Д.Золжаргал: Эдийн засгаа эрсдэлээс хамгаалах тун чухал асуудалд эрх баригчид өөрсдийн дураар хандаж байна

2020-04-09
|
Ярилцлага

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Золжаргалтай ярилцлаа.

-Дэлхий нийтээрээ онцгой нөхцөл байдалд байгаа энэ үед бизнес эрхлэгчид тэр дундаа ЖДҮ эрхлэгчид хүндрэлтэй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын зөвлөлөөс ямар арга шийдэл байгаа хэмээн харж байна вэ?

Дэлхий нийтээр тархаад байгаа “Covid-19” коронавирусийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага цар тахал хэмээн зарласан. Үүнтэй холбогдуулж дэлхийн улс орнуудын удирдагчид энэ үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эдийн засгаа аврах төлөвлөгөөгөө аль эрт танилцуулсан.

Гэтэл манай орны хувьд энэ тал дээр огт арга хэмжээ авч ажиллахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Дотооддоо хөл хорио тогтоож байгаа ч гаднаас ирэх хөдөлгөөн, вирус тархсан улс орноос ирж байгаа урсгалаа хянаж чадахгүй байгаагаас Монгол Улсад зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол аль хэдийн 10 гарсан. Вирусийн дэгдэлтийн үед эдийн засгийг бүрдүүлэгч дотоодын бизнес эрхлэгчдээ хамгаалах бодлого огт явуулахгүй байна. Энэ тухай АН-ын зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Ерөнхий сайдад шаардлага, мөн УИХ-ын даргад хуулийн төсөл санаачилж хүргүүлсэн боловч бидэнд хариу өгсөн зүйл огт алга. Дэлхийн улс орнууд энэхүү онцгой үе ойрын 3-5 сарын турш үргэлжилнэ гэсэн таамагтайгаар эдийн засгийн багц арга хэмжээнүүдийг авч ажиллаж байхад, манайх хэрэгжүүлж буй дорвитой арга хэмжээ, бодлогогүй байсаар байна.

-Өмнө нь хүргүүлсэн шаардлагын хариу огт ирээгүй байна гэлээ. Шаардлагад юуг тусгасан бэ?

Бид УИХ-ын дарга Г.Занданшатарт Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах асуудлаар санал хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлж, эрсдэлийг хохирол багатай даван туулахад бэлэн байх үүднээс тодорхой шаардлагуудыг дурдсан. Үүнд, Эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд ард иргэдийнхээ хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх, үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах, тэдний түрээс, дулаан, цахилгааны төлбөр зэрэг урсгал зардлын талаар зохицуулалт хийж, ажлын байрыг нь хадгалж үлдэх нь тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа тухай дурдсан.

Сангийн сайд төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж өнөөдрийг хүртэл мэдэгдээд байгаа. Энэ талаар?

Төсвийн тодотгол хийхээс өөр шийдэл байхгүй. Өнгөрсөн хугацаанд Монгол банк болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлуудаас хоёр шийдвэр гаргасан. Үүнд: Хэрэглээний зээлийн төлбөрийн хугацааг сунгасан, бодлогын хүү бууруулж, банкуудад тавих шаардлагуудыг сулруулснаар, зээл нэмж гарах боломж бүрдүүлсэн.

Гэвч цар тахлын аюулыг зөвхөн мөнгөний бодлогод найдах боломжгүй. Төсвийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Мөнгөний бодлого хөгжилтэй орнуудад чухал үүрэгтэй нь үнэн. Харин манай эдийн засгийн бүтэц тэднээс тэс өөр. Гурван сая иргэнтэй манай улсын зах зээл бага, түүхий эд экспортолдог, экспортын 90 хувь нь нэг улсаас хараат, аж үйлдвэрлэл хөгжөөгүй, гаргах бүтээгдэхүүн аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн биш, түүхий эд юм. Монголбанкны мөнгөний бодлогоор дэмжсэн гэх мөнгө экспортоор дамжиж импорт болж орж ирнэ. Мөнгөний бодлого бизнесийг дэмжихэд чухал нөлөөтэй, харин ажлын байр хадгалах, айл өрхийн амьжиргааг дэмжихэд төсвийн бодлого зайлшгүй хэрэгтэй байдаг. Дэлхий нийтэд эдийн засгийн 50 хувийг болон нийт ажлын байрны мөн 50 хувийг ЖДҮ эрхлэгчид бүрдүүлдэг. Бид үүнийг хуулийн төсөлдөө голчлон анхаарч, ажлын байраа хадгалж үлдэх ёстойг анхааруулаад байгаа юм.

Өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар товч мэдээлэл өгөөч. Хуулийн төсөлд төсвөөс хасч хэмнэсэн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлэх тухай дурдсан байсан?

