Н.Нарантуяа: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл задарна

2019-10-02
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн Н.Нарантуяатай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг яг ямар чиг үүрэгтэй юм бэ?

-УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт МАН-ын бүлгээс тав, АН-ын зөвлөлөөс гурван гишүүн орсон. Ер нь улс төрийн өнөөдрийн нөхцөл байдлыг харахад УИХ зунжин, намаржин хуралдаж хэлэлцэж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө эцсийн байдлаар баталж гаргах нь эргэлзээтэй болж байна. Хэдийгээр хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд, санал хураагаад дууссан ч гуравдугаар хэлэлцүүлэг рүү шууд оруулаад баталъя гэсэн зориг, хүсэл МАН-д байхгүй байна. 10-аад жил ярьсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр яг юу өөрчлөв гээд эргээд харахад иргэдийн хүлээж байсан, нийгэмд тогтвортой байдал бий болгох, Монгол Улсын хөгжлийн дараагийн 20, 30 жилийн чиг баримжааг зөв тодорхойлж чадах, засаглалын хяналт тэнцвэрийг хангах хэмжээнд өөрчлөлтүүд орж чадаагүй гэдэгтэй эрх баригчид санал нэгдсэн байх.

Тийм ч учраас гуравдугаар хэлэлцүүлгийг хийлгүйгээр өөрсдийн баталсан хувилбарыг ард түмэн дэмжиж байна уу, үгүй юү гэдэг асуулгаар санал авахаар Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоол баталсан. Энэ тогтоол нь Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулга явуулах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заалт гэх мэт хэд хэдэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгч хориг тавьсан нь нөхцөл байдлыг өөрөөр эргүүллээ. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, авахгүйгээс хамаараад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдах уу, үгүй юү гэдэг асуудал тулгарч байна. Энэ үед МАН-ын байгаа байдал УИХ-ын үйл ажиллагааг гацаах, тараах нөхцөл байдал бий болгож болзошгүй байна. Тиймээс хэд хэдэн гишүүн нь УИХ өөрөө таръя гэдэг санал тавьж эхэлж байна. Энэ Их хурал хариуцлагагүй, гишүүд нь хууль бус үйлдэлд их холбогдсон. Энэ хүмүүстэйгээ хариуцлага тооцож чадаагүй, нийгмийн хүлээлт, бухимдал өндөр байгаа энэ цаг үед УИХ хариуцлагаа хүлээх зарчмаар таръя гэж байгаа бол энэ байж болох асуудал. Гэхдээ УИХ-ын тухай хуульд зааснаар хоёр л үндэслэлээр УИХ тардаг.

-Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулах саналыг АН-ын зөвлөлөөс тавьсан гэсэн. Яг ямар зорилгоор зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж байгаа юм бэ?

-Үүсээд байгаа нөхцөл байдлыг хараад манай намын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу, үгүй юү. Хориг хүлээж авахаас шалтгаалаад санал асуулга явуулах нь хэвээрээ юү, санал асуулга явуулбал Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэж чадах уу, Хоригийг хүлээж авч санал асуулгаа илүү өргөн хүрээнд явуулах уу гээд ярьж, зөвшилцөх зүйлүүд байна гэсэн бичгийг МАН-ын бүлэгт хүргүүлсэн. Үүний хариуд МАН-ын бүлэг зөвшилцөх нь зүйтэй гэж үзээд ажлын хэсэг байгуулсан. Хэрвээ ажлын хэсэг байгуулагдвал ямар асуудал ярих, байр суурь ямар байх талаар урьдчилсан байдлаар санал солилцох уулзалт өчигдөр болсон. Өнөөдрөөс энэ уулзалт цаашаа үргэлжлэх байх. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх нь улс төрийн өөр нам хүчнээс бус МАН-ын бүлгээс хамааралтай учраас эхлээд МАН-ын бүлэг хоригоо хүлээж авах, үгүйгээ шийдэх хэрэгтэй. Хэрвээ хоригийг хүлээж авбал хэлэлцээр, зөвшилцөх ажил үргэлжилнэ. Харин хоригийг хүлээж авахгүй бол энэ ажлын хэсгийг байгуулах нь утга учиргүй болох учраас өнөөдөр /өчигдөр/ МАН-ын бүлэгт хоригоо авах эсэхээ шийдээчээ гэдэг бичиг хүргүүлсэн.

-Ерөнхийлөгчийн тавьсан хоригоор Ерөнхийлөгчтэй зөвшилцөх нь өөрөө  хэр оновчтой юм бэ. Зөвшилцөх явцдаа Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулж чадаагүй саналуудаа тусгах юм биш үү?

