Б.Пүрэвдорж: ОУВС-гийн хөтөлбөрийн гэгээтэй тал нь санхүүгийн сахилга батыг сайжруулах

2017-03-07
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд оффшор бүстэй холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Тогтоолын төсөл одоо хэлэлцэж байгаа оффшорыг зохицуулсан хуулийн төслөөс юугаараа өөр юм бэ?

-Хаврын ээлжит бус чуулган эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор зарлагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн хөтөлбөрийг хэлэлцэж, улсын төсөвт тодотгол хийнэ. Бид хаврын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр оффшор бүстэй холбоотой тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. Эдийн засаг хүндэрч, ард түмний амьдрал хэцүү байна. Гадаадын хөрөнгө оруулалт их багаслаа. Иймээс эдийн засагт үүссэн хүндрэлийг шийдэхийн тулд ОУВС-тай хамтрахаас өөр аргагүйд хүрч байна. Үүний үндсэн шалтгаан нь төрийн өндөр албан тушаалтнууд хууль бусаар хөрөнгөжиж, тэр хөрөнгөө оффшор бүсийн банкинд хадгаламж болон дансанд байршуулсантай холбоотой. Зарим төрийн бус байгууллагын мэдээллээр нийтдээ 15 орчим тэрбум ам.долларын хадгаламж оффшор бүсэд байна гэдэг. Тэгэхээр бид оффшор бүс дэх хадгаламжийн болон дансны мэдээллийг олон улсын хууль дүрэм, тогтоомжийн дагуу авах, түүнчлэн хэрвээ тэнд байршиж байгаа хөрөнгө нь хууль бус байх юм бол хэрхэн зохицуулах талаар хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулах, Засгийн газарт чиглэл өгөх зорилгоор тогтоолын төсөл өргөн барьж байгаа юм.

-Хууль бусаар олсон орлогоо оффшорт хадгалсан байлаа гэхэд бусад улсаас тэр мэдээллийг нь авах боломж байдаг юм уу. Оффшорыг зохицуулсан хууль гаргасан ч төрийн байгууллагаараа дамжуулан бусад орноос энэ талаар мэдээлэл авах боломжгүй гэх нь бий?

-Мэдээж хууль тогтоомжийн зохицуулалтууд байгаа. Бидний хамгийн гол зориод, хүсээд байгаа зүйл бол УИХ-аар оффшортой холбоотой хуулийн төсөл нэлээд удаан хугацаанд хэлэлцэгдэж одоо хойшлогдоод байна. Энэ хууль нэгэнт оффшорт данстай болчихсон хүмүүсийг хамгаалсан, хаацайлсан хууль. Өөрөөр хэлбэл, оффшорт урьд нь хадгалсан байгаа хууль бус хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг хөндөхгүйгээр шинээр оффшор бүсэд хөрөнгө, данс байршуулах тохиолдолд хэрхэх талаар тусгаж оруулсан. Тэгсэн хэдий ч үүнийг батлуулахгүйн тулд МАН-ын бүлгийн зарим улстөрч нөлөөлж байгаа гэсэн мэдээлэл байгаа.

-Хууль бус оффшор хадгаламжийн мэдээлэл олдлоо гэхэд хүлээлгэх хариуцлагын талаар тогтоолын төсөлд бий юу?

-Тогтоолын төслөөр бол Засгийн газарт үүрэг өгөгдөж байгаа юм. Тодруулбал, оффшор бүс дэх хөрөнгийн талаар мэдээлэл авах, хэрэв тухайн хадгаламжид байгаа хөрөнгө хууль бус байвал хэрхэх талаар нарийн зохицуулалт бүхий хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихыг шаардаж байгаа. Мөн оффшор дахь хөрөнгө нь хууль бус болохыг тогтоох юм бол тэр төрийн өндөр албан тушаалтан болон хамаатан садан, ашиг сонирхол нэгтэй хүмүүс төрийн албан тушаалд ажиллахыг хориглох, томилохгүй байх. Томилогдсон байгаа бол найман жилээс доошгүй хугацаагаар ажиллахыг хориглох тогтоолыг өргөн барьж байгаа юм.

