Д.Эрдэнэбат: Үнэмлэхүй олонх бодлогогүй байдлаасаа болж АРДЧИЛСАН ТӨРИЙГ НУРААХ хэмжээнд хүрэх шахсан

2020-05-29
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын явуулсан бодлого шийдвэрт ямар дүн тавьж байгаагаа зарласан. Бодит бүтээн байгуулалт хийгээгүй, бодлогын алдаатай ажилласан он жилүүдийг ардаа үлдээлээ гэдэг дүгнэлт өгсөн. Ямар үндэслэлээр ийм дүгнэлт хийсэн бэ?

-2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, үнэмлэхүй олонх суудал өгсөн. Нэг намаас 65 гишүүн сонгогдсон тоо парламентын түүхэнд дахин давтагдах уу. Эрх баригч улс төрийн хүчин эдийн засгийн хамгийн таатай орчинд ажилласан дөрвөн жил байлаа. Эдийн засгийн өсөлтийн тооцоогоор бол иргэдийн амьжиргаа дундаж түвшинд хүрэхээр. Бүтээн байгуулалт хийх бодлого баримталсан бол олон сайхан үйлдвэр байгуулж, дэд бүтцээ шийдчих хугацаа өнгөрлөө. МАН эв нэгдэлтэй, нэгдсэн бодлоготой улс орныхоо төлөө ажилласан бол улс орны хувь заяа илүү өөдрөг болох байлаа. Өнөөдрийн бодит байдалтай энэ бүгдийг харьцуулбал ялгааг нь олж харж чадна. Эрх баригчид ард иргэдэд том олон амлалт өгсөн. Энэ амлалтуудаас хэрэгжсэнийг нь олж харна гэвэл хэцүү.

Өнгөрсөн дөрвөн жилд Монгол улсын иргэдийн эвтэй найртай байх, төрийн албан хаагчдын ёс зүйтэй байх хэмжүүр алдагдсан. Энэ хугацаанд үнэмлэхүй олонх бодлогогүй байдлаасаа болж ардчилсан төрийг нураах хэмжээнд хүрэх шахсан. Өөрөөр хэлбэл, чөлөөт зах зээл, хувийн өмч, хүний эрх, хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү хэт халдаж, улс төрийн хүчирхийллийн хэлбэрийг харуулж эхэлсэн хандлага үүссэн. Үүнийг хэвлэл мэдээллийнхэн, иргэд, бизнесийнхэн анзаарч байгаа. Ийм дөрвөн жилийг бид үдэж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэгт энэ замбараагүй бодлогогүй, хүчирхийлсэн байдалтай улс төрийн хүчнийг яаж барих вэ гэдэг байдал үүссэн. Тодруулж хэлбэл ардчилсан төр, ардчилсан Үндсэн хуулиа хамгаалахын төлөө Ардчилсан нам ажилласан. Гүтгэлэг, доромжлол гээд олон араншинг эрх баригчид гаргасан. Сүүлийн үед Ерөнхий сайд, УИХ дарга захирсан хандлага руу орж байгаа нь илүүтэй анзаарагдах болсон. Энэ зөв хандлага биш. Бид алдаа оноо олонтой ардчиллын 30 жилийг туулж өнгөрүүлэхдээ ард иргэдээ сонсч, иргэдийнхээ эрх чөлөө, эдийн засгийн нөхцөл байдлыг бууруулчихгүйн төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж ирсэн.
Бид бүлгийн дүгнэлтдээ тодорхой жишээнүүдийг дурдсан. Нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй. Нэгдсэн төсөв гэдэг нэрийн дор маш их мөнгийг хулгай луйвар, авлигын замаар орууллаа.

Төрийн албан хаагчдын ёс зүй дордож доод цэгтээ хүрсэн. Цүнх барьдаг баахан нөхдүүд албан тушаал хашиж, төрийн үйл ажиллагааг доголдуулсан. Төрийн байгууллагуудад хариуцлагагүй байдал их гаарсан. Төрийн байгууллагын байранд хүн амь насаа алдсан. Архидалт асар их байсан. Эрх баригчдын ам ажлын зөрүү их байсан гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчин үүргээ хэр гүйцэтгэсэн бэ. Бүлэгтэй байж байгаад явцын дунд гишүүд гарч бүлэггүй ч болж үзлээ?

