Я.Санжмятав: МАН сонгогчдын эрх ашгийг бодолгүй хувиа хичээж нийслэлийн мандатыг хаслаа

2020-02-05
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн Я.Санжмятаваас УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын талаар байр суурийг нь сонслоо.

-УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт шударга болж чадсан уу?

-Ардчилсан нам Улаанбаатар хотын тойрог, мандатыг хэвээр үлдээх байр суурьтай байсан. Зарим аймаг нь 90 мянга хүрэхгүй 70 орчим мянган хүн амтай байна. Тэгэхээр гурван мандаттай ийм аймгийн мандатыг цөөлж нэг мандаттай аймагт шилжүүлэх зарчмын санал тавьсан.

Тухайлбал, Хэнтий аймаг 77 мянга гаруй хүн амтай. Гэтэл УИХ-ын сонгуулийн гурван мандаттай байна. Зарим аймагт дөрвөн жилийн дотор шилжилт хөдөлгөөн гарч сонгогчийн тоо нь буурсан байгаа. Тэгэхээр хүн амын тоог нь харгалзан үзэж байж мандатын тоог нь тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл цөөн хүн амтай аймгийн мандатыг цөөлж, нэг мандаттай дөрвөн аймагт шилжүүлэх учиртай байсан. Харамсалтай нь тэгсэнгүй. Манай улсын хүн амын дийлэнх нь оршин сууж буй Улаанбаатар хотын мандатын тоог цөөлөх шийдвэр гаргасан.

-Улаанбаатар хотын мандатыг яагаад цөөлөх болсон юм бол. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Судалгааны байгууллагуудын гаргасан судалгааны дүнг харвал Ардчилсан намын рейтинг Улаанбаатар хотод өндөр байгаа. Ийм учраас МАН цөөн суудал авах нь гэсэн болгоомжлол бий. Тэгээд мандатын тоог нь цөөлж, орон нутгаас авах суудлынхаа тоог нэмэгдүүлнэ гэсэн тооцоо хийсэн башир арга гэж харж байна.

Түүнээс биш хөдөө орон нутгийн иргэд, сонгогчдыг бодсон асуудал байхгүй юм. Зөвхөн УИХ-д нэг ч гэсэн суудал яаж авах вэ гэсэн байдлаар асуудалд хандах болсон. Хүн амын суурьшил, газар нутаг бусад онцлогуудыг эрх баригч МАН огт бодохгүй байгаа. Ганцхан УИХ-ын сонгуульд яаж ялах вэ гэсэн бодлоор л хууль дүрэм боловсруулж, үйл ажиллагаа явуулж байна.

 

Ангилал


Twitter


Facebook