-Ардчилсан намын зөвлөлийн гишүүд хуралдаад хуулийн тодорхой төслийг санаачлах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төсөлд өндөр хүүтэй зээлтэй иргэн, ААН-ийн зээлийг гурван хувьд шилжүүлэх тухай заасан байгаа. Уг тогтоолын төслөөр “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар хавсралтад заасан, 2020 оноос 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1,436,877.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг хасч хэмнэсэн 355,065.1 сая төгрөгийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, 100 сая төгрөг хүртэл зээл олгох, зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох, арилжааны банкны өндөр хүүтэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээлд шилжүүлэх” зэрэг арга хэмжээг авч, хэрэгжүүлэх хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн гол үзэл баримтлал нь ЖДҮ-үүдийн ажлын байрыг хамгаалахад оршино. Өнөөдөр бидэнд тодорхой шийдэл зайлшгүй хэрэгтэй.

-Тэгвэл дээрх шаардлага болоод, хуулийн төсөлд тодорхой хариу ирүүлээгүй учраас дахин шаардлага бичиг хүргүүлж байгаа тухай мэдээлэл хийсэн. Тус шаардлага бичигт юуг голчлон заасан байгаа вэ?

-Тийм ээ. Бид санал, шаардлага хүргүүлэх албан тоот удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тиймээс бид “Айл өрх, иргэдийн орлогыг хамгаалах тухай” дахин шаардах бичиг хүргүүлсэн. Монгол Улсын хувьд хүн амын гуравны нэгийг хамарсан ядууралд нэрвэгдэж ажилгүйдлийн түвшин 10 хувьд хүрсэн төдийгүй цаашид цар тахалтай холбоотой энэ статистик үзүүлэлт улам нэмэгдэх нөхцөл байдал үүслээ. 1.1 сая ажиллах хүчин, жирийн иргэдийн орлого болон худалдаа үйлчилгээний салбарын жижиг дунд бизнесийг хамгаалахад Улсын Их Хурал, Засгийн газар яаралтай шийдэл гаргах шаардлагатайг сануулсан.

Бичигт:

-2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн “Эрсдэлийн сан” байгуулах,
-Иргэдэд төрөөс олгох тэтгэвэр тэтгэмжийг хадгалах,
-Компани, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн орлого, цалингийн хэмжээг бууруулахгүй байх арга хэмжээг авах,
-Өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх,
-Үндэсний дотоодын үйлдвэрлэгчдээ бага хүүтэй зээлээр дэмжих,
-Томоохон компаниудын бага хүүтэй өрийн бичгийг Монголбанк худалдаж авах боломжийг нээх,
-Экспортыг дэмжих зэрэг арга хэмжээ авах зэргийг тусгасан байгаа.

Иймд Засгийн газар 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь тодорхойлж, шаардлагагүй хөрөнгө оруулалтын зардлыг царцааж, цар тахлын онцгой үед тохирсон шийдвэр гаргахыг шаардаад байгаа юм.

-Өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх гэдэг асуудлыг хөндсөн байна. Чөлөөлөөд эхлэхээр төсөв тасалдах эрсдэл үүсэх үү? Үүн дээр хэрхэн зохицуулалт хийх боломжтой вэ?

Төсвийн тодотгол дээр импортын албан татварын орлогын хэсгийг хасах шаардлагатай. Өргөн хэрэглээний бараа нь бид бүхний өдөр тутмын хэрэглээ. Үүнийг засгийн газар боловсруулаад, УИХ-д саналаа оруулж ирээд, төсвийн тодотголоор хасалтаа хийгээд явъя гэсэн саналаар л энэ шийдэгдэнэ. Хэрвээ бид барааны хомсдолд орох юм бол Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, зөв ажиллах ёстой. Үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт өсч байж бид дотооддоо амьдралын эх үүсвэрээ хангаж явна. Гэхдээ импортын 90 хувь хараат байдаг. Тиймээс импорт зайлшгүй орж ирэх шаардлагатай. Гэхдээ хамгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр дотоодын боломжинд чиглэн шийдэл гаргахад болохгүй зүйл байхгүй. Нэмж хэлэхэд импортын тодорхой бараа бүтээгдэхүүн дээр үнийн хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх асуудлыг тооцохдоо өнөөдөр төсөв дээр танаж болох маш олон зардлууд бий. Түүнд тодотгол хийж, шилжүүлээд импортын зардал зэрэг бусад зардлуудыг тооцох замаар төсвийг алдагдалгүй авч явах бүрэн боломжтой.

-Хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн “Эрсдэлийн сан” байгуулах гэсэн байна. Энэ санг ямар эх үүсвэрээс босгох боломжтой гэж тооцож байгаа вэ?

