З.Нарантуяа: Хоригийг хүлээж авлаа гээд Үндсэн хуулийн шинэчлэл тэр чигээрээ зогсоно гэсэн үг биш

2019-10-10

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал аль тийшээгээ эргэж байна вэ?

-УИХ-ын есдүгээр сарын 4-ний өдөр баталсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай 73 дугаар тогтоол дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Тогтоол өөрөө хоёр заалттай. Нэгдүгээрт, Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах, хоёрдугаарт, Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн эх хувийг батлах уу, үгүй юу гэдгийг ард иргэдээс асуух гэсэн тодорхой заалттай тогтоол. Энэ 73 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх талаар орж ирж УИХ хэлэлцлээ. Хоригийг хүлээж авлаа гээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал тэр чигээрээ зогсоно гэсэн үг биш. Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хууль гэж бий. Энэ хуулийн долдугаар зүйл дээр санал асуулга явуулах тухай шийдвэрт санал асуулга явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-45 хоногийн дотор явуулахаар их хурал товлон зарлах учиртай. Харамсалтай нь 73 дугаар тогтоол дээр өдрийг нь заагаагүй.

Гэхдээ санал асуулга явуул гэдэг шийдвэрээ 73 дугаар тогтоолд тавьчихсан. Хэзээ санал асуулга явуулахаа энэ тогтоолдоо зааж өгөөгүй. Тэгэхээр дахиад нэг тогтоол гарах асуудал байгаа. Бид нар санал асуулга товлох хугацаанд шахагдаагүй. Хугацаагаа дахиад зарлачихад бид нарт хоног байна гэж эрх баригчид тайлбарлаж байна. Миний үзэж байгаагаар хуулинд өөрт нь хугацааг нь нарийн заачихсан байна шүү дээ. 73 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 21-45 хоногийн хугацаанд их хурал санал асуулгын хугацааг товлох ёстой. Тэр үүргээ биелүүлээгүй, хугацаагүй хийж өгөөгүйгээс есдүгээр сарын 4-нөөс гэж үзэх юм бол энэ сарын 26-нд 45 хоног нь дуусна. Энэ хоногтоо багтааж шинээр хоног тавина гэвэл хууль зөрчих гэж байна. Тэгэхээр процедурын алдаагаа засахын хувьд ч, агуулгын хувьд ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах үндэслэл харагдаж байсан. Нэгдүгээрт, хэдэнд явуулах юм, хэднээс эхэлж тооцохоо оруулж 73 дугаар тогтоол тодотгож, шинэчилж гаргах шаардлага байна. Нөгөө талаас ямар асуудлаар ард түмнээс санал асуулга явуулахаа эргэж харахгүй бол болохгүй байна. Өнөөдрийн бидний баталчихаад байгаа хоёрдугаар хэлэлцүүлгийн дараахь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эх хувь нийгмийн шаардлагыг үнэхээр хангаагүй. Тэр тусмаа АН-аас өгсөн байр суурь, парламентыг ёс зүйтэй, хариуцлагатай болгох, гүйцэтгэх засаглал парламентаасаа хараат бус байх, бие даасан шийдвэр гаргах Ерөнхий сайдын эрх мэдлийг оруулаагүй гээд нийгмийн хүлээлт үүсгэж байсан, Үндсэн хуульд оруулах ёстой өөрчлөлтийн аль нь ч ороогүй.

Тиймээс асуулгаа хоёрдугаар хэлэлцүүлгийн эх нооргоор биш, УИХ дотроо шийдэж чадаагүй асуудлуудаа яаж шийдэх ёстой вэ гэдгийг ард түмнээсээ асуучихвал жинхэнэ утгаараа ард нийтийн санал асуулга болно. Одоогийн санал асуулгаар Үндсэн хуулийн шинэчлэлийг батлах уу, үгүй юу гэдэг МАН-ын олонхоороо оруулъя гэж шийдсэн хувилбарыг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэж л асуух гэж байна. Энэ нь УИХ шийдчихсэн зүйлийг ард түмнээс асууж баталгаажуулах гээд байгаа байхгүй юу. Төсөлд ард түмэнд таалагдахгүй зүйл байвал тэрийг нь шийдвэрлэх ямар ч боломжгүй санал асуулга явуулах гэж байна. Ийм зүйлийг асуухын төлөө 20, 30 тэрбум төгрөг зараад санал асуулга явуулах нь хэнд ашигтай вэ. Татварын мөнгийг ингэж үргүй зарах хэрэг байгаа юм уу. Энэ төсөл өргөн баригдсанаасаа эхлээд хууль зөрчсөн. Наад зах нь Цэц дээр очоод унана. Тиймээс хоригийг хүлээн авч цаашаагаа явж байгаа нь зөв.

-Ард нийтийн санал асуулгыг УИХ-ыг тарааж ээлжит бус сонгуультай хийе гэж яригдсан. Мөн 2020 оны ээлжит сонгуультай хамтатгаж хийе гэсэн санал ч гарч ирж байна...

