Covid-19 ын үед эдийн засгийг хамгаалах тусгай хөтөлбөр боловсруулахыг Ерөнхий сайдаас шаардлаа

2020-03-19
|
Мэдээ

          Ардчилсан намын зөвлөл өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаараа өндөр хүүтэй зээлтэй иргэн, ААН-ийн зээлийг гурван хувьд шилжүүлэх хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьсан. Уг тогтоолын төслөөр “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1,436,877.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг хасаж хэмнэсэн 355,065.1 сая төгрөгийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, 100 сая төгрөг хүртэл зээл олгох, арилжааны банкны өндөр хүүтэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээлд шилжүүлэх” зэрэг арга хэмжээг авч, хэрэгжүүлэх хуулийн төслийг хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр “Covid-19” короновирусын үед Монголын эдийн засагт үүсэх эрсдлүүдийг макро эдийн засгийг хувьд ямар байгаагаар дүгнэлт гаргаж, зохих ёсны шаардлагыг МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүллээ. 

Уг шаардлага бичигт:

         Дэлхий нийтээр тархаад байгаа “Covid-19” короновирусыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага тахал хэмээн зарласантай холбогдуулж улс орон болгон эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулгарч байгаа учир энэ цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал,

-АНУ эдийн засгийг дэмжих 1.2 их наяд ам.долларын дүнтэй багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчиддээ 50 гаруй тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ ч амласан.

  • БНСУ 11.7 их наяд вон буюу 9.4 тэрбум ам.долларын тусгай төсөв баталлаа.
  • Франц улс компаниудаа дэмжихээр 335 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний банкны зээлд Засгийн газрын баталгаа олгох, татвар, нийгмийн даатгалын төлбөрөөс чөлөөлж, зээлийн эргэн төлөлтийг нь хойшлуулахад дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
  • Японы 12 их наяд иений үнэт цаас худалдаж авахаа мэдэгдсэн.

       Энэ мэтчилэн Улс орнууд эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, хэрэглэгчдийн болон бизнесийн идэвхи буурахаас сэргийлж төв банкууд нь бодлогын хүүгээ бууруулж, үнийн тогтвортой байдлыг хамгаалах, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, санхүүгийн нөхцөл байдлыг дэмжих, санхүүжилт татрахаас сэргийлэх зорилготой бодит арга хэмжээнүүдийг авч эхэллээ.

     Манай улс “Covid-19” короновирусаас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн арга хэмжээ авч байгаа ч короновирусын үеийн эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад нэн шаардлагатай арга хэмжээг Засгийн газар  авахгүй, энэ талаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлөөс гаргасан олон саналыг хүлээн зөвшөөрөхгүй хойш суусаар байна.

“Covid-19” короновирус цар тахлаас үүдэж Монгол улсын төсөв, эдийн засагт дараах бодит эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн байна.

  1. Төсөвтөө тодотгол хийхгүй, бизнесээ дэмжсэн ямар нэгэн шийдвэр гаргахгүй энэ чигээрээ явбал 200-250 мянган хүн ажлын байрнаасаа салах эрсдэл,
  2. Экспорт 1.6 тэрбум ам.доллараар буурч нийтдээ 6.6 тэрбум ам.доллар болох төлөвтэй байна.
  3. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны 2 дугаар сард 697.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 92.6 (11.7%) тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ 848.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 253.9 (42.7%) тэрбум төгрөгөөр өсжээ.
  4. Татварын нийт орлого 2020 оны эхний 2 сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.2 (5.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
  5. Гадаад худалдааны хувьд нийт бараа эргэлт 1.5 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 770.7 сая ам.доллар, импорт 750.0 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 410.4 (21.3%) сая ам.доллар, үүнээс экспорт 322.9(29.5%) сая ам.доллараар, импорт 87.5 (10.4%) сая ам.доллараар тус тус буурчээ. Үүнд зэсийн баяжмал 90 сая ам.доллар, нүүрсний борлуулалт 104.8 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Ийнхүү хоёрдугаар сарын байдлаар төсвийн орлого, экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан байна.

      2011-2012 онд Дэлхий нийтэд “SARS” дэгдэх үед өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт 1% удааширсан нь манай улсад 5.2%-ийн уналт авчиржээ. Тэгвэл энэ удаа дэлхийн эдийн засгийн өсөлт 0.5%, БНХАУ-ынх 1 ба түүнээс дээш хувиар унана гэсэн таамаг 5.6% өсөлттэй байхаар төсөөлж байгаа учраас хөршөөсөө экспортын 90%-ийн хамааралтай Монгол Улсын эдийн засгийн өсөлт шууд гацах нь тодорхой болж байна.

        Монгол улсын 2020 оны хөрөнгө оруулалтын зардлыг 1 их наядаар бууруулах боломж байна гэсэн тооцоог Төсвийн зарлагын дэд хяналтын хорооны хэлэлцүүлгийн үеэр гаргаж, жагсаалтаар танилцуулж байсан.  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дурдсанчлан 2020 онд санхүүжигдэх 355 тэрбумыг нь царцаах боломж байна.

Иймд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлөөс Засгийн газарт дараах шаардлагыг хэрэгжүүлэхийг шаардаж байна.

  1. “Covid-19” короновирусын үед улсын эдийн засгийг хамгаалах тусгай хөтөлбөр боловсруулах,
  2. Төсвийн алдагдал бодитоор үүссэн энэ үед нэн яаралтай Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зэс, нүүрсний үнийг бодитоор тооцож, биет байдлаар хичнээн хэмжээний нүүрс гаргаж чадахаа тооцоолж төсвийн орлого, зарлагыг дахин тооцох, гадаад худалдааны тооцоог дахин хийх, коронавирусын дэгдэлттэй холбоотой 2020 оны төсвөөс 1-1.5 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүний алдагдлыг тооцох, эдийн засгийн бусад макро үзүүлэлтүүдийг үүссэн нөхцөл байдалд уялдуулан батлах, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг яаралтай царцаах, дор хаяад 1 их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулах,
  3. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг нэн яаралтай бууруулж, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах,
  4. Засгийн газар Монголбанк хамтран хүн амын орлого болон хэрэглээний багцын хумилтын эсрэг авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулж Улсын Их Хуралд яаралтай оруулах" гэжээ.

 

 

 

Ангилал


Twitter


Facebook