Б.Пүрэвдорж: Ардын намынхан татвар нэмэхгүй гэсэн амлалтаасаа ухарсан

2017-04-10
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Муу төсөв оруулж ирснийг та шүүмжилж байсан. Төсвийн тодотгол хийх шаардлага үнэхээр байсан уу?

-Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад заавал төсвийн тодотгол хийх шаардлага байсан уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй байдалд хүргэж байна. Төсвийн тодотгол Олон Улсын Валютын сантай хийсэн хэлэлцээрийн үр дүнд орж ирж байгаа. Гол нь төсвийн урсгал зардлыг нэмэх гэж төсвийн тодотголыг оруулж ирсэн болов уу. Улсын төсвийн тодотгол дандаа сайжирч батлагддаг. Гэтэл энэ удаагийн төсөв муу болж орж ирлээ. Эндээс харахад Олон Улсын Валютын сантай хийсэн хэлэлцээр үр ашиггүй болсон байна гэдэг нь харагдаж байна. Ард түмэнд дарамт учруулсан, амьжиргаанд муу нөлөө үзүүлсэн төсөв болж байна.

-ОУВС-гийн хэлэлцээрийг яагаад үр дүнгүй болсон гэж үзэж байгаа юм бэ?

-ОУВС Засгийн газар хоёр хоорондоо хэлэлцээр хийхдээ аль алинд нь алдаа байна. Өөрөөр хэлбэл ОУВС иргэдийн нуруунд дарамт үүсгэсэн татварыг нэмэхээс илүүтэйгээр төсвийн хэрэгцээгүй зардлыг танах тухай асуудлыг ерөөсөө тавиагүй. Төсвийн ерөнхийлөн захирагч нар дотор ганцхан Шадар сайдын зардлыг л хассан. Бусад яамдын зардлыг нэмсэн. Энэ зардлыг нэмэхгүйгээр төсвөө оруул гэж яагаад шаардаагүй юм бэ. Төсвийн урсгал зардлыг нэмэхгүй гэдэг шаардлагыг ОУВС огт тавиагүй байна гэдэг энэ хэлэлцээр үр дүнгүй болсон гэж үзэж байгаа юм.

-Долоон төрлийн татвар нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. МАН татвар нэмэхгүй гэж ярьж байсан ч амлалтаасаа ухарлаа гэдгийг Ардчилсан намынхан хэлж байгаа шүү дээ?

-Татвар нэмэх асуудал ард түмний нуруунд дарамт болж очно. Ардын намын бүлэг архи, тамхины онцгой албан татварыг нэмж байгаагаа иргэд хүсч байна гэж ярьж байна. Архи, тамхи хүнд хортой нь үнэн. Гэхдээ тэрийг хэрэглэж байгаа хүмүүс нь ард түмний нэг хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Шатахууны онцгой татвар өргөн хэрэглээний барааны үнэд шууд нөлөөлдөг. Ялангуяа алслагдмал бүс нутагт амьдарч байгаа иргэдийн нуруунд шууд дарамт болж очдог. Автомашины татвар байна. Чадалтай хүмүүс 20, 30 саяар татвар нь нэмэгдсэн ч гэсэн үнэтэй машинаа аваад уначихна. Гэтэл өнөөдөр хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд дунд гарын жип машин унадаг байлаа гэж бодоход тэр нь арваас дээш жилийн настай байдаг. Олон жил хөл дүүжлэх унаатай, амьдраад сурчихсан. Энэ машинуудын татвар 10 сая төгрөгөөр татвар нь нэмэгдэх жишээтэй. Энэ нь жирийн иргэдэд дарамт болж байгаа юм. Бүх төрлийн татвар иргэдэд ачаалал болно. МАН 2016 оны УИХ-ын сонгуульд орсон мөрийн хөтөлбөртөө нэг ч татвар нэмэхгүй гэж хэлж байсан. Гэтэл эсрэгээрээ долоон төрлийн татвар нэмэгдүүлэхээр ороод ирж байна. Ард түмнийг хуурсан байна.

-ЗАСГИЙН ГАЗАР ДЭД САЙДУУДЫНХАА ЗАРДЛЫГ ТАНАЖ ЧАДАХ
ЭР ЗОРИГИЙГ ӨӨРТӨӨ АВАХ ЁСТОЙ-

-Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг бүрдүүлэх төсөв яваад байна гэх шүүмжлэлд та юу хэлэх вэ?

