С.Эрдэнэ: Ардчиллаа хамгаална гэдэг тусгаар тогтнолоо хамгаалж буйтай агаар нэг

2020-02-17

МоАХ байгуулагдаж байсан тэртээх түүхийн он жилүүдийн тухай болон түүний ардчилсан хувьсгалд оролцож явсан дурсамжуудынх нь талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-МоАХ байгуулагдсан түүхэн 30 жилийн ой энэ хоёрдугаар сарын 18-ны өдөр тохиож байна. Ардчиллын салхи сэвэлзэж ирсэн энэ түүхэн өдрийн тухай дурсан ярихгүй юу?

-1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр бол ардчилсан хувьсгалын эхлэлийн оргил цэг байсан. Энэ өдөр МҮЭСТО-ны их танхимд МоАХ-ны анхдугаар Их хурал болсон. Хуралд оролцох хүсэл сонирхолтой хүмүүс маш олон байсан. Их хурлын танхим дүүрэн хүнтэй, танхимд багтаагүй хүмүүс ордныг тойроод хэдэн зуугаараа байсан. Тухайн үед нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх вий гэдгээс гол санаа зовниж байсан. Учир нь замын хөдөлгөөн хаагдсан МҮЭСТО-ны гадна жагссан иргэд зам дээр хэдэн арваараа битүү зогссон байлаа. Тэнд ямар нэг зүйл болоогүй хурал маш амжилттай болсон.

-Хэд орчим хүн цугласан гэсэн тойм тоо байдаг уу?

-МҮЭСТО 1000 хүний багтаамжтай. Гадаа нь хамгийн багадаа 500-600 орчим хүн байх шиг байсан. Тэгэхээр нэг 2000 орчим хүн цугласан гэж бодож байна.

-МоАХ-ны анхдугаар хурлын гол сэдэв болон эндээс үүссэн үзэл санаа юу байв?

-Монголчууд энэ хурлыг маш их сонирхож байсан нь түрүүнд хэлсэн хэдэн зуун хүн ирснээс харж болохоор. Өмнө нь ийм улс төрийн агуулга зорилготой том хэмжээний хурал Монгол Улсад болж байгаагүй. Анхны хурал байсан төдийгүй МоАХ байгуулагдаад удаагүй цаг үе байлаа. Уг хурлаар бид 10 эрхэмлэх зүйл буюу гол шаардлагаа хэлэлцүүлэн тавьж, үүнийгээ Их хуралд танилцуулсан. Илтгэлийг Д.Сосорбарам тавьсан. Үйл явц нэлээд өрнөлттэй мундаг хурал болсон доо. Ерөнхийдөө Дэлхийн ардчилсан холбоо ардчиллын шударга ёс, хүний эрхийн тулгуур зарчмуудыг тодорхойлох гэж оролдсон. Энэ бол их чухал асуудал байсан. Тэр бүр хүмүүс сонсож, ойлгож байгаагүй сэдвүүд байлаа.

-Шинэ тутам санагдаж байсан ардчиллын тухай сэдвүүдийг тэнд цугласан хүмүүс ямар уур амьсгалтай хүлээж авсан бэ?

-Нийгмээрээ л төлөвлөгөөт эдийн засагтай, улс төрийн хүрээнд зөвхөн социализм, коммунизмыг л ярьдаг байсан үе шүү дээ. Энэ үед хүмүүс ардчилал гэж яг юу болох, ялангуяа, бүр зах зээлийн тухай ямар ч ойлголтгүй байсан л даа. Анх удаа социализм, коммунизм, төлөвлөгөөт эдийн засгаа шүүмжилсэн, тухайн үеийн нийгмийн тогтолцоо, анги бүлэглэлүүдийн хоорондын ялгааг гаргах гэж оролдсоноороо анхдугаар хурлын ач холбогдол оршиж байсан. Хамгийн түүхэн үйл явдал нь, Монголд улс төрийн олон намын тогтолцоо бүрдэх нөхцөл бүрдсэнийг, Монголын Ардчилсан Нам байгуулах болсныг албан ёсоор зарласан. Энэ үйл явц л тус хурлын оргил үе байсан даа.

