Д.Эрдэнэбат: Засгийн газар том алдаа хийлээ

2017-04-05
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах үйл явц өрнөж байна. Та бүхэн яагаад гаргасан шийдвэрээ хамгаалахгүй байна вэ?

-Би “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Гадна байсан бусдын хөрөнгийг Монголдоо оруулж ирсэн анхны түүхэн тохиолдол байсан. Харамсалтай нь, эрх баригчид Монголдоо оруулж ирсэн хөрөнгийг УИХ-ын тогтоолоор хүчингүй болгосон.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид шилжүүлснээр Монголд ямарваа нэг хохирол учраагүй. 49 хувь бол Монголын төрийн хувьд бусдын өмч. Бусдын өмчийг хууль бусаар авах нь Үндсэн хуулиар хориотой.

Энэ өмчийг “Монголын зэс” корпораци “Ростех”-ээс худалдаж авахдаа 400 гаруй сая ам.доллар төлсөн. Хэрвээ хүн мөнгөө төлөөд худалдаж авсан л бол өмч нь. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Бусдын өмчийг хуулиар хамгаална” гэж заасан.

Засгийн газрын шийдвэрийг би их гайхаж байгаа. Яагаад 400 гаруй сая ам.долларын үнэтэй бусдын өмчийг 4 цент ч төлөхгүйгээр булаагаад авч байгаа юм бэ?. Энэ чинь Үндсэн хуулийн ноцтой зөрчил. Бусдын хөрөнгийг нийгэмчлэх, дайчлан хурааж авахад заавал нөхөн төлбөр олгосон байх Үндсэн хуулийн заалттай. Энийг зөрчөөд, олонхиороо хүч түрсэн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа энэ төрийн үед байж болшгүй зүйл. Засгийн газар том алдаа хийлээ гэж харж байна.

Учир мэдэхгүй хүмүүс гүйж ороод, тушаалаар үүрэг гүйцэтгэж байгаа нь маш буруу.

Илтэд хууль зөрчиж байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигчид эрх ашгаа хамгаалах талын эрс алхам хийхгүй байгааг би бас гайхаж байгаа. Нэг хүний өмчийг хурааж аваад хууль бусаар нийгэмчлэх нь буруу.

-УИХ-аас баталсан тогтоолд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэх үйл явцыг ойлгомжгүй заачихсан юм уу, эсвэл?

-УИХ-ын тогтоол ойлгомжтой батлагдсан. Хэлцэл хий, шүүхээр буруу, зөвийг нь тогтоолгоод мөнгийг нь төлөөд буцааж ав л гэсэн утгатай тогтоол гарсан.

-Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпорацид шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргах үед та Аж үйлдвэрийн сайдын алба хашиж байсан. Энэ үйл явцыг олон нийтэд ил тодоор зарлаж болохгүй байсан шалтгаан нь юу юм бэ. Нууц байдалд “наймаа” явснаас араасаа хардлага, сэрдлэг олон юм дагуулж, эцэстээ төрд буцаан авах шалтгаан болчихов уу гэж хараад байна. Хоёрт, танд Засгийн газраас шийдвэрийг УИХ-д оруулах үүрэг хүлээлгэсэн байдаг. Та харин оруулаагүй?

-Тухайн үед “Эрдэнэт”-ийн 49 хувь Засгийн газрын нууц асуудлын жагсаалтад орж ирсэн. Нууц асуудал нууц асуудлаараа л хэлэлцэгддэг. Төрд мэдээлэх зүйл, мэдээлэхгүй зүйл гэж бий. Олон улсад нээлттэй байлгаж болох, болохгүй зүйл гэж байна. Нууцын зэрэглэл хаана ч нууцын зэрэглэлтэй л байдаг. Аж үйлдвэрийн сайдын хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь Монголдоо орж ирэх нь зөв гэж үзсэн.

Гэрээний оролцогч нэг тал гэрээнээс гараад өөрийн мэдлийн өмчийг энэ байгууллагад шилжүүллээ гэдэг мэдэгдлээ албан ёсоор Засгийн газарт өгсөн. Аль нэг тал татгалзвал энэ гэрээ хүчингүй болно гэдэг нь гэрээнд заагдсан байдаг зүйл. Тийм учраас гэрээ хүчингүй болсон танилцуулгыг УИХ-д танилцуулах үүрэг нь Аж үйлдвэрийн сайдад ногдсон байсан. Гэвч УИХ-ын сонгууль эхэлчихсэн, чуулган завсарлачихсан байсан цаг үетэй давхцаж таарсан. Удалгүй УИХ-ын бүрэн эрхийн хугацаа ч дууссан.

