Д.Мурат: Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, босгыг өндөрсгөх нь зөв

2019-12-31

Сонгуулийн хууль болон АН-ын санхүүжилтийн талаар УИХ-ын гишүүн Д.Мураттай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа. 2020 оны сонгуулийг томсгосон тойрог олон мандаттай явуулахаар боллоо. Энэ сонгуулийн тогтолцоог та хувь гишүүнийхээ хувьд хэрхэн үзэж байгаа вэ?

-Сонгуулийн хуулийн гол зарчим сонгогчдод төрийн төлөөллөө сонгох боломжийг хэрхэн зөв хангах вэ гэдгийг тусгах нь хамгийн гол асуудал. Тиймээс томсгосон тойргоор сонгууль явуулахыг миний хувьд дэмжиж байгаа. Яагаад гэвэл иргэдийн шууд сонгох боломж хангагдана гэсэн үг. Дээрээс нь тухайн нэр дэвшигч илүү их шүүлтүүрээр олон нэр дэвшигчийн дундаас сонгогдно. Мөн сонгогчид ч гэсэн олон нэр дэвшигч дундаас сонголтоо зөв хийж сайн төрийн түшээдээ сонгох боломжоор хангандна. Томсгосон тойрог дээр “царцаа”-ны нүүдэл харьцангуй багасна байх. Мөнгөний нөлөөлөл харьцангуй багасна. Том тойргийг худалдаж авахад хэцүү. Сайн талууд олон бий.

-Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр АН-аас холимог тогтолцоо оруулах санал гаргасан ч унасан. Манай улсад ер нь хамгийн тохирох сонгуулийн тогтолцоо аль нь гэж боддог вэ?

-Өмнөх Үндсэн хууль өөрийнхөө үүргээ хангалттай биелүүлсэн одоо өнөөгийн хөгжиж байгаа нийгэмд нийцүүлэн Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлтүүд оруулах зайлшгүй шаардлагууд гарсан. Миний бие Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэмжсэн 62 гишүүний нэг байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч болон манай намын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр сонгуулийн холимог тогтолцоотой болох, УИХ-д суух гишүүдийн тоог нэмэх зэрэг санал оруулсан боловч харамсалтайн дэмжигдээгүй. Одоогийн сонгуулийн тогтолцоо сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг ИТХ-ын төлөөлөгч нар сонгосноос болж, эрх мэдэл нь хумигдвал, ИТХ-ын аль нэгэн төлөөлөгчид барьцаалагдсан, хараат үйл ажиллагаа явуулж байгаа нь ард иргэд дунд хагарал үүсгээд байгаа гол шалтгаан болоод байна. Үүнийг өөрчилж дээрх албан тушаалтнуудыг ард иргэдийн санал хураалтаар сонгож томилох. Сонгогдсон сум, дүүргийн Засаг дарга нар багийн дарга нарыг өөрсдөө шууд томилох тогтолцоотой болгохыг зорьсон байсан юм. Одоогийн сонгуулийн тогтолцоо нь нэг нам давамгай ялалт авч, цөөн саналын зөрүүтэй бусад нам ялагддаг муу дагавартай тогтолцоо юм. Холимог тогтолцоогоор парламент олонхгүй буюу ойролцоо суудалтай харьцангуй олон намаас бүрдэнэ. Сонгогчдын санал төр засагт шууд тусгалаа олдог давуу талтай.

-Сонгуулийн сурталчилгааны хоногийг 22 болгож нэмэгдүүлсэн. Тойрог томсгохоор хугацаа хангалттай байж чадах уу?

-Тийм ээ. Сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсныг 22 болгож нэмсэн. Энэ миний хувьд хангалттай гэж бодож байна. Сурталчилгааны хоног бага байх тусам сонгогчдод чирэгдэл учирч ажлаа алдахгүй. Өмнөх сонгуулийн сурталчилгаа малчдын маань нүүдэл суудал хийх зэрэг ид ажил өрнөх үед давхацсан. Дээрээс нь сонгууль гэдэг өөрөө ард иргэдийг нам бүлэг болгож талцуулж, эв нэгдэлгүй болгож, хагаралдуулах муу үр дагавартай. Аль болох энэ хугацаа богино байвал энэ үзэгдэл бага байна гэсэн үг.

-Мандатын тоог нэмж, хасах асуудал яригдана гэж байгаа. Баян-Өлгий аймгийн мандат дээр өөрчлөлт гарах болов уу?

-Одоогоор мандат нэмж, хасаг асуудал яригдаагүй байна. Ер нь орон нутагт мандатын тоог бууруулах нь маш буруу гэж үзэж байна. Хөдөө орон нутгаас төрд төлөөлөх хүний тоог бууруулах нь хот руу зорих их нүүдлийн цувааг улам нэмэгдүүлнэ. Мөн орон нутагт хуваарилагддаг төсвийн хөрөнгө оруулалт энэ хэмжээгээр буурна гэсэн үг. Хамгийн гол нь эх орны минь өргөн уудам нутаг дэвсгэр, хил хязгаарыг сахиж, мал маллан нүүдэлчин түмний өв соёлыг хадгалж ажиллаж, амьдарч буй хөдөөгийн ард иргэдээ, ялангуяа үндэсний цөөнх болох Казах түмнээ төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлгүй шахам болгох нь Монгол Улсын Үндсэн хууль, үндэсний эрх ашгийг ноцтой зөрчинө гэж үзнэ байна.

-Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгүүлж байсан хүмүүс сонгуульд нэр дэвшихгүй байхаар хуульд заасан. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ийм заалт оруулсныг дэмжиж байгаа. Тэгэхээр хууль тогтоогч байгууллагад орж ирж байгаа хүмүүс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоогүй байх ёстой. Үүнийг хангахын тулд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, босгыг өндөрсгөх нь зөв.

-Сонгуулийн хуульд намын санхүүжилтийг хэрхэн тусгасан бэ?

-Өмнөх Сонгуулийн хуульд нам, эвсэл, нэр дэвшигчид иргэн гурван сая төгрөг хүртэл, байгууллага 10 сая төгрөг хүртэл мөнгөн хандив өгдөг байсан бол энэ удаад иргэн таван сая, хуулийн этгээд 20 сая төгрөг хүртэл хандив өгч болно гэж өөрчилсөн байгаа. Намын бусад санхүүжилтийг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулсан байдаг .

-Танай нам нэр дэвшигчдээс 100, 60 саяын татвар авах шийдвэр гаргасан. Ер нь ингэж татвар авах нь зөв үү?

-Нам эвсэл нэр дэвшигчээс татвар авах нь зөв гэж бодож байна. Тухайн нэр дэвшигчээс авсан татвараа нам нь өөрийн үйл ажиллагаа болон тухайн нэр дэвшигчийн сонгуулийн шууд болон шууд бус зардалд зарцуулна. Дээрээс нь улс төрийн намууд сонгуулийн санхүүжилтээ босгохдоо томоохон ААН-үүдээс хандив авах замаар шийдэж сонгуульд ялалт байгуулсны дараа тухайн хандив өгсөн компанийн зүгээс ямар нэгэн асуудлыг өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахаар дарамт, шахалт учруулахаас ангид байна. Үүнд ард иргэдийн хардалт сэрдэлт ч гэсэн байхгүй болно.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.itoim.mn

Ангилал


Twitter


Facebook