-76-гаас ес гэдэг бол хэт үнэмлэхүй цөөн тоо. Дөнгөж бүлэгтэй байх хэмжээнд байсан, сүүлдээ долоо болсон. Үлдсэн долоон гишүүн маань ардчиллын үзэл баримтлалдаа тууштай хүмүүс гэж бодож явдаг. Манай гишүүд энэ дөрвөн жилийн хугацаанд ардчиллыг хамгаалахын төлөө, ардчилсан Монгол төр байгаасай, чөлөөт зах зээл байгаасай, хүний эрх, эрх чөлөө хангагдаасай гэсэн байр сууринаас дуу хоолойгоо илэрхийлж ирсэн. Бидний олон санаачилсан хууль, санаачилгыг эрх баригчид хэрэгсээгүй. Гэхдээ хэрэгсэхгүйдээ асуудал биш, бид энэ хандлагыг байнга сануулж шүүмжлэлтэй хандаж байсан нь бидний үүрэг. Эрх баригчид өөрсдийнхөө хийсэн буруу болгоныг өнгөрсөн рүү “чихэж” дөрвөн жилийг үдлээ.

Аливаа улс төрийн хүчин эрх мэдэл авсан бол урагшаа хараад ажлаа хийх ёстой. Өнгөрснөөс илүү сайхныг хийх ёстой болохоос биш өнгөрснөө шүүмжилчхээд өөрсдөө ажил хийхгүй байж болохгүй. Энэ парламентын хугацаанд Ардчиллын хамгаалсан жилүүдийг өнгөрөөлөө гэхэд болно.

-Энэ парламент янз бүрийн шүүмжлэл сонсч байгаа ч гэсэн түүхэнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэдгээр үлдэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс хүчин төгөлдөр болж, энэ сарын 25-наас мөрдөгдөж эхэлнэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа эрх баригчид Монгол төрийн тогтолцоог өөрчлөх вий, парламентын зарим нэг зүйлийг сулруулахаар зүйл заалт тусгагдах вий гэдэг болгоомжлол байсан учраас тодорхой үндэслэлтэй саналуудыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг анхнаас нь тавьсан. Сонгодог парламентын хэлбэр хадгалагдаж үлдэх нөхцөл дээр саналаа гаргаж, ажилласан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шийдсэн, ахицтай зүйл бий. Гэхдээ дутуу. Хууль хэрэгжиж эхлээд үйл ажиллагаа явуулахад зөрчилдөх олон заалт орсон. Тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас Үндсэн хуулийн “мэдэгтүн, сахигтун” нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлж байна.

Үндсэн хуульд заагдсан төрийн байгууламж, байгууллагууд Үндсэн хуулийг яс мөрдөж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой. Тодруулбал, УИХ, Засгийн газар, шүүх, аудит гэсэн дөрвөн байгууллага 25-ны өдрөөс Үндсэн хуулиа дагаж мөрдөх үүрэгтэй. У.Хүрэлсүхийн Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу өөрчлөх үүрэгтэй. Хэрэв үүнийг өөрчлөхгүй бол Үндсэн хуулийн зөрчил, хямрал эхэлнэ. Маргааны сэдэв өргөн болно. Бид Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх шаардлагыг эрх баригчдад тавьж байгаа.

Эрх баригчид сүүлийн дөрвөн жил олон хуулийг зөрчиж ирсэн. Үнэмлэхүй олонх хуулийг яаж хэрэгжүүлэхээ мэднэ гэдэг араншин гаргасан нь ирээдүйд нүүр тулах хямралын үүдийг нээж болзошгүй.

-Танай бүлгээс ямар ямар заалт дээр санал оруулсан бэ?