Уг нь “Эрдэнэт”-ийн асуудлыг улстөржүүлэх ёсгүй юм. Монголын эдийн засгийг авч яваа хамгийн том аж ахуйн нэгж. Улс орныхоо эрх ашгийн үүднээс харах ёстой.

“Эрдэнэт” Монголын өмч болгосноос хойш нэлээн хугацаа өнгөрлөө. Гэтэл эдийн засгийн үр ашгаас нь ярихгүй, дандаа улс төрийн ашиг хонжооноос ярьсаар юу ч биш болгож байна даа.

-УИХ-аас баталсан тогтоолд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахдаа хувийн хэвшилтэйгээ зөвшилцөж, шүүхийн шийдвэр гарсны дараагаас шилжүүлэх ёстой гэж тодорхой заасан тухай та хэллээ. Засгийн газар харин шүүхийн шийдвэрийг ч хүлээсэнгүй, “Монголын зэс” корпорацитай ч зөвшилцсөнгүй, хүчээр асуудлыг шийдлээ. Засгийн газарт хариуцлага тооцох асуудал тавих уу, бүлэг. Одоо л энэ асуудал дээр шийдвэртэй алхам хийхгүй бол цаашаа хувийн хэвшил, иргэний эрх ашиг ийм маягаар зөрчигдөх магадлал өндөр байна. Бизнес эрхлэгчид ч айдастай байна?

-Өөртэй чинь санал нэг байна. Энэ бол зөвхөн “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал биш. Дагалдаад бусад том үйлдвэрлэгчид, төрийн өмчийг хувьчилж авсан үйлдвэр эрхлэгч нарт эмзэг сэдэв болж очиж байгаа.

Ер нь бид хаашаа явах гээд байна вэ. “Эрдэнэт”-ийн 49 хувь гэхээсээ илүү эдийн засгийн бодит өсөлтийг хангадаг үйлдвэрлэгч нарт тусаж байгаа энэ асуудал нь сөрөг нөлөө үзүүлчих вий гэдэг болгоомжлол Ардчилсан намд байгаа.

Нийгэмд байгаа хувийн өмчийг хамгаалах асуудал, эдийн засгийн бодит өсөлтийг хангахад баялаг үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар байр сууриа илэрхийлэх цаг нь болсон гэж үзэж байна.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлж авбал гэрээ зөрчигдсөн гэж үзээд Орос руу буцаж болзошгүй гэсэн асуудал хөндөгдөж байсан. Энэ эрсдэл одоо ч хэвээрээ юу?

-Эрсдэл хэвээрээ байгаа гэж ойлгож байгаа. Бусдад худалдах юм уу, ийм асуудал үүсвэл нөхөн төлбөр олгогдох гэрээний нөхцөл байсан.

-Одоо яах вэ, төр хүч түрээд 49 хувийг нийгэмчилж байна?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч тал асуудлыг тавих биз. Ер нь УИХ-ын тогтоол олон эрх зүйн актыг зөрчсөн юм шүү дээ. Жишээ нь, УИХ-ын тогтоолд “Эрдэнэт”-ийг улсын үйлдвэрийн газар байхаар заасан. Энэ нь төсвийн байгууллага болно гэсэн үг.

УИХ, Засгийн газраас батлагдаж байгаа хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хууль, бусад дагалдах хуулийн хүрээнд өмчийн эрхийг хамгаалах хэлбэрээр, эдийн засгийг нураахгүй байх хэлбэрээр гарах ёстой юм.

Тийм ч учраас бид “Эрдэнэт”-ийн 49 хувь хувийн хэвшилд очсоноор төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөв эхлэл тавигдана, эдийн засгийн өсөлтөд зөв дохио өгнө, энэ үйлдвэрт элдэв янзын шахаа, элдэв янзын ашиггүй үйл ажиллагаа, зэсийн баяжмалыг зувчуулдаг үйл ажиллагаа зогсоно гэж харж байсан. Харамсалтай нь энэ бүхнийг МАН байхгүй болголоо.

“Эрдэнэт” 100 хувь төрийн өмчит болсноор 51 хувийн шахаа нь 100 хувь болж, улс төрийн томилгоо ноёрхож, сэлбэг, түүхий эдийн шахаа улстөрчдийн дунд л өрнөнө үү гэхээс ард түмэнд үр өгөөж нь тусахгүй.

-Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын дотоод сонгууль болж өнгөрлөө. С.Баярцогт гишүүнийг оффшор данстай нь холбогдуулан нэр дэвшигчээс нь хаслаа. Оффшорын асуудалтай холбоотойгоор ганцхан хүнийг яллах нь Ардчилсан намын шинэчлэл мөн юм уу. Үнэхээр ингэж үзэж байгаа бол УИХ-ын сонгуульд намыг ялагдуулсан хүмүүсээ дотоод сонгуульд нэр дэвшүүлэхгүй байж яагаад болоогүй юм бэ?