-Хэрвээ хоригийг хүлээж аваад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулна гэвэл санал асуулгыг ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэр үед АН, Ерөнхийлөгчөөс өмнө нь өгсөн, хуулийн төсөлд тусгагдаагүй заалтуудыг эргэж авч үзэх нөхцөл үүснэ. Ажлын хэсэг бол хоригийг хүлээж авах уу, үгүй юү гэдгийг хэлэлцэх нь өөрөө зохимжгүй. Учир нь энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хоригийг хүлээж авсан тохиолдолд хуулийн төсөл задарвал намууд болон Ерөнхийлөгч саналуудаа дахин тусгуулах тал дээр ярилцах байх. Тусгаж болдоггүй юм гэхэд Үндсэн хуульд тусгах хэмжээний дэмжлэг авах уу г үгүй юү гэдгийг ард нийтээс асуух боломж нээгдэх юм.

-АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулж чадаагүй яг ямар заалтууд оруулахаар ярьж байгаа вэ?

-Одоогоор  тодорхой саналууд яриагүй байна. Хоригийг хүлээж авах эсэх шийдвэрээ эхэлж гаргана. Хэрвээ хоригийг хүлээж авбал хоёрдугаар хэлэлцүүлгээр батлагдсан эх задарна. Тэр тохиолдолд улс төрийн намуудын саналууд, Ерөнхийлөгчөөс өгсөн саналуудыг дахиж ярих боломж олдоно. Энэ тохиолдолд ийм, ийм саналаа оруулмаар байна гэдгээ ярина. Одоогоор эрт байна.

-Хэрвээ хоригийг хүлээгээд авчихвал хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан эх задарна гэж байна. Тэгэхээр хоёрдугаар хэлэлцүүлгийг дахиад хийх юм уу. Процесс нь яаж явах юм бэ?

-Хэрвээ хоригийг хүлээж авбал хоёрдугаар хэлэлцүүлгийн эцэст боосон төсөл задарна. Задраад дахиж ярина гэсэн үг. Ер нь аль ч шатанд гишүүд гаргасан саналаа буцааж татах эрхтэй. Тиймээс хоёрдугаар хэлэлцүүлгээр батлагдсан эх буцааж задарч дахиж яригдана. МАН-ынхан боломжгүй гээд байгаа юм. Харин бид хуулийн хувьд буцааж задрах боломжтой гэж үзэж байгаа.

-Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжихгүй байна гэж харагдаад байгаа. Харин эрх баригч нам санал асуулга явуулна гэдгээ илэрхийлсэн?

-Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан процедур Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн арга зам байгаа. Гишүүд өргөн барьж болно, ард нийтийн санал асуулга явуулаад өөрчилж болно. Эхнээсээ УИХ-ын 62 гишүүн ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр өргөн барьсан төслөө хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шууд гурав руу оруулаад батлахгүй буцааж ард нийтээс асууна гэж байгаа нь ард нийтийн санал асуулга биш. Энэ бол өөрийнхөө хийсэн зүйлийг ард нийтээр баталгаажуулах л асуудал. Тэгэхээр хоёрдугаар хэлэлцүүлгийн үр дүнд бэлэн болсон төсөл хангалттай хэмжээний сайн төсөл болж чадаагүй. Ийм юм хийчихээд түүнийгээ ард түмнээр баталгаажуулаад дараа нь “бид хийгээгүй. Ард түмэн дэмжсэн” гэж хэлж хариуцлагаас мултрах гэж байгаа бол байж боломжгүй зүйл. Мөн хэлэлцэж байх явцдаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэдэг үндэслэл тавьсан.

-Зарим улс төр судлаачид ард нийтийн санал асуулга явуулах нь улс төрийн хямрал руу хөтөлдөг гэж тайлбарлаад байгаа?

-Ард нийтийн санал асуулгыг зайлшгүй нийтийн эрх ашгийн үүднээс, тодорхой шийдлийг нь гаргаж чадахгүй байгаа асуудлуудаар ард нийтээс саналыг нь авдаг. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл анхнаасаа алдаатай явсан. Тодруулбал, юуг яаж өөрчлөх вэ гэдгээ төслийг өргөн барихаасаа өмнө ард нийтийн санал асуулга явуулах байсан. Засаглалын гол бүтэц, хэлбэр, гүйцэтгэх засаглалын эрх мэдэл, Ерөнхийлөгч, гүйцэтгэх засаглалын хуваарилалт гээд гол зүйлүүдээ эхнээсээ ард түмнээсээ асуугууд явсан бол энэ хууль цаашаа маргаангүйгээр явах байсан. Гэтэл анхнаасаа тэгж яваагүй, 62 гишүүн өргөн бариад эргээд санал асуулга явуулах нь нийгэмд бухимдал үүсгэх асуудал болчихоод байгаа юм. Улс орон бүрийн нөхцөл байдал өөр учраас санал асуулга явуулах нь буруу, зөв гэж хэлж болохгүй. Ер нь маргааныг эцсийн зөв хувилбараар шийдэхийн тулд ард түмнээсээ асуудаг практик хаана ч байдаг.

Ангилал


Twitter


Facebook