С.Эрдэнэ: МАН нийслэлийн сонгогчдоос айсандаа орон нутагт мандат шилжүүлэх гэж байна

2020-01-21
|
Ярилцлага
  • Нийслэлийн мандатаас аймагт шилжүүлбэл улс төрийн арга хэмжээ авна гэв
  • МАН-ын рейтинг нийслэлд муу байгаа тул орон нутагт мандат шилжүүлэх аргыг хэрэглэх гэж байна

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан тойргийн мандатыг шударгаар тогтоох санал хүргүүллээ. Тэрбээр албан бичигтээ “Хүн амын тоон үзүүлэлтээр авч үзвэл нийт хүн амын 46 хувь нь амьдардаг нийслэл хотод 35 мандат ногдох ёстой. Тиймээс нийслэлийн 28 мандатын тоог нэмэхгүй юм гэхэд бууруулахгүйгээр шийдэх ёстой. Харин нэг мандаттай аймгуудын мандатыг нэмэхийг зорьж байгаа бол хамгийн цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд хооронд нь шилжүүлэх замаар шийдвэл шударга ёсонд нийцнэ. Хэрэв энэ саналыг тусгалгүй олонхоороо хүч түрэн шийдвэр гаргавал улс төрийн шат дараалсан арга хэмжээ авахаа мэдэгдэж байна” гэжээ. Мөн тэрбээр энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

-Мандат хуваарилалтыг хүч түрэн шийдвэл улс төрийн арга хэмжээ авна гэсэн. Үүнийгээ тодруулна уу?

-УИХ-ын гишүүн газар нутгийг төлөөлдөггүй, иргэдийг төлөөлдөг. Тиймээс хүн амын хаа тоог харгалзан мандат хуваарилах нь зүйд нийцнэ. Нийслэлийн иргэдийн эрх ашиг эрх баригчдад хамаагүй гэж үзвэл улс төрийн акц зохион байгуулна. Шулуухан хэлэхэд МАН-ынхан нийслэлийн сонгогчдоос айж байна. Нийслэлийн сонгогчид мэдээлэлд ойр, аливаа хэрэг явдлын бодит байдлыг дүгнэж чаддаг учраас эрх баригчид аймагт тойрог шилжүүлж, орон нутгийн иргэдийг хууран мэхлэх замаар санал авна гэж тооцоолж байна. Нөгөөтэйгүүр, улс төрийн бүх судалгаагаар МАН-ын рейтинг нийслэлд муу байгааг тооцоолж, орон нутагт мандат шилжүүлэх арга хэрэглэх гэж байгаа юм.

-УИХ дахь танай намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Австралид казинод байгаа баримт ил боллоо. Үүнд намын даргын хувьд ямар тайлбар хийх вэ?

-Д.Эрдэнэбат даргатай утсаар холбогдоход “Хувь хүнийхээ үүднээс сонирхож казинод орсон нь үнэн. Гэхдээ ямар нэгэн тоглох үйлдэл хийгээгүй” гэсэн тайлбарыг надад өгсөн. Ямар ч хүн сонирхох, мэдээлэл авах үүднээс аливаа газар, байгууллага, дэлгүүрт ороод гардагтай адил үйлдэл гэж би дүгнэж байна. Хэрэв бооцоо тавьж, казино тоглосон нь нотлогдвол намын хяналтын байгууллагад өгнө. Тэнд ёс зүйн хариуцлага тооцох эсэх нь яригдах байх.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү танай намд элсэх хүсэлтээ өгсөн үү?

-Одоогоор О.Баасанхүү гишүүн АН-д хандаж санал, хүсэлт илэрхийлээгүй.

Эх сурвалж: засгийн газрын мэдээ сонин

Ангилал


Twitter


Facebook