-Таныг хурлын зохион байгуулах комисст ажиллаж байсан гэсэн. Тэр үед эрх баригчид хурлыг хаах, хориглох гэх мэт асуудал үүсгэж байсан уу?

-Тухайн үед би хурлын дотор байгаагүй. Аймаг орон, нутаг, нийслэлээс сонгогдсон төлөөлөгч нар байсан. Би зохион байгуулах ажлын хэсэгт багтаж, гадна талын аюулгүй байдал, зохион байгуулалтыг хангах ажлыг гардан хийлцэж байсан. Мэдээж хуралдааны зөвшөөрлийг өгөхгүй байх, ямар нэг байдлаар саад учруулах асуудал алхам тутамд тулгарч байсан. Хүн бүрт л дотор нь бяцхан айдас хургаж байлаа. Хэзээ, хаанаас ямар цэрэг, цагдаа нь гарч ирээд хүч хэрэглэж янз бүрийн юм хийчих вий гэсэн. Гэхдээ нэгэнт өөрчлөлтийн төлөө, ардчилсан хувьсгалыг улам эрчимжүүлэх зорилго, зориг нь тухайн үеийн залуучуудад бүрэн дүүрэн байсан учраас бүх саад бэрхшээлийг даван туулж зорилгодоо хүрч чадсан.

-МоАХ-ны хурлаар Ардчилсан нам байгуулагдаж байжээ?

-МоАХ-ны анхдугаар их хурлаар Монголд олон намын тогтолцоо бий болох хөрс суурь тавигдаж, Монголын Ардчилсан нам байгуулагдаж байгааг зарласан нь манай улс төрийн түүхэнд маш том, шинэлэг тектоник болсон. Анхдугаар хурлын дараа 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Монголын Ардчилсан намын анхдугаар Их хурал хуралдаж, Монголд хоёр дахь том улс төрийн нам байгуулагдсаныг зарласан. Үүний дараа маш олон намууд төрөн гарч ирсэн.

-1990 онд Та ямар ажил алба эрхэлж байв. Хувьсгалд оролцсоны дараа улс төрийн ажилтан болсон уу?

-1990 онд Багануурт зөвлөлтийн барилгын байгууллагын монгол ажилчдын захиргаанд эвлэлийн ажил хийж байсан. 1989 оны аравдугаар сараас эхлэн МоАХ-ны анхны хурал цуглаан, уулзалтад оролцож яваад, дундаа ухуулах хуудас наадаг болоод, сүүлдээ Ардчилсан холбооны үүр хэсгийг байгуулах, хурал зөвлөгөөн зохион байгуулах бүх ажилд зүтгэсэн. Ингээд Монголын Ардчилсан намын анхдугаар Их хурал СТӨ-нд болсны дараах нь буюу тавдугаар сард байх аа Багануураас Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Ингээд Монголын Ардчилсан намын Нийслэлийн зөвлөлд улс төрийн ажилтнаар орсон. Ингээд л 1990 оны зун Ардын Их хурлын сонгуульд оролцсон доо. Тэр үед Хайлаастын 12 дугаар тойрог дээр өөр намын буюу МҮДН-аас нэр дэвшсэн Даш.Ганболдын шадар туслахаар ажиллах үүргийг надад намаас өгсөн юм. Учир нь, тэр үеийн МАХН-ын дарга Г.Очирбаттай өрсөлдөхөөр Даш.Ганболд нэр дэвшсэн байсан. Ний нуугүй хэлэхэд, Хайлаастын 12 дугаар тойрог дээр МҮДН-ын анхан шатны байгууллагын бүтэц, гишүүд гээд юу ч байхгүй ганцхан Монголын Ардчилсан намын үүр л байсан. Тиймээс намынхаа гишүүдийн дэмжлэг дээр тулгуурлан коммунист намын даргыг ялах үүргийг хүлээж байлаа.

-Сонгуулийн дүн хэрхсэн бэ. Ялсан уу?

