Короновирусын гамшиг түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давах онцгой арга хэмжээний тухай тогтоолын төсөл өргөн барина

2020-03-30
|
Мэдээ

     УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2020.03.30/-ны өдөр өргөтгөсөн цахим хуралдаан зохион байгууллаа. Хуралд Ардчилсан намын бодлогын зөвлөлийн гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар оролцож, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцаж, харилцан санал солилцлоо. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулж, хурлаас гарсан нийт саналыг нэгтгэн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс, УИХ-ын даргад өргөн барихаар боллоо. Уг  тогтоолд;

  1. .Дэлхий нийтэд тархсан короновирусын гамшиг улс орнуудад эдийн засгийн хүндрэл болон бусад хямралыг бий болгох туйлын эрсдэлтэй нөхцөл үүсгэсэн тул Үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг сахиулах, бодитой, алсын хараатай, оновчтой, өнөөгийн болон ирээдүйн амьдралд нийцсэн хууль ёсны бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилго, ард түмний засаглах эрхийн баталгаа болсон төрийн эрх барих дээд байгууллагын үл хуваалцах бүрэн эрхийн хүрээнд “Короновирусын гамшигтай тэмцэхбодлого”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Короновирусын гамшгаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахбодлого”-ыг 2 дугаар хавсралтаар, “Бодлогын хэрэгжилтийг хангах арга хэмжээний төлөвлөгөө”-г 3 дугаар хавсралтаар, “Тэргүүн ээлжинд боловсруулж, батлуулах шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн жагсаалт”-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
  2. Энэ тогтоолын хавсралтаар батлагдсан бодлого, төлөвлөгөөг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан чиг үүргийнхээ дагуу зүйл, заалт бүрээр нь чандлан хэрэгжүүлж, тогтоолын хавсралтад заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг заасан хугацаанд боловсруулж, өргөн мэдүүлэхийгМонгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-түүрэг болгосугай.
  3. Энэ тогтоолын хавсралтаар батлагдсан бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон холбогдох хууль,Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулахадчиг үүргийнхээ дагуу дэмжлэг үзүүлэн оролцож, бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус үүрэг болгосугай.
  4. .Энэ тогтоолын хавсралтаар батлагдсан бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хууль,Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулах үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүнг тооцож, хугацаандаа хэрэгжээгүй зүйл, заалт бүрийг дүгнэн хариуцсан албан тушаалтанд нь хариуцлага хүлээлгэж, явцын талаар 14 хоног тутамд Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/,Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус үүрэг болгосугай. 
  5. Энэ тогтоолын хэрэгжилтэд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасны дагуу хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээндзохих арга хэмжээг авч ажиллахыг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодод даалгасугай” гэжээ.

Өргөтгөсөн хуралдааны үеэр У.Хүрэлсүхийн засгийн газраас гаргасан мэдэгдэлийн дагуу МҮХАҮТ-аас хийгдсэн судалгааг танилцуулан, тодорхой саналууд хүргүүллээ. Тухайлбал, Түрээслэгчдийн зүгээс тавьж байгаа хүсэлтийг хангахын тулд дараах дэмжлэг хэрэгтэй байна гэв.

1.    Түрээсийн төлбөрөө буулгасан түрээсийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ноогдуулах татварыг нэг удаад чөлөөлж өгөхөөр Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар тодорхой болгож мэдээлэх

2.    Хорио цээрийн хугацаанд түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх

3.    Цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн ч түрээсийн зардлыг ихэнх аж ахуйн нэгжүүд нэмээгүй байна. Иймд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд төлдөг цахилгаан, дулаан зэрэг ашиглалтын зардлуудыг тодорхой хувиар бууруулах

4.    Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвараас тодорхой хувиар бууруулах, чөлөөлөх. (Газрын төлбөр өссөнтэй холбоотойгоор өмнө 97 сая төгрөг төлдөг; байсан аж ахуйн нэгж 300 сая төгрөг төлдөг болж 3 дахин нэмэгдсэн байна)

5.    Түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварын төлөлтийг 6 сараар хойшлуулах

6.    Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг хорио цээрийн хугацаанд хойшлуулах

7.    Бусад аж ахуйн нэгжүүдийн адил үндсэн зээлийн төлөлтийг 6 хүртэлх сараар хойшлуулах, торгууль, алданги тооцохгүй байх, зээлийн бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байна гэжээ.

