З.Нарантуяа нарын гишүүд малын хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах хуулийн төсөл өргөн барилаа

2019-10-07
|
Мэдээ

Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын зэрэг гишүүд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Малын хулгайн гэмт хэрэг өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн нь малчдад төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг бууруулснаас гэмт хэрэгтэн ял завшиж, улмаар малын хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд 8-аас дээш тооны бод, 24-өөс дээш тооны бог хулгайлбал хүндрүүлэх нөхцөлд тооцож хорих ял оногдуулдаг, бусад тохиолдолд хорихоос өөр төрлийн ял оногдуулдаг болсон байна. 8-аас доош бод, 24-өөс доош тооны бог хулгайлсан тохиолдолд нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан. Ихэнх тохиолдолд шүүгч нар хохирлын хэмжээ их биш, хүндрүүлэх нөхцөлгүй хэмээн үзэж нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, эсвэл зорчих эрхийг нь хязгаарлах, торгох ял оногдуулж байна.

Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалттай холбоотойгоор иргэд, малчид болон мэргэжилтнүүдээс багагүй хэмжээний санал, шүүмжлэл ирүүлснийг судлахад уг хуулийг практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэхэд хүндрэл үүссэн, гэмт этгээдэд ял завших боломж олгосон, хийдэл зөрчилтэй, хууль зүйн техник, утга найруулгын алдаатай зохицуулалт байгаа нь тогтоогдсон байна.

Тиймээс хууль нь цаг үе, нийгмийн хандлага, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, аливаа хийдэл, зөрчилгүй байх нийтлэг зарчимд үндэслэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

 Хуулийн төсөлд зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тусгасан байна. Үүнд:
 1.    Эрүүгийн хуулиар болон Зөрчлийн тухай хуулиар мал хулгайлсан гэмт үйлдэлд ногдуулах хариуцлагын хэмжээг зааглаж өгнө. Ингэхдээ бусдын малыг хулгайлсан этгээдэд захиргааны хариуцлага оногдуулахын оронд эрүүгийн хариуцлага ногдуулахаар заасан байна.

2.    Хүндрүүлэх нөхцөлтэйгээр бусдын малыг хулгайлсан бол хорихоос өөр төрлийн ял оногдуулдаг байдлыг өөрчилж, малын хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлийг илүү тодорхой болгож, ялыг ялгамжтай оногдуулах эрх зүйн үндэслэлийг тогтоосон байна.

3.    Мөн “олон тооны мал” гэж хавтгайруулж заасныг хасахаар тусгажээ.

4.    Зөрчлийн тухай хуульд “Бусдын малыг хулгайлсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 240-250 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 7-30 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэсэн 8.6 дүгээр зүйлийг нэмэхээр төсөлд тусгажээ.

Түүнчлэн малын хулгайн гэмт хэрэг, зөрчлөөс учирсан хохирлыг барагдуулах чиглэл рүү анхаарал хандуулж хуулийн зохицуулалтыг бий болгох юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн орчинд ахиц дэвшил гарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим бодитой хэрэгжих ач холбогдолтой юм. Мөн эрүүгийн хууль, тогтоомжийг нэг мөр, зөв ойлгож, хэрэгжүүлэх орчин нөхцөл бүрдэнэ гэв.

Ангилал


Twitter


Facebook