-Тэгэхээр оффшорын хуулийг илүү чангаруулж байгаа гэж ойлгож болох уу?

-Одоо бол хуучин оффшорч­дыг хамгаалсан, хариуцлага тооцохгүй хуулийн төсөл яваад байгаа юм. Тэгэхээр бид энэ тогтоолын төслөөрөө Засгийн газар шинээр хууль өргөн барьж хуучин оффшорчидтой хариуцлага тооц гэж байгаа юм. Өнгөрсөн 20 гаруй жилийн туршид Монгол Улс оффшор бүст бий болгосон хөрөнгийг буцаан татах тэр боломжийг илүү эрэлхийлэх, оффшор бүсэд хууль бус хөрөнгөө байршуулсан тэр хүмүүст хариуцлага тооцох энэ заалтыг сайн оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо бидний хэлэлцэж байгаа хууль хэтэрхий оффшорчдын сонирхол, нөлөө­лөл орсон ийм хууль болж байна.

-Хэлэлцэж байгаа оффшорыг зохицуулсан хуулиар бол тухайн төрийн албан хаагчийн одоо хамт байгаа гэр бүлийн гишүүд нь оффшор бүсэд данс, хадгаламж эзэмшихийг хориглоно гээд байгаа. Харин та нарын шаардаж байгаагаар хамаатан садан, тусдаа гарсан хүүхдүүд бүр найз нөхдийг нь хамруулах нь ээ?

-Хамаатан садан дээрээс нь ашиг сонирхол нэг бүхий иргэдийг оруулна гэсэн үг.

-Ийм тогтоолын төсөл санаачлах шалтгаан нь юу байв?

-Жишээ нь, “Эрдэнэт” үйлд­вэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд 109 сая ам.долларын барьцаанд тавьсан байдаг. Хэдэн жилийн өмнө их хэмжээний гүйлгээтэй холбоотой хууль УИХ-аар батлагдсан. Үүгээр 20 мянган ам.доллараас дээш гүйлгээг олон улсад мэдээлэх, хууль хяналтын байгууллага хянах боломжтой болсон. Тэгэхээр 109 сая буюу 20 мянган ам.дол­лараас 5500 дахин их хөрөнгө өнөөдөр хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихсон байна. Тэгэхээр энэ 109 сая ам.доллар хаашаа явав. Монголд орж ирсэн бол хаана хадгалагдаж байгаа нь нэн тодорхой байх ёстой. Энэ мөнгө оффшор дансанд оффшор бүсэд байршиж байгаа гэж бид үзэж байгаа. Тиймээс ялангуяа энэ гүйлгээтэй холбогдуулж оффшортой холбоотой хуулийн төслийг өргөн барьж байгаа юм.

-Хуучин оффшорчдыг ч ил болгож хариуцлага үүрүүлэх ёстой гэлээ. Танай намд ч оффшорчид байдаг шүү дээ?

-Оффшор бүсэд данс, хадгаламж эзэмшдэг 40 гаруй хүний нэр байдаг. Түүнээс манай намын нэг, хоёр хүн бий. Тэртэй тэргүй олон нийтэд ил болсон зүйл. Гэхдээ хамгийн том данс бүхий оффшорчид аль намд байгаа вэ гэвэл МАН-д байгаа. Өнөөдрийн УИХ-д МАН олонхи байна. Тиймээс ч нийгмийн сэтгэл зүй оффшорын эсрэг байхад хууль нь одоог хүртэл хэдэн сараар хэлэлцэгдээд батлагдахгүй байна. Энэ бол МАН-ын бүлэгт оффшорын эсрэг хуулийг гаргахгүй байхын төлөө ажилладаг бүлэг, сонирхол бүхий этгээд байна гэсэн үг.

