АН-ын бүлэг Засаг, захиргаа, нэгжийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг УИХ-ын даргад хүргүүлнэ

.

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээсэнтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцсон юм.

2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД  ТӨСВИЙН АЛДАГДАЛ 10.7  ХУВЬ БАЙГАА НЬ ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ТОО

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ээлжит бус чуулганаар анхаарлаа хандуулж хэлэлцэх ёстой хамгийн гол асуудал бол Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудал. Сөрөг хүчний зүгээс өмнө тодотгол хийхийг эрх баригчдаас олон удаа шаардаж байсан боловч хойшлуулсны эцэст өнөөдөр оруулж ирж байна. Одоогийн төсөв батлагдах үед Дэлхийн хэмжээнд тархаад буй COVID19 цар тахал дэгдээгүй байсан. Гэтэл төсвийг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Монгол улсын хувьд 2020 оны эхний хагас жилд 10.7 хувийн алдагдалтай байна. Энэ бол түүхэнд байгаагүй алдагдал. Улс орны байдал хүнд байна. Эрх баригчдын хувьд ард түмний амьдрал ахуйд анхаарахгүй байна. Зөвхөн шат шатны сонгуульд анхаарсан шийдвэрүүд гаргаж байгаа учраас Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ асуудлаар анхаарч ажиллана гэж байр сууриа нэгтгэлээ.

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН  ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХОЙШЛУУЛНА

Монгол улсын хэмжээнд орон нутгийн нэгж, аймаг сум, баг дүүрэг бүгд ирэх он жилүүдэд ямар байх вэ гэдгийг ирэх 10 дугаар сард болох орон нутгийн сонгуулийн хуультай давхцуулан шийдвэрлэх гэж байгаа нь ямар нэгэн байдлаар улстөржилт бий болгоно гэж бүлгийн гишүүд үзэж байна. Ер нь бол энэ хуулийг шинэчилж батлах нь зайлшгүй. Гэхдээ ээлжит бус чуулганаар яаран сандран биш ээлжит чуулганаар нягт нямбай, улс төрийн өнгө аясгүйгээр, тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийг, ирээдүйг харж батлах нь зүйтэй. Тиймээс тус хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналыг бүлгийн гишүүд гаргалаа. Харин Ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг дэмжинэ гэдэгт санал нэгдлээ.

Хуралдааны дараа Бүлгийн дарга Д.Ганбат болон бусад удирдлагууд эдгээр асуудлуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

БҮЛГИЙН ДАРГА Д.ГАНБАТ: ЭРХ БАРИГЧИД ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА

Дэлхийн бусад улс орнууд хэд хэдэн удаа төсвийн тодотголоо хийсэн байхад хийхгүй хойшлуулж явсаар одоо үнэнд гүйцэгдэж, эрх баригчид ээлжит бус чуулган ийнхүү зарлалаа. Мөн төсвийн тодотголоос гадна ард түмний анхаарлыг өөр тийш нь хандуулсан байдал үүсгэж байна. Жишээлбэл: Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль. Энэ хууль 2022 оноос хэрэгжинэ.Гэтэл Орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчид тодорч, төрийн албан хаагчид ажлаасаа чөлөөлөгдөн сонгуулийн ажилдаа орсон байхад, хуулийг хэлэлцэхээр оруулж ирсэн нь цагаа олоогүй байна гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна. Уг хуулийг хэлэлцэх бол шаардлагатай. Гэхдээ орон нутгийн сонгуулийн дараа, намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс Ардчилсан намын бүлэг УИХ болон эрх баригч намд албан хүсэлт гардуулахаар шийдвэрлэлээ.

Харин хамгийн зөв зүйтэй оновчтой зүйл бол Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх асуудалд орж ирсэн байна. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах хөтөлбөрөө нэн яаралтай хэлэлцэж төсвийн тодотголтой хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг бол дэмжиж байна.

ДЭД ДАРГА Б.БЕЙСЕН: ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ ХУДАЛ ШОУ ХИЙЖ, ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙНА

Төсвийн тодотголтой холбоотой гол тулгамдаж байгаа асуудал бол боловсрол эрүүл мэндийн төсвүүд, царцаасан барилгууд, байгаа. Энэ бүгдийн тодотголын хэрхэн яаж шийдэж байгаа тухай бид анхаарах ёстой. Нөгөө талаар орон нутгийн сонгууль дөхсөн энэ үед Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Үндсэн хуулийг зөрчиж нилээд хэдэн асуудал гаргаж байна. Энэ нь орон нутгийн сонгуулийн өмнөх шоу бөгөөд, иргэдийг төөрөгдүүлэх хэлбэр гэж харж байна.

 

 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ: ЗАСАГ ЗАХИРГАА, НЭГЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ СОНГУУЛИЙН ЯВЦТАЙ ДАВХЦУУЛАХ  БОЛОМЖГҮЙ

1992 онд шинэ ардчилсан үндсэн хууль батлагдаж, түүний дагуу Монгол улсын нийт нутаг дэвсгэр, түүн дээр байгаа засаг захиргааны нэгж, түүний удирдлагыг сонгох тухай хууль баталж, үүнээс хойш 30 орчим жил хуулиа мөрдөж ирсэн. Мөн 2004 онд багахан хэмжээний засвар орсон. Харин саяхан өнгөрсөн 5 дугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой. Энэ хууль бол үндсэн хуулийн дараа орох томоохон хуулиудын нэг. Энэ хууль батлагдсанаар Монгол улсын 300 гаруй хуульд өөрчлөлт орох тооцоо судалгаа бий. Тийм учраас ээлжит бус чуулганаар яаран сандран батлах гэж байгааг буруу гэж үзэж байна. Түүн дотроо зарим зүйл заалт бол Монгол улсын Үндсэн хуулинд заасан зарим өөрчлөлттэй зөрчилдөн орж ирж байгаа нь буруу. Ер нь энгийн жишээнээс авахад орон нутагт баг хороо, сум дүүрэг, аймаг нийслэлийн нутаг дэвсгэрээ, түүний удирдлагыг, нутаг орон хэрхэн хөгжих, ямар үзэл баримтлалтай байх вэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүн бол нутгийн зон олон, иргэд, албан байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага гэх мэт нийгмийн харилцаанд орж буй тэдгээр хүмүүс л хамгийн сайн мэднэ. Тэд ирэх он жилүүдэд сонгуулийн циклийн хугацаанд ямар нам эвсэл, ямар удирдлага, ямар ажлыг хийж чадах вэ гэдгийг өнгөрсөн болон ирээдүй, хийсэн хийгдэж байгаа ажлуудаас дүгнэж цэгнэх нь нутгийн удирдлагын хамгийн том эрх мэдэл гэж үзэж байна.

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын алба

2020-08-17