-Сонгодог парламентын хэлбэр лүү оруулахын тулд бидний санаачилсан хэд хэдэн зүйл заалтыг хүлээж аваагүй. Нэгдүгээрт, сонгуулийн тогтолцооны асуудал. Бие биеэ гүтгэдэг доромжилдог, мөнгөөр сонгуульддаг, жалга довны үзэл гаргадаг мажоритор тогтолцоо болохгүй юм байна. Нам гэдэг институцийг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн юм чинь пропорционал сонгуулийн тогтолцоог зөвшөөрч, улсын хөгжлийн бодлогын тухай асуудлыг энэ сонгуулиар нээе гээд чадаагүй. Эрх баригчид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Хоёр дахь нь сонгодог парламентын нэг хэлбэр бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог асуудал. Энэ хоёр үндсэн суурь зарчим унасан. Тийм учраас бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт түүхий боллоо гэж үзсэн. Биднийг энэ хэлбэр лүү явж байна гэж бодох хэрэгтэй.

Орон нутгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр хот тосгоны эрх зүйн статусыг ярьснаас биш яг орон нутгийн бие даасан байдал, тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн хөгжлөөс улбаатай. Харамсалтай нь энэ бүхэн тусгагдаж чадаагүй. Гэхдээ салхивч нь хагас онгойсон. Засаг захиргааны нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль парламент дээр хэлэлцэх эсэх шийдэгдээд зогслоо. Үүнийг шинэ парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн бүх боломжийг бүрэн ашиглаж батлах ёстой. Өөрөөр хэлбэл, нутгийн иргэд нутагтаа сайхан амьдрах, нутгийнхаа хөгжлийг өөрсдөө хангаж өгөх, нийгэм, эдийн засаг, эрх зүйн бүх зохион байгуулалтыг шинэ хуулиар хийхээс биш хуучнаар захиргааны маягаар хандаж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Шинэ парламентад үүнийг хийж чадах мэдлэгтэй боловсролтой, чадвартай сонгогдоосой гэж хүсч байгаа.

-Давхар дээлээ тайлаач ээ, та нар. Хуулийн зөрчил үүслээ гэдэг асуудал яригдахаар “Хууль зөрчөөгүй ээ. Журмын тухай хуулиар зохицуулсан байна” гээд хуулийн маргаан үүсээд улс төрийн түвшинд үл ойлголцолтойгоор УИХ-ын сонгууль руу орох гээд байна?

-Гүйцэтгэх засаглалыг бужигнуулаад, улс төржүүлээд байгаа юм биш. Хууль мөрдөх тухай, тэр дундаа Үндсэн хуулийг мөрдөх тухай асуудал. Хэрэв эрх баригчид энэ Үндсэн хуулийн хэрэгжилтийг сонгуулийн дараа хийе гэж бодож байсан бол тавдугаар сарын 25 биш долдугаар сарын 1 гэж болгох байсан. Ингэж хийгээгүй. Сонгууль болоход нэг хоног дутуу байсан ч гэсэн хэнбугай ч Үндсэн хуулиа мөрдөх үүрэгтэй. У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хуульд нийцүүлж бүрэлдэхүүнээ өөрчлөх тухай асуудал. Үндсэн хуулийг тавдугаар сарын 25-нд мөрдөнө, сахина гэж тунхагласан бол үүгээрээ явах ёстой. Энэ бол сонгууль угтсан улс төржсөн асуудал биш.

Үүнийг хийхгүй бол эрх баригчид Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг асуудалд хэзээ нэгэн цагт орно. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль бол бусад дагалдан гарах хуулиудын тухай асуудал. Түүнээс биш Ерөнхий сайд, Засгийн газартай холбоотой асуудлыг Үндсэн хуульд нарийвчлан заагаад өгчихсөн учраас үүнийг мөрд гэж шаардаж байгаа.

-Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаад хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Хөл хорионоос үүдэлтэйгээр ялангуяа хувийн хэвшил нэлээд хүнд цохилт амсаад байна. Эдийн засагт учирч буй хүндрэлийг даван гарах ямар боломж бололцоо байна гэж Ардчилсан нам харж байгаа вэ?