-Та бүхний өргөн барьсан тогтоолын төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжих болов уу. ОУВС-гийн хөтөлбөрт орж байгаа асуудлаа л голчлон хэлэлцэх байх?

-Эдийн засаг хүндэрсэн зайлшгүй шалтгаануудын нэг нь төрийн өндөр албан тушаалтнууд Монголын эдийн засгаас хулгайлсан хөрөнгөө оффшор бүсэд хадгалж байгаа нь юм. Бид нэгэнт эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаа учраас эдийн засгийг гол хохироосон тэр нөхөдтэй холбоотой хариуцлагын асуудлыг бас хамтад нь хэлэлцэх ёстой.

-Өнгөрсөн намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-МАН УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан. Тийм учраас тодорхой хэмжээний бодлогуудаа оруулж ирсэн байгаа. Намрын чуулганаар 20 гаруй бие даасан хууль, 90-ээд хуулийн нэмэлт өөрчлөлт, 50 гаруй УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ бол нэлээд өндөр ачаалалтай ажилласан гэсэн үг. Гэхдээ дандаа хойшоо харсан, халамж түгээсэн, орон нутгийн сонгуульд ялалт авахад зориулагдсан хуулийн төслүүдийг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан хуулиуд маш их хэлэлцлээ. Хэтэрхий нэг салба­раас хараат манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан энэ үед хурдан өсөж хөгжихийн тулд эдийн засгийг сайжруулсан олон хуу­лиудыг хурдан оруулж ирэх ёстой байсан. Эдийн засгийг сайжруулах арга хэмжээнүүдийг бид хэлэлцэх ёстой байлаа. Гэтэл Засгийн газар болон УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс аливаа нэгэн эдийн засаг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг бараг оруулж ирээгүй гэж ойлгож болно.

-Та УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга. Намрын чуулганаар АН-ын бүлэг хэр үр бүтээлтэй ажиллав. Хэт цөөнх болохоор жаахан идэвхгүй байв уу гэж хараг­даж байлаа. Мөн намын даргын сунгаа зэргээр анхаарал хандуулах зүйл олон байсан байх?

-Сөрөг хүчин хэтэрхий цөөн гишүүнтэй. Гэхдээ бид үүргээ хангалттай биелүүлж байгаа. Жишээ нь, ард түмнийг хэдэн арван жилээр тэжээж явах ёстой Тавантолгойн ордыг шийдвэрлэх далд санаа агуулсан Олон улсын гэрээний тухай хууль дээр бид нэлээд хүчтэй сөрөг хүчин байж буцааж чадсан байгаа. Олон улсын гэрээг УИХ дээр соёрхон баталдаг байсан бол Засгийн газар шууд өөрөө батлах боломжтой, бүр цаашилбал нэг яам батлах тийм эрхийг авах гэж байсан. Том, том уул уурхайн стратегийн холбогдолтой гэ­рээг УИХ-аар оруулалгүй, олон нийтийн санаа бодлыг тусгалгүйгээр Засгийн газартаа шийдээд явах боломжийг авах гэж байсан гэсэн үг. Үүнийг таслан зогсоосон. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хууль санаач­лагчид нь буцаасан.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар ямар нэгэн далд санаа агуулаагүй, тийм боломж ч байхгүй гэдгээ хууль санаачлагчдын зүгээс тайлбарлаж байсан?