-Улсын төсвийн төрийн зардлыг бууруулна гэсэн. Гэтэл төрийн зардлыг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нарыг 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд оруулж ирж байна. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан, пи ар үйл ажиллагаанд зарцуулах, тэднийг дэмжсэн хүмүүст зориулсан хөрөнгө оруулалт болно. Тийм учраас үүнийг эсэргүүцэж байгаа.

Бас нэг шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл нь хүүхдийн мөнгөний оронд хоолны талон олгох асуудал. ОУВС-гаас үнэхээр ийм шаардлага тавиад байгаа юм болов уу?

-Ардын нам хүүхдийн мөнгийг 100 хувь үргэлжлүүлэн олгоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэтэл 2017 оны төсөв дээр 40 хувь хассан. Дахиад ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнд 20 хувиар багасгахаар орж ирж байна. Хэмнэсэн мөнгөө орлого багатай иргэдэд хоолны талон хэлбэрээр олгоно гэж байгаа юм. Хүүхдийн мөнгө ямар нэгэн арын хаалгагүйгээр тухайн хүүхдэд хөрөнгө болж очдог. Гэтэл хоолны талон арын хаалгаар, хэн нэгэн танил талтай хүмүүс нь авдаг ийм л зүйл. Олон Улсын Валютын сан хоолны талон өгнө гэж санаачлага гаргаагүй. Харин Засгийн газар ийм санаачлага гаргаад хүүхдэд очдог тэр мөнгийг намаа дэмждэг, бага орлоготой гэж үзээд, намын гишүүддээ олгох нь тодорхой болоод байгаа юм. Тийм учраас ард түмэн дэмжихгүй байна. Ер нь Ардын намынхан бид зээл авахгүй, ард түмнийг өрөнд оруулахгүй гэж ярьж байсан. Ардчилсан намынхан биднийг өрөнд оруулсан гэж ярьдаг. Гэтэл Их хурлын дарга ч, Ерөнхий сайд ч тэр очсон газар бүртээ зээл хөөцөлдөж хүсч яваа. Зээлийг зээлээр дардаг энэ байдлаасаа даруй түргэн салах ёстой. Бид эрүүл төсөвтэй байж амжилтад хүрнэ. Эрх баригчдын сонгуулийн амлалтууд 100 хувь эсрэгээрээ байна.

-ОУВС-гаас авах зээлийн зарцуулалтын талаар та юу хэлэх вэ?

-Өндөр хүүтэй гаргасан дотоодын бондыг бага хүүтэй санхүүжилтийн эх үүсвэрээр солих асуудал яригдаж байгаа. Энэ нь зөв. Тэрний хажуугаар зээлийн ихэнхи хэсгийг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр төсөл хөтөлбөрүүдэд оруулна гэдэг бол өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын хийсэн ажлыг шүүмжилсэнтэй адилхан зүйлийг хийж байна гэсэн үг. Мэдээж сайн зүйлд хөрөнгө оруулалт хийгээд тэр нь ард түмэнд очиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг дэмжээд явна. Үүнийхээ хажуугаар өөрсдийнхөө хувийн сонирхлыг хангасан зүйлүүд өнгөрсөн хугацаанд яваад байсан нь ил харагдаж байгаа. Хөгжлийн банкин дээр гэхэд 16 төсөл, хөтөлбөрийн ихэнхи хэсэг нь Ардын намын Их хурлын гишүүдтэй холбоотой зээлүүд байгаа. Ийм байдлаар гаднаас авсан зээлийг эрх мэдэл бүхий албан тушаалтнууд өөрсдийнхөө бизнесийг дэмжих хөтөлбөр болгож хувиргах вий гэдэгт Ардчилсан намын бүлэг маш их санаа зовж байгаа.

-Татвар нэмэх, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар иргэдийн нуруунд дарамт ирэхгүй гэдгийг Ардын намынхан хэлээд байна. Харин Ардчилсан намынхан сөрөг хүчний тоглолт хийгээд улс төржиж байна гэх юм. Таны хувьд өөр ямар арга байгаа гэж бодож байна вэ?

