Д.Золжаргал: Орон нутагт байшин барих уу, ажлын байраа хадгалах уу гэдгээ шийдвэрлэх цаг болсон

2020-03-31
|
Ярилцлага

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн, Ажлын албаны дарга Д.Золжаргалтай ярилцлаа.

-Дэлхий нийтээрээ онцгой нөхцөл байдалд байгаа энэ үед бизнес эрхлэгчид тэр дундаа ЖДҮ эрхлэгчид хүндрэлтэй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын зөвлөлөөс ямар арга шийдэл байгаа хэмээн харж байна вэ?

-Дэлхий нийтээр тархаад байгаа “Covid-19” короновирусыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага цар тахал хэмээн зарласан. Үүнтэй холбогдуулж дэлхийн улс орнуудын удирдагчид энэ үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эдийн засгаа аврах төлөвлөгөөгөө аль эрт танилцуулсан. Гэтэл манай орны хувьд энэ тал дээр огт арга хэмжээ авч ажиллахгүй байна. Дотооддоо хөл хорио тогтоож байгаа ч гаднаас ирэх хөдөлгөөн, вирус тархсан улс орноос ирж байгаа урсгалаа хянаж чадахгүй байна. Дотоодын бизнес эрхлэгчидээ хамгаалсан бодлого огт явуулахгүй байна. Энэ тухай АН-ын зөвлөл өнгөрсөн 2-р сарын 28-нд буюу бараг нэг сарын өмнө Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл бидэнд хариу ирүүлээгүй байна. Мөн УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд хуулийн төсөл санаачилж хүргүүлсэн боловч авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ огт алга байна.

Япон улсаар жишээ татахад зөвхөн ЖДҮ эрхлэгч нартаа зориулсан хугацаагүй, хүүгүй зүйлийг олгож эхэлсэн. АНУ-ын хувьд эдийн засгийг дэмжих 1.2 их наяд ам.долларын дүнтэй багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчиддээ 50 гаруй тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ ч амласан. Энэ мэтчилэн Улс орнууд эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, хэрэглэгчдийн болон бизнесийн идэвхи буурахаас сэргийлж төв банкууд нь бодлогын хүүгээ бууруулж, үнийн тогтвортой байдлыг хамгаалах, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, санхүүгийн нөхцөл байдлыг дэмжих, санхүүжилт татрахаас сэргийлэх зорилготой бодит арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

Ийнхүү дэлхийн улс орнууд энэхүү онцгой үе ойрын 3-5 сарын турш үргэлжилнэ гэсэн таамагтайгаар эдийн засгийн багц арга хэмжээнүүдийг авч байна. Багц арга хэмжээ гэдэгт иргэдийнхээ эрүүл мэндийн аюулгүй байдал, бизнесийг дэмжих, иргэдийнхээ амьжиргааг дэмжих гэсэн гурван асуудал багтаж байгаа.

Өнгөрсөн сард хүргүүлсэн шаардлагын хариу огт ирээгүй байна гэлээ. Шаардлагад юуг тусгасан бэ?

-Бид УИХ-ын дарга Г. Занданшатарт Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах асуудлаар санал хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулахад бэлэн байх үүднээс тодорхой шаардлагуудыг дурьдсан. Үүнд: Эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх, Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд ард иргэдийнхээ хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх, Үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах, тэдний түрээс, дулаан, цахилгааны төлбөр зэрэг урсгал зардлын талаар зохицуулалт хийж, ажлын байрыг нь хадгалах үлдэх нь тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа тухай шаардлага бичиг хүргүүлсэн.

-Сангийн сайд төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж мэдэгдэл хийсэн. Энэ талаар?

-Төсвийн тодотгол хийхээс өөр шийдэл байхгүй. Өнгөрсөн хугацаанд Монгол банк болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлуудаас хоёр шийдвэр гаргасан.

- Хэрэглээний зээлийн төлбөрийн хугацааг сунгасан

- Бодлогын хүү бууруулж, банкуудад тавих шаардлагуудыг сулруулсанаар, зээл нэмж гарах боломж бүрдүүлсэн.