-Оффшорын тухай их ярьж байна. Хоосон улс төр битгий байгаасай. Оффшортон ганц Ардчилсан намд байгаа юм биш бусдад нь ч бий. Гагцхүү нэг хүнээр малгайлдаг нь буруу юм. Илэрсэн нь , түүнийгээ ярьсан нь С.Баярцогт болохоос биш бусад нь хаачсан юм, бусад нам яагаад ярихгүй байгаа юм.

Оффшор бүсэд олон тэрбум ам.доллар байгаа юм бол оруулж ирэх талд нь эрх зүйн хувьд нь зохицуулалт хийх ёстой. Энийгээ нэг тийш болго гэдэг шаардлагыг эрх баригчдад тавина. Сү.Батболд нь, С.Баяр нь оффшортой юм уу, үгүй юм уу гэдгээ хэлэг. Байгаа бол хөрөнгөө оруулаад ирэг.

-Дотоод сонгуулийн хороо дүрмээр олгогдоогүй эрх эдэлж, дэнчин, хураамжийн хэмжээг хэт өндөр тогтоолоо гэдэг асуудал яригдсан. Ардчилсан нам бодлогын нам болох зорилт тавьсан ч мөнгөний нам болж хувирч байх шиг. Энэ намын үнэт зүйлийг тээгчид болсон боловсролтой, мэдлэгтэй, чадвартай гишүүд нь өндөр дэнчин хураамжаас болоод Үндэсний бодлогын хороонд нэрээ дэвшүүлж чадсангүй. Хоёрдугаарт, Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй дүрмээр дотоод сонгууль зохион байгуулж байна гэдэг маргаан гарсан. Та аль талд нь зогссон бэ?

-Татвар өндөр байсан гэдэгтэй санал нэгдэнэ. Гэхдээ Дотоод сонгуулийн хороо болон намын удирдлагын өөрийнх нь эрх хэмжээнд хийсэн журмыг олонхи батлаад явсан бол түүгээрээ л явж таарна.

Улсын дээд шүүхээр баталгаажуулаагүй дүрмээр дотоод сонгууль явуулж байна гэсэн маргаан гарсан. Батлагдаагүй дүрмээр сонгууль явуулах нь дараа нь эрсдэлд оруулах вий гэдэгтэй санал нэгдсэн.

Гэхдээ намын дүрмийг Дээд шүүх батлаад нэг тийшээ боллоо, одоо асуудал байхгүй болсон.

Бидний нэг дутагдал дарга, цэрэг болохоороо баахан үзэлцдэг. Одоо болих хэрэгтэй. Энэ нам бодлогын нам болох ёстой. Шинэчлэлийг гаргаж тавихдаа бодлогын нам болъё гэж зорилго тавьсан. Бодлогын нам болохын тулд оюунлаг, мэдлэгтэй, боловсролтой залуучууд болон гишүүдээ жийж болохгүй. Харин тэднийгээ түрүүнд тавьж явах ёстой.

Одоо Ардчилсан нам ямар үзэл баримтлалтай нам болох юм бэ гэдгээ ярилцах ёстой. Энэ бол бидний хувьд туйлын чухал.

Ардчилсан намын түлхүүр шинэчлэлийн нэг бол ямар бодлогын нам байх вэ, ямар үзэл баримтлалтай нам байх вэ гэдэг дээр тодорхой шийдэх явдал.

-Ардчилсан нам бодлогын нам болох алхмаа сая хийж чадсан уу. Дотоод сонгуульд энэ намын үзэл баримтлалыг тээгээд явах, мэдлэгтэй, чадвартай хүмүүс нь өрсөлдсөнгүй, харин бөхчүүд олноороо нэр дэвшин орж ирлээ?

-Одоо Үндэсний бодлогын хороо бодлогын зөвлөлүүдээ сонгоно. Манай намын цөмийг хийх чадвартай гишүүд орж ирнэ. Гол нь сонголтоо зөв хийх хэрэгтэй. Өнөөдөр хэдэн тойрог дээр бөх барилддаг байсан нөхдүүд нэр дэвшсэнээр нь улс төр хийж болохгүй. Ардчилсан намд нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл байгаа.

Тэр төлөөллөөс хэн нь ямар шатандаа нэрээ дэвшүүлэх нь ардчиллын үнэ цэнэ өөрөө мөн. Ер нь нэр дэвших эрхтэй юм.

Эрхээ эдэлснийх нь төлөө шүүмжилдэг нь, өнцөг болгон харагдуулдаг нь зөв үү, буруу юу гэдэгтээ л байгаа юм.

Эх сурвалж: www.news.mn

Ангилал


Twitter


Facebook