-Яагаад өөрчлөх санаархал байсан гэхээр нэг хүнийг Ерөнхийлөгч болгохын төлөө л зориулсан гэж ойлгож болно. Өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийн хууль гурван тусдаа байсныг нэг болгож нэгтгэсэн байгаа. Тэр нэгтгэсэн хуулиар УИХ, орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан. Гэтэл МАН хоёр сонгууль дээр ялалт байгуулахдаа энэ хууль шаардлага хангахгүй байна гэж нэг ч гомдол яриагүй. Тэгсэн мөртлөө өөрсдөө ялалт байгуулсан хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тусад нь салгаж хийх гээд байна вэ гэхээр нэг намын сонирхлыг оруулах гэсэн хэрэг. Бие даагч УИХ-ын гишүүн С.Жавхлан аль нэг намд ороод тухайн намаас нь хэн нэгэн хүн нэр дэвших боломжгүй болгох хуулийн заалтыг оруулж ирсэн байх жишээтэй. Энэ мэтээр олон хуулиудад хэтэрхий нэг намын бодлогыг тусгах, нийтийн санаа бодлыг сайн тусгаагүй хууль гаргахад завсарлага авах зэргээр нэлээд эсэргүүцэл үзүүлж буцааж чадсан бидний амжилт багадахгүй гэдгийг энд хэлэх нь зүйтэй.

-Сүүлийн үед Хөгжлийн банктай холбоотой асуудлууд идэвхжлээ. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг саатуулан шалгаж байна. Энэ талаар хэр мэдээлэлтэй байна вэ?

-МАН засаг аваад найман сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ард түмний амьдралыг сайжруулах талаар өөдтэй нэг ч алхам хийсэнгүй. Орон нутгийн сонгуульд зориулж өмнө нь засаг барьж байсан АН-ыг буруу бодлого явуулсан гэдэг улстөржилтөөс нь болж Монголын эдийн засаг улам хүндэрсэн. Үүний үр дүнд өнөөдөр бид ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр биш бүр урт хугацааны нэлээд хүнд хөтөлбөр рүү орж байна. Үүнийг нь ард түмэн “МАН-д эдийн засгийн шинэ бодлого байхгүй юм байна. Монгол Улсыг хөгжүүлээд явах АН-аас илүү бодлого байхгүй юм байна” гэж нэлээд шүүмжилж байгаа. Үүнийгээ Цагаан сараар хэл ам болох нь гэж үзсэн учраас эдийн засгийн хүндрэлийг хэн нэгэнд тохох байдлаар тухайн үед Хөгжлийн банктай холбоотой шийдвэр гаргаж байсан зарим хүн болон зээл авсан хүмүүсийг хорьсон. Өөрсдийнхөө буруу үйлдэл, эдийн засгийг сайжруулаагүй шүүмжлэлийг дарж байгаа ийм л явуургүй арга гэж бодож байна.

-ОУВС-гийн хөтөлбөр нэлээд олон хатуу шаард­лагатай тухай мэдээлэл гарч байна л даа. Тухайлбал, халамж танах, тэтгэврийн насыг өндөрсгөх, зарим татварыг нэмэгдүүлэх гэх мэт. Тэгэхээр энэ хэр зөв шийдэл байсан гэж харж байна вэ?

-Энэ ОУВС-гийн хөтөлбөр бол ердөө иргэдийн халааснаас мөнгийг нь суйлаад Засгийн газарт өгөх тухай асуудал. Хэд хэдэн татваруудыг нэмнэ гэж байна. Жишээ нь, шатахууны онцгой албан татварыг нэмж байгаа. Үүний хамгийн эцсийн хэрэглэгч нь жирийн иргэд байдаг. Сумын мотоцикльтой иргэн илүү мөнгө төлөх болно. Үүнийг Засгийн газар төсөвтөө хурааж авч байна гэсэн үг л дээ. Яахав дотор нь иргэдэд таалагдах ганц нэг зүйл бий. Өндөр хүчин чадал бүхий автомашины татварыг нэмэх тухай асуудал гэх мэт. Гэхдээ үлдсэн бүх шийдвэр нь иргэдийн халааснаас суйлах арга хэмжээ болж байгаа. Тийм учраас энэ хөтөлбөрийг дэмжихгүй. Ганцхан жаахан гэрэл гэгээтэй тал нь санхүүгийн сахилга батыг сайн хэмжээнд биш юм гэхэд тодорхой хэмжээнд суулгах тийм нөхцөл байж болох юм. Өөрөөр бол сайн зүйл ерөөсөө харагдахгүй байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Ангилал


Twitter


Facebook