З.Нарантуяа: ЖДҮ-ийн сангийн асуудал хөндөгдөх үед МАН одоогийнх шигээ УИХ-аа тараая гэх байсан

2019-09-30

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай цаг, үеийн асуудлаар ярилцлаа.

-ЭНЭТХЭГ УЛСТАЙ САНСАРЫН УУДМЫГ ЭНХИЙН ЗОРИЛГООР СУДЛАХ, АШИГЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА-

-Та ерөнхийлөгчтэй хамт БНЭУ-д айлчлал хийгээд ирлээ айлчлалын хүрээнд ямар асуудлууд хөндөв. Айлчлалын үр дүнгээс хуваалцаач?

-Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг 2015 онд Монгол Улсад айлчлах үед Монгол, Энэтхэгийн харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр тохиролцож байсан. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар стратегийн түншлэлийн харилцаагаа улам өргөжүүлэх талаар ярилцлаа. Энэ хүрээнд Сансарын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай, Соёлын солилцооны тухай, Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт хамтран ажиллах тухай асуудлуудад хамтран ажиллахаар болсон. Мөн малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай зэрэг баримт бичгүүдэд хоёр талын эрх бүхий байгууллагууд гарын үсэг зурж, төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр болсон.

-2015 онд Ерөнхий сайд Нарендра Модиг Монголд айлчлах үеэр Газрын тосны үйлдвэрт нэг тэрбум ам.долларын зээл авахаар болсон. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын асуудал дахин хөндөгдсөн үү?

-Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 оны айлчлалын үед яригдаж шийдэгдсэн хамгийн чухал асуудал бол Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын зээлийн хүрээнд манайд газрын тос боловсруулах үйлдвэр барих болсон. Олон хүчин зүйлээс хамаарч, нэлээд удаашралтай байсан ч үйлдвэр барих ажил амжилттай урагшилж, дэд бүтцийн ажлууд төлөвлөсний дагуу хийгдэж байгаа талаар Ерөнхийлөгч уулзалтын үед мэдээлсэн. Саяын уулзалтаар нэмж тохиролцсон зүйл нь олборлосон нефтиэ дамжуулах хоолойгоор бус төмөр замаар тээвэрлэе. Энэ нь цаашдаа манайд ашигтай, олон талын ач холбогдолтой гэдгийг хэлсэн. Өмнө нь тохиролцсон нөхцөлийг өөрчиллөө гэхэд 236 сая ам.долларын санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардагдах тооцоо байгаа учраас энэ мөнгийг өмнөх нэг тэрбум ам.доллартой хамтад нь шийдэж өгөх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар гаргасан. Энэтхэг Улсын Засгийн газар хүлээн авч төсөлд нийт 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг хийхээр тогтлоо. Эцсийн хугацааг яг одоо хэлэх боломжгүй. Нарийн судалгаа, тооцоо үргэлжлээд хийгдэх байх.

-УИХ долдугаар сараас хойш эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд гарч байгаа олон өөрчлөлтүүдийг дагаад төрийн бодлого, зохицуулалтууд богино хугацаанд түргэн шуурхай шинэчлэгддэг уян хатан байхгүй бол нийгмийнхээ хөгжлийн хурдыг гүйцэхгүй болж байгаа нь үнэн. Нийгмийн хөгжлийг сааруулж байгаа олон сөрөг үйл явцууд байгаа. Тухайлбал, төрийн тогтворгүй байдал, бодлогын туйлбаргүй, залгамж чанаргүй байгаа байдал, авлига хээл хахуулийн гэмт хэргийн өсөлт, шударга бус явдал, хууль, шүүхийн тогтолцооны хараат байдлын шалтгаануудыг сүүлийн 10-аад жил иргэд, судлаачид ихэвчлэн Үндсэн хуультай холбон тайлбарлаж ирсэн. Эдгээртэй холбоотой Үндсэн хуулийн суурь зарчмуудыг илүү тодорхой болгохгүйгээр улс төрийн намууд, улстөрчид, тэдгээрээс бүрдсэн УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох, огцруулахад хэт их оролцдог байдал, улс төрийн дарамт, шахалт, нөлөөлөл буурахгүй, эсрэгээрээ улам увайгүй, хувийн эрх ашгийн үүднээс ханддаг болж байгаа нь бодитой шүү дээ.

-ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ҮЕД ГИШҮҮДИЙН НЭГДСЭН ОЙЛГОЛТ, НЭГДМЭЛ БАЙР СУУРЬ ЯМАР ЧУХАЛ БОЛОХ НЬ ТОД ХАРАГДЛАА-

-Тиймээс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэж үү?

-Тийм, улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт оруулах нь зайлшгүй гэдэгтэй би санал нийлдэг. Үндсэн хуулийг өөрчлөх нь үнэхээр улс орны язгуур эрх ашигтай холбоотой байдаг учраас Үндсэн хуульд өөрт нь энэ харилцааг нарийвчлан зохицуулж өгсөн. Хамгийн гол нь нийгмийн зөвшилцөл, төрийн институц хоорондын болон улс төрийн намууд болон бүр нэг улс төрийн нам доторхи гишүүдийн нэгдсэн ойлголт, нэгдмэл байр суурь ямар чухал болох нь энэ удаагийн эрх баригч намын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх явцад тод харагдлаа.

-Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгах саналаа татсан. Та хувь гишүүнийхээ хувьд ямар бодолтой байгаа вэ?