-Цар тахлын үед үүсч байгаа эдийн засгийн хүндрэлийн асуудлаар олон саналыг УИХ, Засгийн газарт тавьсан. Шийдэгдсэн зүйл тун хомс. Зөвхөн нийгмийн хамгааллын чиглэлийн асуудлыг шийдсэнээс бус эдийн засагтай холбоотой нэг ч асуудлыг шийдээгүй. Өнөөдөр эдийн засаг маш эрчимтэй хумигдсан. Экспортын орлого буурсан, төсвийн зардал санхүүжилтийн мөнгөгүй болсон. Бизнесийн орчин уналтад орчихлоо. Таван мянга байсан ажилгүйдлийн тоо 50 мянга хүрчихлээ. Ажилгүйдэл ихэснэ гэдэг бол бидний амьдрал цаг минутаар хүндэрч байна гэсэн үг.

Тийм учраас нэгдүгээрт, нийт иргэдээ ялгаварлахгүйгээр, хоёрдугаарт, нийт бизнес аж ахуйн нэгжүүдээ энэ төр яаж эдийн засгаа авч явахад нь дэмжлэг үзүүлэх ёстой вэ гэдгээ шийдвэрлэх ёстой байсан. Харамсалтай нь шийдэж чадаагүй. УИХ завсарласан. Төсвийн зарим нэг эрх мэдлийг хууль зөрчиж, Засгийн газарт өгсөн.

Гэтэл Засгийн газар яг үнэндээ сонгуульд зориулсан мөнгө л гаргаж байна. Ноолуурт 300 тэрбум төгрөг. Кг-ыг нь 100 мянган төгрөгөөр авна гэсэн өнөөдөр хэрэгжээгүй. Ч.Улаан сайд “уучлаарай” гээд ярилцлага өгсөн байна лээ. Энэ уучилдаг асуудал биш, эдийн засгийг улс төрийн шоу болгосны гор өнөөдөр гарч байна. Гарааны үнэ нь 80 мянга байхад нь үйлдвэрлэгчид нь 300 тэрбумаа өгсөн бол малчид ноолуураа борлуулах боломж байсан. Гэтэл өнөөдөр 40, 50 мянга руу уначихлаа. Ингэж эдийн засгаар тоглож болохгүй.

Мөн тариаланч, ногоочдод 150 тэрбум төгрөг өгнө гэсэн, өнөөдрийг хүртэл асуудлыг шийдээгүй. Бүтэн хоёр сар өнгөрчхөөд байхад эдийн засгийн хүндрэлийг шийдэхгүй байна. Иргэн бүрт нэг сая 260 мянган төгрөгийг өгье гэсэн шийдээгүй. Улс орон бүр ийм шийдвэр гаргасан, хэрэгжүүлээд явж байна. Нэг удаа төрөөс дэмжээд хэсэгчлээд зохицуулалт хийе гэсэн байхгүй. Аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг нээж өгье. Өндөр хүүтэй зээлийг нь хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлээд зөрүүг нь мөнгөний бодлогоор шийдээд өгье гэсэн санал гаргасан. Эдийн засгийн эрсдэл маш өндөр байгаа. Хугацааг сунгах тусам эдийн засгийн хүндрэл, хямрал улам гүнзгийрнэ. Үнийг шийдэх гаргалгаа Засгийн газар байхгүй нь маш буруу.