-Гуравхан хувийн саналаар ялагдсан. Тийм түүхтэй. Дараа нь бас дахин сонгууль болж, тэр үеийн Ажилчны район буюу одоогийн Биокомбинат, Шувуун фабрик дээр Ерөнхий сайд агсан П.Жасрай гуай манай Э.Бат-Үүл нар өрсөлдөж, хоёулангийнх нь санал 50 хувь хүрэхгүй унаснаар дахин сонгууль болсон юм. Энэ үед бас Э.Бат-Үүлийн шадар туслахаар ажилласан. Ингээд дахин сонгуулиар тэр ялалт байгуулсан ийм л түүхтэй. Энэ мэт 1990 оноос хойш олон нөхдийгөө аймаг, нийслэл, орон нутгийн сонгуульд дэмжиж оролцож, өөрөө ерөөсөө нэр дэвшдэггүй байсан.

-Та чинь шадар туслахаар олонтаа ажиллаж явжээ. Яагаад сонгуульд өрсөлдөхөөр болсон бэ?

-1996 онд нийслэлийн болон дүүргийн Иргэдийн хурлын сонгуульд заавал оролц гэсэн шаардлага, шахалтыг тэр үеийн нийслэлийн намын дэд даргаар ажиллаж асан Д.Ганхуяг өгсөн. Тэрээр “Чи улс төрд өчнөөн олон жил явчхаад яагаад дэвшдэггүй юм. Энэ удаа заавал дэвш” гээд л 1996 оны орон нутгийн сонгуулиар нэр дэвшиж, нийслэлийн болон Баянгол дүүргийн Иргэдийн хуралд зэрэг сонгогдож байлаа. Тэр үед нийслэл, дүүрэгт давхар дэвшиж болдог байсан юм. Тэр намраа Баянгол дүүргийн Засаг даргаар сонгогдсон. Ингэж л төрийн ажил руу эргэж буцалтгүй орсон доо.

-Ойтой холбогдуулан нийт партизанууд болон ардчиллын үндэс суурийг тавьсан хүмүүст, цааш нь улам дэлгэрүүлэх залуучуудад хандаж та урмын бас ерөөлийн үгээ хэлэхгүй юу?

-Өнөөдрийн болон тэртээх 1989, 1990 оны Монголын нийгэм, эдийн засгийн өнгө төрх өдөр шөнө шиг ялгаатай. Тэр үед улс орон даяараа 500-хан сая ам.долларын эдийн засагтай, нэг хүнд ногдох орлого 100 орчим ам.доллар байсан шүү дээ. Харин өнөөдөр 14 тэрбум ам.долларын эдийн засагтай төдийгүй ядуу буурай орноос хөгжих гэж буй орны тоонд орчихсон, дээр нь нэг хүний бодит орлого 3500-4500 орчим ам.долларт хүрсэн байна. Энэ бол хөгжлийн нэг том алхам. Тэр үеийн коммунистууд “Хэрэв ЗХУ-аас салах юм бол Монгол Улс бие даан хөгжиж, амьдарч чадахгүй. Шууд Хятадын эрхшээлд орно” гэдэг үзэл суртлын дайн явуулж байсан. Үгүй юм аа гэдгийг өнгөрсөн 30 жил харууллаа. Нэг үгээр хэлбэл, монголчууд бие даан амьдарч, улс орноо авч явж, өвөг дээдсийнхээ байгуулж өгсөн газар шороог эзний ёсоор авч явж чадна гэдгээ харуулж чадсан 30 жил байлаа. Үүнд л бахархаж явдаг. Ардчилал бол монголчуудад жинхэнэ утгаар нь тусгаар тогтнол, эрх чөлөөг авчирч өгсөн. Зүгээр нэг нийгмийн тогтолцоог өөрчлөх төдий алхам байсангүй. Хагас өлсгөлөнгийн нийгэм байсан шүү дээ.

Иймд тусгаар тогтнол, хувь хүний эрх чөлөө маш их үнээр олдсон учраас хайрлаж, хамгаалж яваарай гэж залуу үедээ хэлэх байна. Ардчиллаа хамгаална гэдэг бол тусгаар тогтнолоо хамгаалж буйтай агаар нэг.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Ардчилал таймс сонин

Ангилал


Twitter


Facebook