Гэвч цар тахалын аюулыг зөвхөн мөнгөний бодлогод найдах боломжгүй. Төсвийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Мөнгөний бодлого хөгжилтэй орнуудад чухал үүрэгтэй нь үнэн.  Харин манай эдийн засгийн бүтэц тэднээс тэс өөр. Гурван сая иргэнтэй манай улсын зах зээл бага, түүхий эд экспотолдог, экспортын 90 хувь нь нэг улсаас хараат, аж үйлдвэрлэл хөгжөөгүй, гаргах бүтээгдэхүүн аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн биш, түүхий эд юм. Монголбанкны мөнгөний бодлогоор дэмжсэн гэх мөнгө экспортоор дамжиж импорт болж орж ирнэ. Мөнгөний бодлого бизнесийг дэмжихэд чухал нөлөөтэй, харин ажлын байр хадгалах, айл өрхийн амьжиргааг дэмжихэд төсвийн бодлого зайлшгүй хэрэгтэй байдаг. Тиймээс энэ асуудлыг зөвхөн Засгийн газар шийдэж чадна. Төсвөөс батлагдаагүй хөрөнгө гаргах боломжгүй учраас төсвөө яаралтай тодотгох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт байшин барих нь чухал уу, эсвэл ажлын байраа хадгалах, өрхийн амжиргаагаа хамгаалах нь чухал уу гэдгээ яаралтай шийдвэрлэх цаг болсон. Дэлхий нийтэд эдийн засгийн 50 хувийг болон нийт ажлын байрны мөн 50 хувийг ЖДҮ эрхлэгчид бүрдүүлдэг. Бид үүнийг хуулийн төсөлдөө голчлон анхаарч, ажлын байраа хадгалж үлдэх ёстойг анхааруулаад байгаа юм.

-Өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар товч мэдээлэл өгөөч? Хуулийн төсөлд  төсвөөс хасаж хэмнэсэн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлэх тухай дурьдсан байсан.

-Ардчилсан намын зөвлөлийн гишүүд хуралдаад хуулийн тодорхой төслийг санаачлах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төсөлд өндөр хүүтэй зээлтэй иргэн, ААН-ийн зээлийг гурван хувьд шилжүүлэх тухай заасан байгаа. Уг тогтоолын төслөөр “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1,436,877.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг хасаж хэмнэсэн 355,065.1 сая төгрөгийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, 100 сая төгрөг хүртэл зээл олгох, зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох, арилжааны банкны өндөр хүүтэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээлд шилжүүлэх” зэрэг арга хэмжээг авч, хэрэгжүүлэх хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн гол үзэл баримтлал нь ЖДҮ-үүдийн ажлын байрыг хамгаалахад оршино.

Өнөөдөр бидэнд тодорхой шийдэл зайлшгүй хэрэгтэй. Цар тахлын хэмжээнд хүрээд буй энэ өвчлөл нь Монгол улсын төдийгүй Дэлхийн бусад улс орнуудын Эдийн засагт маш эрсдэл учруулж байгаа гэдгийг бид урьдчилан тооцоолж, зөвхөн иргэддээ хөл хорио тогтоох, хөдөлгөөн хязгаарлах төдийхнөөр асуудал шийдэгдэнэ гэж бодож болохгүй. Бидний амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Үргэлжлэх тусам ард иргэдийн орлого багасаж, эдийн засгийн маш том эрсдэлрүү түлхэж байна.

-Тэгвэл дээрх шаардлага болоод, хуулийн төсөлд тодорхой хариу ирүүлээгүй учраас дахин шаардлага бичиг хүргүүлж байгаа тухай мэдээлэл хийсэн. Тус шаардлага бичигт юуг голчлон заасан байгаа вэ?

-Тиймээ. Бид санал, шаардлага хүргүүлэх албан тоот удаа дараа хүргүүлсэн  боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тиймээс бид “Айл өрх, иргэдийн орлогыг хамгаалах тухай” дахин шаардах бичиг хүргүүлсэн. Монгол улсын хувьд хүн амын гуравны нэгийг хамарсан ядууралд нэрвэгдэж ажилгүйдлийн түвшин 10 хувьд хүрсэн төдийгүй цаашид цар тахалтай холбоотой энэ статистик үзүүлэлт улам нэмэгдэх нөхцөл байдал үүслээ. 1.1 сая ажиллах хүчин, жирийн иргэдийн орлого болон худалдаа үйлчилгээний салбарын жижиг дунд бизнесийг хамгаалахад Улсын Их Хурал, Засгийн газар яаралтай шийдэл гаргах шаардлагатайг сануулсан. Бичигт:

- 2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн “Эрсдэлийн сан” байгуулах,

- Иргэдэд төрөөс олгох тэтгэвэр тэтгэмжийг хадгалах,

- Компани, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн орлого, цалингийн хэмжээг бууруулахгүй байх арга хэмжээг авах,

- Өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх,

- Үндэсний дотоодын үйлдвэрлэгчдээ бага хүүтэй зээлээр дэмжих,

- Томоохон компаниудын бага хүүтэй өрийн бичгийг Монголбанк худалдаж авах боломжийг нээх,

- Экспортыг дэмжих зэрэг арга хэмжээ авах зэргийг тусгасан байгаа.