-Заавал татвар нэмэхгүйгээр, өөрөөр хэлбэл улсын төсвийн зардлыг хэмнэж асуудлыг шийдэх боломж байгаа шүү дээ. Энүүхэндээ гэж хэлэхэд төрийн нэг албан хаагч дунджаар 10-12 сая төгрөгийн зардалтай ажилладаг. Өөрөөр хэлбэл тэрний 60 хувь нь цалинд, 40 хувь нь төрийн албыг хэвийн явуулах урсгал зардал болж очдог. Зарим төрийн алба илүү бага зардлаар ажиллаж болно. 80 хувь нь цалин 20 хувь нь бусад зардал маягаар. Ингэхэд есөн сая төгрөгийн зардал гарна гэсэн үг. Төсвийн урсгал зардлыг багасгах талаар хангалттай ажиллах боломж бий. Төрийн албан хаагчдын цалинг хасахгүйгээр, урсгал зардлыг танах боломж Засгийн газарт байна. Дарга нарын эрх мэдэл, тансаглалыг дэмжсэн зардлыг багасгах ёстой юм.

-Дэд сайд нарын зардлыг таная, бүр дэд сайдгүй ажиллая гээд бараагүй. Ийм байхад урсгал зардлаа танаж чадах болов уу?

-Арван хэдхэн дэд сайд ойролцоогоор 10 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргаж байна. Энэ зардлуудаа хасах эр зоригийг Засгийн газар өөртөө авах хэрэгтэй. Дээрээс нь яам, тамгын газар, агентлагийн орлогч дарга, зөвлөхүүдийн тоог цөөлөх бодлого явуулах боломж Засгийн газарт байна. Ийм зардлуудаа танаж чадахгүй байж заавал ард түмний нуруун дээр дарамт үүсгэж, татвар нэмж байгааг эсэргүүцээд байгаа юм.

-ДӨЧӨӨД ЖИЛ ШИМТГЭЛ ТӨЛЧИХӨӨД ДӨРӨВ, ТАВХАН ЖИЛ
ТЭТГЭВЭР АВНА ГЭДЭГ ХАРАМСАЛТАЙ-

-Тэтгэврийн насыг нэмэх нь дэлхийн жишигт нийцүүлж байгаа тухай Сангийн сайд хэлсэн. Монгол хүний тэтгэврийн насыг дэлхийн хөгжилтэй орнуудын иргэдтэй харьцуулж байгаа нь хэр үнэнд нийцнэ гэж үзэж байгаа вэ. Иргэд нэлээн шүүмжлэлтэй хандаж байна?

-Манайхан өөрсдийнхөө хийсэн буруу үйлдлийг хаацайлахын тулд зарим нэгэн орны жишээг авч байгаа. Европ, япон хүмүүс урт насалдаг. Монгол хүний дундаж наслалт 71 байгаа. 20 наснаасаа эхлээд 65 хүртэл 40 гаруй жил тэтгэврийн нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд, түүнийхээ ач буяныг үзэж чадахгүй өнгөрч байгаа буурлууд их байна. Өөрөөр хэлбэл тэтгэврээ тав, зургаан жил аваад нас барж байна гэсэн үг. Дөчин хэдэн жил шимтгэл төлчихөөд дөрөв, тавхан жил тэтгэвэр авна гэдэг бол харамсалтай. Тийм учраас тэтгэврийн насыг 65 хүргэхийг ард түмэн эсэргүүцээд байгаа юм. Залуучууд бас эсэргүүцэж байна. Яагаад гэхээр тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд ажлын байр бий болж залуучууд ажиллах боломж бий болж байна. Тэтгэврийн насыг уртасгана гэдэг бол аль аль талдаа хэрэгцээгүй, дургүйцэл төрүүлсэн арга хэмжээ болж байна.

-Татвар нэмэх асуудлыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж байгаа. Дээрээс нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж байгаа. Хэрхэн ажиллах талаар ярилцаж байгаа юу?

-Улсын төсвийн тодотголтой холбоотой асуудлыг нэгдмэл байр суурьтайгаар Их хуралд хүргэхийн төлөө ажиллаж байгаа. Мэдээж бидний хүч хүрэхгүй. Ардын нам олонхиороо шийдээд явах байх. Гэхдээ Ардын нам дотор ард иргэдтэйгээ уулзаад, санаа бодлыг нь сонссон гишүүд эрүүл ухаанаар хандана байх гэж итгэж байна. Байнгын хорооны хэлэлцүүлгийн явц, чуулганы хуралдаанд бид байр сууриа илүү тодорхой илэрхийлнэ.