Мөн МҮХАҮТ-аас Арилжааны банкуудын саналуудыг авч нэгтгэн хүргүүллээ. Үүнд:   

1.    Бизнесийн зээл олголт, дахин санхүүжилт хийх боломжоор хангах зорилгоор улсын төсөвт хөрөнгө оруулалт хэлбэрээр тусгагдсан нэн чухал шаардлагагүй хөрөнгө оруулалтыг энэ жилдээ тэвчиж, банкны системийн 3 хувьтай тэнцэх хэмжээний  зээлийн шугамын эрхийг банкнуудад нээж өгөх;  

2.    Монголбанкны Ерөнхийлөгч Сангийн сайдын хамтарсан тушаалаар 2019.06.10-ны өдөр баталсан “Активын ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын хэрэгжилтийг тодорхой хугацаагаар хойшлуулах, эсхүл түдгэлзүүлэх;

3.    Дээр дурьдсан саналтай холбоотойгоор Монголбанк өөрийн эрх мэдлийн хүрээнд зээлийн мэдээллийн санд бүртгэгдэх иргэд, хуулийн этгээдийн зээлийн мэдээллийг мөн хугацаанд нь түдгэлзүүлэх;

4.    Монголбанкнаас баталсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт тавих журам”–д заасан банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа, гадаад валютын ханшийн эрсдэлийн зохистой харьцаа зэрэг үзүүлэлтүүдийн зарим нөлөөлөл үзүүлэх үзүүлэлтүүдийн хэрэгжилт, зохицуулалтыг 6 сар эсхүл нөхцөл байдал хэвийн болох хүртэл хугацаанд түдгэлзүүлж мөрдөхгүй байх;

5.    Монголбанкнаас баталсан “Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам”-ын шаардлагыг зөөлрүүлж хэрэгжилт, зохицуулалт  6 сар эсхүл нөхцөл байдал хэвийн болох хүртэл хугацаанд түдгэлзүүлж мөрдөхгүй байх;

6.    Мөн энд дурдаагүй хянах, зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудаас батлан гаргадаг журам, заавруудын хэрэгжилтийн талаар мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах гэжээ.

Мөн хурлын үеэр Ардчилсан намын бодлогын хорооны гишүүн С.Одонтуяа:

-    Макро эдийн засгийн гол дөрвөн оролцогчийн нэг болох өрхийн тухай огт яригдахгүй байна. Ерөнхий сайдын мэдэгдэлд ч өрх айл багтсангүй. Хамгийн гол оролцогч өрхийн тухай  бид зайлшгүй ярих ёстой. Өнөөдөр 400 мянган өрх гэр зээлтэй, үүнээс 100 мянган өрх давхар зээлтэй байна. 2019 оны судалгаагаар өрх орлогынхоо 70 хувийг зээлд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Маш өндөр эрсдэлтэй байгаа өрхийн эдийн засгийг бид нар орхигдуулж болохгүй. Өрхүүд байрны түрээс, ипотекийн зээлээ төлж чадахгүйд хүрвэл байрнаасаа хөөгдөн гудамжинд гарах ч эрсдэл бий болно. Бид өнөөдөр хөгжил гэж ярихаасаа өмнө хамгаалах ёстой.  

Ардчилсан намын бодлогын хорооны гишүүн З.Энхболд:

-    Улсын төсөвт тодотгол хийнэ хийхгүй гэдэг маргаан, сангийн сайдын хүслээс хамаарах зүйл огт биш. Одоо Ардчилсан намын зөвлөлөөс гаргасан тогтоолын төслийн хавсралтууд дээр танхимын саналаас тусгаагүйг нь нэмж тусгаад, төсөвдийн тодотгол, мөнгөний бодлого хоёроо яаралтай, цоо шинээр бичихгүй бол дэлхий нийтээр тэмцээд буй шинэ  төрлийн корановирустай тэмцэх боломжгүй болоод байна. Өрхүүд орон байртайгаа үлдэх боломжийг эрэлхийлж, ипотекийн зээлийг түр хугацаагаар биш бүтэн нэг жилээр сунгаж, өрхийн эдийн засгаа хамгаалах хэрэгтэй. 2016 онд гаргасан ипотекийн зээлийн орлогыг улсын төсөвт холбож өгсөн буруу шийдвэрийн гор өнөөдөр гарч байна. Үүнийг зогсоох хэрэгтэй.

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-    Ардчилсан намын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэр бодитой үр дүнтэй байх ёстой. Бид нар өнөөдөр бодит байдалтай эвлэрэх цаг болсон. Ний нуугүй хэлэхэд аливаа зүйлийг бодитоор нь хэлэхээр эргээд мушгиж гуйвуулаад, гутаан доромжилдог, харлуулдаг ийм байдлаар хол явахгүй. Хий хоосон сонгуульд зориулсан энэ попилист уур амьсгалыг болих ёстой. Бид засгийн эрх барьж байгаа сөрөг хүчин гэж талцахгүйгээр нийт Монголчуудынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах цаг болсон гэв.  

Ангилал


Twitter


Facebook