Иймд Засгийн газар 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь тодорхойлж, шаардлагагүй хөрөнгө оруулалтын зардлыг царцааж, цар тахлын онцгой үед тохирсон шийдвэр гаргахыг шаардаад байгаа юм.

-Өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх гэдэг асуудлыг хөндсөн байна. Чөлөөлөөд эхлэхээр төсөв тасалдах эрсдэл үүсэх үү? Үүн дээр хэрхэн зохицуулалт хийх боломжтой вэ?

-Төсвийн тодотгол дээр импортын албан татварын орлогын хэсгийг хасах шаардлагатай. Өргөн хэрэглээний бараа нь бид бүхний өдөр тутмын хэрэглээ. Үүнийг засгийн газар боловсруулаад, УИХ-д саналаа оруулж ирээд, төсвийн тодотголоор хасалтаа хийгээд явъя гэсэн саналаар л энэ шийдэгдэнэ. Хэрвээ бид нар барааны хомсдолд орох юм бол Үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжиж, зөв ажиллах ёстой. Үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт өсч байж бид нар дотооддоо амьдралын эх үүсвэрээ хангаж явна. Гэхдээ бид импортын 90 хувь хараат байдаг. Тиймээс импорт зайлшгүй орж ирэх шаардлагатай. Гэхдээ хамгийн хөнгөлөлттэй нөхцөлөөх дотоодын боломжинд чиглэн шийдэл гаргахад болохгүй зүйл байхгүй. Нэмж хэлэхэд Импортын тодорхой бараа бүтээгдэхүүн дээр үнийн хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх асуудлыг тооцохдоо өнөөдөр төсөв дээр танаж болох маш олон зардлууд бий. Түүнд тодотгол хийж, шилжүүлээд импортын зардал зэрэг бусад зардлуудыг тооцох замаар төсвийг алдагдалгүй авч явах бүрэн боломжтой.

-Хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн “Эрсдэлийн сан” байгуулах гэсэн байна. Энэ санг ямар эх үүсвэрээс босгох боломжтой гэж тооцож байгаа вэ?

-Нэг их наядын эрсдэлийн сан байгуулахад төсөв өөрөө боломжтой. Эндээс зөвхөн 2020 оны хөрөнгө оруулалт 3,6 их наяд. Урсгал зардал буюу бараа үйлчилгээний зардал нь 2,1 их наяд. Зөвхөн эдгээр зардлаас 50 хувь хэмнэхэд 2.5 их наяд төгрөгийн төсөв хэмнэх боломжтой байна. Ер нь сангийн сайдыг төсвийн тодотгол хийхгүй гээд байгаа нь их буруу. Өнөө маргааш сонгууль болно гээд байгаа нөөцөөрөө явж байгаа нь буруу. Сонгууль бол бидний хувьд чухал биш. Иргэдийн амьдрал чухалд тооцогдох цаг үе ирээд байна. Эрх баригчид үүнийг маш сайн тооцох ёстой. Яагаад тэвчиж болох зардлуудыг тэвчихээс татгалзаад байна. Тухайн үед бид сонгуульд зориулсан төсөв батлагдлаа гэж шүүмжилж байсан. МУ-ын ерөнхийлөгч хүртэл төсөвт хориг тавьж байсан. Гэтэл олонхиор хүч түрэн ерөнхийлөгчийн хоригийг ч хүлээж аваагүй, сөрөг хүчнээс тавьсан тодорхой саналуудыг ч хүлээж авалгүй алдагдалтай төсөв баталсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 9 их наядын алдагдалтай төсөв баталж ирсэн. Энэ алдагдал бол өөрөө “ӨР”.

Төсөв мөнгө гэдэг бол чухал боловч нэн тэргүүнд тавих чухал асуудал бол улс үндэстний аюулгүй байдал юм. Тийм учраас өнөөдөр иргэдийн эрүүл, аюулгүй, амьд явах баталгааг хангах, эдийн засгийн баталгааг хангах гол асуудал бол төсөв хөрөнгөндөө тодотгол хийгээд, тэвчиж болох зардлуудаа танаж, эх үүсвэр шаардлагатай байгаа асуудлуудаа санхүүжүүлээд явах зэрэг бодит алхам хийхийг л эрх баригчдаас шаардаад байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Ангилал


Twitter


Facebook