-Нэг их наядын эрсдэлийн сан байгуулахад төсөв өөрөө боломжтой. Эндээс зөвхөн 2020 оны хөрөнгө оруулалт 3,6 их наяд. Урсгал зардал буюу бараа үйлчилгээний зардал нь 2,1 их наяд. Зөвхөн эдгээр зардлаас 50 хувь хэмнэхэд 2.5 их наяд төгрөгийн төсөв хэмнэх боломжтой байна. Ер нь сангийн сайдыг төсвийн тодотгол хийхгүй гээд байгаа нь их буруу. Өнөө маргааш сонгууль болно гээд байгаа нөөцөөрөө явж байгаа нь буруу. Сонгууль бол бидний хувьд чухал биш. Иргэдийн амьдрал чухалд тооцогдох цаг үе ирээд байна. Эрх баригчид үүнийг маш сайн тооцох ёстой. Яагаад тэвчиж болох зардлуудыг тэвчихээс татгалзаад байна. Тухайн үед бид сонгуульд зориулсан төсөв батлагдлаа гэж шүүмжилж байсан. МУ-ын ерөнхийлөгч хүртэл төсөвт хориг тавьж байсан. Гэтэл олонхоор хүч түрэн ерөнхийлөгчийн хоригийг ч хүлээж аваагүй, сөрөг хүчнээс тавьсан тодорхой саналуудыг ч хүлээж авалгүй алдагдалтай төсөв баталсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт есөн их наядын алдагдалтай төсөв баталж ирсэн. Энэ алдагдал бол өөрөө “ӨР”. Төсөв мөнгө гэдэг бол чухал боловч нэн тэргүүнд тавих чухал асуудал бол улс үндэстний аюулгүй байдал юм. Тийм учраас өнөөдөр иргэдийн эрүүл, аюулгүй, амьд явах баталгааг хангах, эдийн засгийн баталгааг хангах гол асуудал бол төсөв хөрөнгөндөө тодотгол хийгээд, тэвчиж болох зардлуудаа танаж, эх үүсвэр шаардлагатай байгаа асуудлуудаа санхүүжүүлээд явах зэрэг бодит алхам хийхийг л эрх баригчдаас шаардаад байгаа юм.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээж аваагүй тухай мэдээлэл гарсан. Та бүхэн тогтоолын төсөлд ямар бодлого голчлон тусгасан бэ?

-Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийх, мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах, аж ахуйн нэгжээ дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэнээ дэмжих, ажилгүйдэл ядуурлаас хамгаалах, бусад гэсэн нийт таван багц 38 саналтай тогтоолын төсөл байгаа. Тогтоолын төслийг өргөн барихаар цаг тогтсон боловч УИХ-ын тамгын газар, УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авахаас татгалзсан. Харин манай тогтоолын төслийг хүлээж аваагүй татгалзсаныхаа дараа коронавирусийн эсрэг ажиллах Засгийн газрын ажлын төлөвлөгөөг их хурал хүлээн авсан байсан.

Уг нь энэ гамшиг, эрсдэлийн үед улс төрийн намууд улс төржихгүйгээр, бусад намын, ялангуяа сөрөг хүчний санал дүгнэлтийг хүлээж авахгүй татгалзана гэдэг бол байж болшгүй зүйл. Өөрөөр хэлбэл эдийн засгаа эрсдэлээс хамгаалах тун чухал асуудалд эрх баригчид өөрсдийн дураар хандах хандлага шууд илэрч байна.

-Бусад гэсэн багцад ямар ямар арга хэмжээ багтаж байгаа вэ? Нийт арга хэмжээний чухал заалтуудыг тодотгон дурдаж болох уу?

-Бид бизнес эрхлэгчид, иргэд, аж ахуйн нэгжийг эдгээр санал, арга хэмжээг дэмжиж ажиллахыг уриалан тогтоолын төслөө олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулан гаргаж, бүрэн эхээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэхээр ажилласан. Үүнээс онцлон дурдвал эмчилгээний болон хамгаалалтын бүсэд үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид, холбогдох бусад ажилтны цалин, хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх тухай заасан байгаа. Гамшгийн үед эдгээр алба хаагчдын энгийн үед олгодог үндсэн цалинг нь хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин, хөлс, урамшуулал олгох гэж тодорхойлсон. Мөн иргэнээ дэмжих, ажилгүйдэл ядуурлаас хамгаалахын тулд хамгийн ихээр тулгамдаад буй асуудлуудын нэг зээлийн эргэн төлөлтийн талаар маш тодорхой дурдсан. Жишээлбэл, ипотекийн зээлийн хүү болон үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд царцааж, мөнхүү хугацаагаар зээлийн эргэн төлөлтийг сунгах, малчдын зээлийн хүү, төлбөрийг хойшлуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүнд зориулсан шинэ зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тариаланчдын зээлийн хүү, төлбөрийг хойшлуулж, газар тариалангийн бүтээгдэхүүнд зориулсан шинэ зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдийг нэгтгэн тогтоолын төслийг боловсруулсан. Өнөөдөр Монгол Улсын нийт ААН-үүдийн 70 хувь нь эдийн засгийн эрсдэлд ороод байна. Эндээс сэргийлэх арга хэмжээг Засгийн газар, ялангуяа Ардчилсан намын зөвлөлөөс гаргаж буй саналтай уялдуулан зөв арга хэмжээ авах юм бол илүү амжилтад хүрэх боломж байгаа гэж хэлмээр байна.

Ангилал


Twitter


Facebook