Монголчууд төрийг хүндэлдэг суурь хүмүүжилтэй ард түмэн. Төр юу гэж хэлнэ түүнд итгэдэг, үнэмшдэг ард түмэн. Гэтэл тэр итгэлийг энэ өвчнөөр далимдуулж ямарваа нэгэн байдлаар хаах, айлгах гэсэн оролдлогыг хийж болохгүй. Төр эдийн засаг дээр шуурхай арга хэмжээг авахгүй бол эдийн засаг зогсоно. Өнөөдөр нүүрс 50 хувьтай гарч байна. Энэ ололттой тал. Гэхдээ болохгүй байгаа талаа анхаарахгүй бол бүгд нэг мэдэхэд сөхөрч унана шүү. Үйлчилгээний бүх байгууллагууд юу ч байхгүй. Тэг зогсолт хийж байна. Жижиг дунд бизнес худалдаа эрхлэгчдийн 80-90 хувь нь хамрагдаж байгаа. Яаж амьдрах юм. Эдийн засагт байгаа мөнгөний эргэлтийг зохицуулж, хоорондын үйл ажиллагааг жигдлэхийн тулд төр л арга хэмжээ авахгүй бол өөрсдөө хийх чадамжгүй болсон байна.

-Өрхийн орлогыг дэмжих үүднээс хүүхдээр нь дамжуулж 100 мянган төгрөг өгч байгаа. Олон нийт үүнийг талархалтай хүлээн авч байна. Засгийн газрын зүгээс эдийн засгийн боломждоо тааруулсан арга хэмжээ шиг харагдаад байгаа. Танай намаас иргэн бүрт сая гаруй төгрөг олгооч ээ гэдэг санал гаргасан. Энэ саналыг зарим хэсэг нь дэмжсэн ч нөгөө талд нь сонгуулийн өмнө олон нийтийн дэмжлэгийг авах гэсэн оролдлого гэж шүүмжилсэн?

-Хүүхдийн мөнгийг 100 мянга болгож байгааг дэмжиж байгаа. Хүүхдийн мөнгийг Ардчилсан нам анх санаачилсан. Болно болохгүй гэсэн шүүмжлэл их дагуулсан. Эрх баригчид 2016 онд хүүхдийн мөнгийг өгөхгүй гээд зогсоож байсан. Ардчилсан намын санаачилсан зүйл учраас бид үргэлж дэмжиж ирсэн. 100 мянга төгрөг өгөх нь зөв гэдэгтэй хэн ч маргахгүй.

Эрх баригчид эдийн засгаа хадгалж, хамгаалж үлдэхийн тулд 5.1 их наяд төгрөг гаргана гэж зарласан. Долоон суурь арга хэмжээний ихэнх нь нийгмийн хамгааллын чиглэлийнх байсан. Энд эдийн засгаа сэргээх чиглэлийн асуудал огт байгаагүй. Нэг сая 260 мянган төгрөгийн талаар эерэг, сөрөг хандлагаар их яригдаж байна. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгийг гурван сарын хугацаанд олгох тухай. Нийт дөрвөн их наяд төгрөг зарцуулагдана. Ийм хэмжээний мөнгийг шийдчихсэн байхад бид нэг хэсэгтээ эдийн засгаа эргүүлээд байх юм байна гэсэн тооцоо. Тэгэхэд 5.1 их наяд төгрөг хаана яаж зарцуулагдаад байгааг нь мэдэхгүй. Эдийн засаг улам дордоод байгаа нь энэ бодлого буруу яваад байна гэдгийг илэрхийлж байгаа хэрэг.

Бидний үгийг эрх баригчид хүлээж авахгүй. Хэзээ нэгэн цагт ингэх шаардлага үүснэ гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ хоцорчихсон байх вий. Аливаа нэгэн зүйл хоцрохоороо хор уршигтай. Дэлхийн ихэнх улс орнууд ийм арга хэмжээг аль хэдийнэ авчхаад байна. Иргэдээ орлоготой болгохгүй бол асуудал хүндэрнэ гэдгийг ойлгоод арга хэмжээ авч хэрэгжүүлчхээд байхад манайх тийм боломж байхгүй гээд суудаг нь буруу.

-Дөрвөн их наяд төгрөгийг бэлнээр олгох боломж байгаа хэрэг үү?