-Ардын нам мөрийн хөтөлбөрөө мартаж, амлалтаасаа ухарч байна гэж та дээр хэлсэн. Эрх баригчдын амлалтыг сануулахад сөрөг хүчний байр суурь чухал байдаг байх аа?

-Сөрөг хүчний байр суурь ард түмний санаа бодлыг төрдөө илэрхийлэх. Манай сөрөг хүчний гишүүд өөр өөрийн сэдвээр иргэдийнхээ санаа бодлыг эрх баригчдад хүргэж байгаа. Гэхдээ бид хичнээн хэллээ ч гэсэн олонхиороо түрий бариад асуудлаа шийдээд явж байгаа. Бидэнд ард түмний дэмжлэг хэрэгтэй.

-Ардчилсан намын үед эдийн засаг сэргэхгүйгээр доройтчихсон байсан юм уу. Эрх баригчид ийм л ойлголтыг иргэдэд өгч байх шиг?

-Тийм зүйл байхгүй. Энэ бол Их хурлын болон орон нутгийн сонгууль, дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан Монгол Ардын намын хүчтэй пи ар. Бусдаар бол эдийн засаг тэгтлээ доошоо орчихсон зүйл байхгүй. Татварын орлого 2016 онд нэмэгдсэн. Энэ бол эдийн засаг хэвийн хэмжээнд байна гэсэн үг. Эдийн засаг тэгтлээ дордчихсон бол татварын орлого нэмэгдэхгүй шүү дээ. Энэ бол тархи угаасан үйл ажиллагааны нэг хэсэг. 2016 онд 2017 оны төсөв ярилцахдаа Ардчилсан намын бүлэг төсвийн зардлыг таван хувиар буулгах санал гаргасан. Ардын нам нэг хувиар буулгасан. Энэ бол сайн зүйл. 2017 онд шинээр бүтээн байгуулалт хийхгүй явна гэдэг нь сайн зүйл. Энэ байдлаар тодорхой хугацаанд яваад санхүүгийн хариуцлагаа сайжруулаад, уул уурхайн баялгийн үнэ өсч байгаа энэ үед зөв менежментээр явбал эдийн засгаа аваад явах боломж байсан. Гэхдээ ОУВС-ийн хөтөлбөрт орохгүй бай гэдгийг хэлээгүй. ОУВС-гийн тодорхой хөтөлбөр нь санхүүгийн сахилга батаа сайжруулахад хэрэгтэй.

-Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлтэд үг хэлэхдээ Монгол улс хариуцлагын хямралд орсон тухай хэлсэн. Гишүүд ер нь хэр санал нэгдэж байсан бол?

-Монгол Улсад хариуцлага нэн тэргүүнд хэрэгтэй байгаа. Ялангуяа ОУВС-тай хамтарч ажиллах гэж байгаагийн хувьд нэг эерэг бодолтой байгаагаа хэлсэн. Зөв зүйлд мөнгөө зарцуулах, санхүүгийн сахилга батын асуудал. Зөв зүйлдээ хөрөнгөө оруулдаг тогтолцоо Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй байгаа. Үүнийг хэрэгжүүлж байж бид бүхэн эдийн засгаа сайжруулна. Төсвийн тодотгол эрүүл болно. Төсөв хэлэлцэхдээ хариуцлагатай байх болно.

-МАН олонхиороо шийдээд төсвийн тодотголоо батлах байх. ОУВС-гийн хөтөлбөрт ч хамрагдана. Бас л зээлийн асуудал яригдаж байгаа. Өрийг өрөөр дарлаа гэж байна. Гэтэл Ардчилсан намынхан өр, зээл их тавьдаг байсан гэж Ардын намынхан ярьдаг байсан. Энэ байдлаараа явбал 2020 он гэхэд нөхцөл байдал ямар байх бол?

-Ардын нам тооцоо хийгээд, 2016 оны сонгуулиар монгол хүн дунджаар 15 сая төгрөгийн өртэй байна гэж ярьсан. Өнөөдрийн байдлаар ингээд явбал МАН 2020 он гэхэд Монгол хүнийг 30 сая төгрөгийн өртэй болгох чиг хандлага харагдаж байна.

Ж.ГАНЦЭЦЭГ

Эх сурвалж: www.medee.mn

Ангилал


Twitter


Facebook