шийдвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй байна.

    Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

    “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73.4.2-т заасны дагуу Улсын Их Хурлын Байнгын хороод хэлэлцээд, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд ирүүлсэн.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтэд Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн талаарх Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах,  төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, Эрүүл мэндийн сангийн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулдаг байх, мөн аудитын дүгнэлт хийх, зөвлөмж өгөх дүрэм, журмыг цаашид анхаарах нь зүйтэй, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтэд Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл хамтарч Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигтэй хэрхэн уялдаж байгаа талаар аудитын дүгнэлт гаргадаг байх нь зүйтэй гэсэн байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтэд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээн ажлын зураг, төсөвт ихээхэн мөнгө зарцуулагдаж байгаа тул нэгдсэн нэг зураг, төсөвтэй болох, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан элсэлтийг зохион байгуулж, багш нарыг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах орчинг сайжруулж, ажлын байрыг бий болгоход анхаарах, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтэд махны экспортод эдийн засгийн зөв, оновчтой бодлого барих, үндэсний үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэх, улс төрийн бодлого, шийдвэрээс хөдөө аж ажуйн салбарыг ангид байлгах, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг бодлогоор дэмжих нь зүйтэй гэсэн саналуудыг тусгасан байна.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар гаргасан аудитын дүгнэлт болон Байнгын хороодын хуралдааны санал, дүгнэлтэд тусгагдсан асуудлуудын хэрэгжилтийг ханган, дүнг Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй байна.

"Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ. Тогтоолын төслийн тогтоох хэсэгт тусгагдсан “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг” гэснийг  “73 дугаар зүйлийн 73.6 дахь хэсэг”  гэж өөрчлөн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан,  "Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн, тогтоолын төслийг баталж өгнө үү.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН
ДЭД ХОРООНЫ ДАРГА                                          Б.ПҮРЭВДОРЖ

2020-08-27