-Төр юун дээр оршин тогтдог вэ гэхээр монгол хэл, нутаг дэвсгэр, монгол төгрөг. Монгол төгрөгөө бид хэвлэх үү, эргэлтэд оруулах уу, зогсоох уу, ашиглахгүй байх уу, гадны валют ашиглах уу гэдэг нь монголчуудын эрхийн асуудал. Энэ эрхээ эдлэх цаг болсон байна. 2012-2016 оны хооронд Ардчилсан нам эдийн засгийн маш хүндрэлтэй цаг үед ажилласан. Олон бүтээн байгуулалт хийсэн.

Гэхдээ эдийн засгийн тэр хүндрэлийг иргэд бие дээрээ дарамт болж амсаагүй. Тэр цаг үед бид мөнгөний бодлогыг явуулсан. Яагаад гэвэл тусгаар улс учраас бид үүнийг хэрэгжүүлэх эрхтэй байсан. Энэ Ардчилсан намын бодлого байсан. Ардын намын бодлого өнөөдөр зөвхөн төвлөрсөн төсөв дээр хэрэгжиж байна. Төвлөрсөн төсөв дээр эдийн засгийн бодлогыг багцад нь шийдэж чадахгүй. Эдийн засаг хүндэрч байгаа үед төсвөөс гадна мөнгөний бодлого хэрэгжүүлж, банк санхүүгээ зөв ажиллуулах механизм руу орохгүй бол эдийн засаг дахь мөнгөн урсгал тасарлаа.

-Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад улстөрчид, улс төрийн намууд нэг нэгийгээ харлуулах ажил олон нийтийн сүлжээн дээр нэлээн хавтгайрчихлаа. Бид улс төрийн намуудыг төлөвшүүлж цэвэршүүлэх ёстой юм байна гээд оношоо тогтоосон ч ажил болгож чадахгүй байна. Энэ парламент Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчилж амжих байсан уу?

-Улс төрийн намуудын хямралын үе эхэлсэн байна гэж харж байгаа. Улс төрийн намууд анх байгуулагдахдаа үзэл бодлын гэхээсээ илүү эрх ашгийн нэгдэл байсан байна гэдэг нь бүх намууд дээр харагдаж байна. Ардчилсан намын хувьд үзэл бодлын төлөвшил, хамгаалах зүйлүүд гээд суурь зарчим руугаа орж эхэлж байна. Үүнийг Ардчилсан намын шинэчлэл гэж харж байгаа. Өмнө нь олон өөр санаатай, эрх ашигтай хүмүүсийн нэгдэл бүх улс төрийн намуудад байсан. Үүнийг цэгцрээсэй гэж бодож байна.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “нам байна, нам улсын хэмжээнд бодлого боловсруулж хэрэгжүүлдэг байна” гээд албан ёсоор тусгасан. Улс төрийн намуудын тухай хуулийг Үндсэн хуулийн зарчим нийцүүлж өөрчлөх хэрэгтэй. Тодорхой үзэл баримтлалтай нам байх ёстой. Итгэл үнэмшлийг хүлээн зөвшөөрсөн цөөн тооны гишүүнчлэлтэй, бодлого боловсруулах чадвартай, үзэл баримтлалаа сургадаг институцтэй болсон цагт жинхэнэ намын тухай ойлголт ярина. Нам хуулийн үзэл баримтлал дээр ажиллаж байгаа, энэ хандлага руу явуулж байгаа.

Манай улс парламентын засаглалтай улс мөн юм бол төрийн бодлого нь улс төрийн намаар дамжиж хэрэгждэг дэлхийн жишгийг дагахаас өөр арга байхгүй. Бид иргэдийн төлөөллөөрөө, үзэл бодлоороо ялгарсан, бусдын үзэл бодлыг хүндэлдэг тогтолцоо руу эрх зүйн хувьд Монгол Улс баталгаажиж орох орон зай дутуу байна гэж харж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр намууд нийт иргэдийн нэг хувийг авна гэж зааж, 2028 оноос хэрэгжихээр заасан. Улс төрийн намуудын тухай хуулийг 2028 оноос өмнө өөрчилж, хуулийн дагуу шинэчлэл явагдана.


Эх сурвалж: Ардчилал таймс сонин

Ангилал


Twitter


Facebook