-Хууль зүйн хувьд боломжгүй. УИХ тардаг хуулийн хоёр үндэслэлтэй. Тэр үндэслэл нь гарч ирээгүй. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах асуудалтай холбоотойгоор УИХ тарах хуулийн боломжгүй юм. УИХ өөрөө бид нар хариуцлагагүй байна, УИХ-ын гишүүдийн ёс зүй хууль зөрчсөн үйлдлүүд нь ард иргэдийн дургүйцлийг хүргэж буй учир УИХ цаашид ажиллах боломжгүй байна гээд олонхоороо тарах гэж байгаа асуудал бол жичдээ асуудал. Тэгж асуудал тавибал АН УИХ-ыг тараахын төлөө байна. Бид оны өмнөөс л энэ асуудлыг тавьж байсан. Ард нийтийн санал асуулга гэх нэрийн дор өөрсдийн бэлтгэсэн төслийг дэмжүүлэхийн төлөө УИХ-ыг тараана гэвэл энэ нь зарчимгүй зүйл.

-2018 оны төсвийн гүйцэтгэл дээр та ямар байр суурьтай байна вэ?

-2018 оны санхүүгийн ерөнхий үзүүлэлтүүд давж биелсэн. Харьцангуй дажгүй байна. Гэхдээ анхаарах олон зүйл байгааг Аудитын Ерөнхий газрын дүгнэлтэд тусгажээ. Өнгөрсөн 2017, 2018 онд гадаадын экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт төсвийн сахилга хариуцлагыг сайжруулъя гэдэг дээр сахилга хариуцлагыг сайжруулахаар вальютын сантай хөтөлбөр хэрэгжүүлээд амжилтад хүрч байгааг үгүйсгэхгүй. Засгийн газрын дотоод өр буурч байгаа ч гадаад зээл 50.1 хувь байна. Дүгнэлт хийх хэрэгтэй. Маш их ажил болгож төсвөө баталдаг. Баталсан төсвийнхөө араас үр ашигтай байсан уу, зөв хуваарилалт хийсэн үү гэж хэн ч ярьдаггүй. Араас нь явдаггүй. Хяналт тавих үүрэгтэй Үндэсний аудитын газар нь хяналт тавьдаггүй. Сангийн яамны хяналт мониторинг хариуцсан газар нь ажилладаггүй. УИХ-ын хурал дээр төсвийн зарлагын хяналтын хороо гэдэг том нэртэй дэд хороо байгуулдаг ч гэсэн гишүүд нь бүгдээрээ төсөв захиран зарцуулах эрх бүхий олонх бүрдүүлчихдэг учраас энэ дэд хороо ажиллаж чадахгүй.

-Эрүүгийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр хуульч гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Анхаарах ёстой, ноцтой асуудлууд нэлээн байна. Өргөн барьж байгаа төсөл болоод өмнөх хуулийн заалтуудыг харж байна. Үнэхээр бид хөөн хэлэлцэх хугацаа нэрийн дор гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг ял завших нөхцөл байдлыг тодорхой хүмүүсийн лоббигоор бүрдүүлээд өгчихсөн юм биш байгаа даа гэх хардлага байгаа. Энэ асуудалд ажлын хэсэг гаргаж нэлээн нухацтай үзээсэй гэж хүсч байна.

-Итгэлийн зээл олгох хуулийн төслийг өргөн барилаа. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэх хардлага ч байна шүү дээ. Мөн сонгуультай холбож ч тайлбарлаж байна л даа...

-Энэ хардлагатай санал нэг. Бизнес эрхэлье гэсэн сэтгэлтэй хүмүүсийг дэмжих бодлого бүх улсад байдаг. Бид энэ асуудлыг олон арга хэлбэрээр шийдэх гэж оролдож ирсэн. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд маш их мөнгөөр тодорхой нийгмийн бүлгийн хүмүүс рүү хандсан дэмжлэгийг үзүүлж байгаа. Дээр нь жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ хийдэг аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэр хүмүүсийн бизнесийг хөнгөлөлттэй нөхцөлөөр, бодлогоор дэмжих гээд явж байгаа. Гэтэл бидний бодлого дутаж, оролдлого хийгээгүйдээ иргэдэд эдийн засгийн нөхцөлөө сайжруулах боломж нь олдохгүй байна гэж үзэхээс илүү бодлогын хэрэгжилт, эцсийн үр дүнг гаргах хүртэл зохион байгуулж чадахгүй байгаа механизмын алдаанаас ийм зүйл болж байгаа.

Өмнөх сангуудаас зарцуулалт, хүртээмж зорилтыг илүү сайжруулж ашиглах замаар ийм төрлийн зээлийн хүртээмж, далайцыг нэмэгдүүлж, хүмүүст хүргэх гэж байгаа нь зөв. Дахиад нэг сан нээгээд ЖДҮ шиг сонгуулийн зорилгоор санал авах гээд намаар нь хувааж байгаад барьцаа хөрөнгөгүйгээр тараах гэж байгаа бол сүйрэл рүү аваачих гэж байгаа арга болно. Олон эмэгтэй гишүүн надаас үүнийг дэмжих үү гэж асуусан. Хуулийг хэлэлцэх үеэр зөв механизмтай, концепцыг нь зөв болгохоор ажиллана. Хэрвээ тэгж чадахгүй бол энэ төслийн эсрэг л санал өгнө.

Эх сурвалж: Өдрийн сонин

Ангилал


Twitter


Facebook