З.Нарантуяа: Улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол үйл ажиллагааны бодит төлөвлөгөө байх ёстой

2020-03-04

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний IV аяны хоёрдугаар үе шат  эхэллээ. Үндэсний IV  аяны хоёрдугаар шат  энэ сарын 1-20-ны өдрүүдэд орон даяар үргэлжилнэ. Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа ахлан ажиллаж байна.

З.Нарантуяа:  Уралдаж бэлэн мөнгө амлаж, эдийн засгаа сүйтгэдэгээ зогсоох хэрэгтэй

-Улс төрийн намын мөрийн хөтөлбөр гэдэг бол сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх авах юм бол шууд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодит төлөвлөгөө байх ёстой. Ардчилсан нам мөрийн хөтөлбөр боловсруулахдаа энэ зарчмын дагуу хандаж, ажиллаж байна. Ер нь улс төрийн намууд ард түмэнд таалагдах, илүү их санал авахын тулд  хий хоосон, мөрөөдлийн амлалтууд өгсөөр ирсэн шүү дээ. Тэгвэл энэ удаад Ардчилсан нам энэ байдлаас татгалзъя гэж байгаа юм. Бусад намууддаа ч гэсэн уриалмаар байна. Монгол Улсынхаа ирээдүй, хөгжлийн төлөвлөгөөг харсан бодит мөрийн хөтөлбөр, бодит санаагаараа уралдацгаая.

Энэ удаад хийж чадах бодит ажил хэргээрээ өрсөлдөцгөөе. Уралдаж бэлэн мөнгө амлаж, эдийн засгаа сүйтгэж, хорлохоос татгалзъя. Улс төрийн шинэ соёлд суралцъя. Цахимаар мөрийн хөтөлбөрт санал авах аян өрнөснөөс хойш иргэд маш идэвхтэй оролцож байна. Иргэдээс ирүүлж буй саналыг авч үзвэл ерөөсөө л ажлын байрны асуудлыг хамгийн ихээр хөнджээ. Мэдээж иргэн бүр ажлын байртай байвал өрх бүр орлоготой, ядуурлаас ангид байх боломж бүрдэнэ. Ялангуяа хөдөөгийн иргэд орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх талаар маш их саналаа ирүүлж байгаа. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг орон нутагт олноор байгуулах, хөнгөн үйлдвэрийн салбараа бодлогоор дэмжвэл ялангуяа хөдөө амьдарч буй эмэгтэйчүүд ажлын байртай болох боломжтой. Нөгөөтэйгүүр Монгол Улсад ямар нэгэн байдлаар халамж хүртдэггүй өрх гэж бараг байхгүй болчихсон байна. Энэ нь зорилтот бүлэгтээ хүртээмжгүй, үр өгөөжгүй хавтгайрсан халамжийн бодлого хэрэгжиж байгаагийн илэрхийлэл.

Статистик харахаар ажил идэвхтэй хайдаггүй хэрнээ халамж хүртдэг 58 мянган иргэн Монгол Улсад байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зайны ажлын байр бий болгож өгөхийг хүсч байна. Мөн залуус олон ажлыг зэрэг хийх цагийн болон цалингийн системийг бүрдүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлж байгаа. Заавал өглөөнөөс орой хүртэл нэг ажлын байран дээр, цагаа бүртгүүлж ажиллах арга барилаас татгалзаж, орчин үеийн чиг хандлагатай зохицсон ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэйг залуус бидэнд хэлж байна. МСҮТ болон их, дээд сургуулиудын сургалтын чанар, технологийг бүхэлд нь шинэчилж, шийдвэрлэх саналууд ирж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн залуус, иргэд улс төрийн намуудаас эрс шинэчлэлийг хүлээж байгаагаа илэрхийлж  байгаа юм. Нийгэм улс төрийн намууд шинэчлэгдэх шаардлагатайг хэлж байна. Салбар бүрээс маш ажил хэрэгч саналуудыг ирүүлж байна. Нийгэм бүхэлдээ шинэчлэлийг хүлээж байна. Тэгэхээр улс төрийн намуудаас аль нь үүнийг соргогоор мэдэрч, бодлого, мөрийн хөтөлбөртөө тусгасныг нь сонгохоо иргэд илэрхийлж байгаа юм.

 

Ангилал


Twitter


Facebook