-АН анхнаасаа үндэсний зөвшилцлийг хангах хэрэгтэй гэдэг байр суурийг баримталж байсан. Төслийг өргөн барихаас өмнө олон нийтийн санал асуулгыг явуулж, юуг өөрчлөх, яаж өөрчлөх иргэдийн санаа бодлыг сонсч, үндсэн зарчмаа хамтарч тодорхойлох шаардлагатай гэж үзэж байсан. Харамсалтай нь өргөн барихдаа ч, нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад ч ерөнхийлөгчийн болон бусад улс төрийн намуудын байр суурь, санал, тэдгээрийн аргументыг хүлээн аваагүй учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн энэ удаагийн оролдлого нэлээд олон бэрхшээлтэй тулгарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавилаа. Хоригийг хүлээн авахгүй тохиолдолд Үндсэн хууль зөрчсөн тухай гомдлуудыг Цэцэд гарган маргаан үүсгэж болзошгүй. АН-аас 18 санал хүргүүлсэн ч УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаа зөрчсөн бол эргүүлэн татах гэсэн нэг л санал дэмжигдсэнийг хангалтгүй гэж үзэн гаргасан саналуудаа татсан ч миний хувьд өөрчлөх нь зөв гэж үзсэн зүйл, заалтаа дэмжиж, намын гэхээс илүү хувь гишүүний байр сууринаас асуудалд хандсан. Одоогийн манай Үндсэн хуулинд эдийн засгийн харилцааны суурь зарчмууд, төсөв, санхүү, татварын харилцааны үндэс, ялангуяа хөгжлийн загвар ямар бодлогод суурилж, хаашаа хөгжих чиг баримжаатай байх талаар дутмаг тусгагдсан байдаг. Бүс нутгийн нөхцөл байдал, өрсөлдөх чадварт нөлөөлөх хүчин зүйлсийг нарийн судалж, хэдэн арван жилийн дараах үр дүнг нь харж тооцоолж, хөгжлийн замаа тодорхойл, нарийн төлөвлөж байж хийдэг болох гэх мэт бусдаас суралцах хэрэгтэй байна.

-Олон улсын санхүүгийн чөлөөт бүсийг Монголд бий болгохын түлд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ. Таны санал тусгагдсан уу?

-Хөрөнгө оруулалтыг татдаг хамгийн таатай нөхцөл бол тэдний итгэж болох хууль, шүүхийн тогтолцоог нь бий болгох явдал гэдгийг Англи улс, Дубайн жишээ тод харуулж байгаа. Английн санхүүгийн харилцааг зохицуулдаг зарим хуулиудыг, английн шүүхийг хүлээн зөвшөөрдөг хааш хаашаа 1.5 кв.м газрыг 10-аадхан жилийн өмнө Санхүүгийн чөлөөт бүс гэж зарласан Дубайд өнөөдөр дэлхийн томоохон банк, хөрөнгө оруулалтын сангууд, аудит, хөрөнгө оруулалт, хуулийн фирмүүд цугларч, татваргүй орчинд ажилладаг болсон. Үр дүнд нь энэ бүс нутагт явагдаж байгаа худалдаа, арилжааны эргэлт, хөрөнгө санхүүгийн урсгал хэдэн арав дахин нэмэгдсэн. Хууль, шүүхийн ийм маягийн тогтолцооны өөрчлөлтийг бусдаас түрүүлж хүлээн зөвшөөрөх нь бүс нутагтаа хөгжлөөрөө тэргүүлэх алсын зорилтыг бодит боломж болгоё гэсэн үндэслэлээр манай одоогийн гурван шатны шүүхийн тогтолцоог өөрчлөх, тусгай бүсэд зөвхөн хуульд зааснаар гадны шүүхийг байгуулж болох саналыг гаргасан ч үүнийг ойлгож, зориглож хүлээн авах цаг нь болоогүй байгааг харлаа.

-ҮНДСЭН ХУУЛИАРАА ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ САЛБАРУУДАА ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

-2020 оны сонгуулийг өөр системээр явуулахын тулд Үндсэн хуулийг өөрчлөхөөр болсон гэх ойлголт ард түмний дунд байна. Ер нь сонгуулийнхаа системийг Үндсэн хуульдаа тусгаад баталчхаж болдоггүй юм уу?

-Сонгуулийн тогтолцоо маш чухал. Олон жижиг тойргоос буюу можаритор системийн дагуу сонгогдсон гишүүд тойргоо гэхээс аргагүй. Ийм тогтолцооны үед гишүүдэд тойргийнх нь асуудал хамгийн чухал болж хувирдаг учраас улсын хэмжээнд орлого, зарлага, ашиг, алдагдал хэд байх, тэр нь мөнгө, санхүүгийн орчин, ажилгүйдэл, ядуурлын түвшинд хэрхэн яаж нөлөөлөх нь шууд утгаараа төдийлөн ач холбогдолтой бус. Өөрөөр хэлбэл, дахин сонгогдоход сумынхаа сургууль, цэцэрлэгийн асуудал, халамж, тэтгэврийн хэмжээ, нэмэгдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь сонгогчдын шийдвэрт илүү хүчтэй нөлөөлдөг нь нууц биш. Тиймээс холимог буюу пропорциональ тогтолцооны хэлбэрийг Үндсэн хуулиараа зөвшөөрч, эдийн засгийн ач холбогдол бүхий салбаруудаа дорвитой дэмжих, ач холбогдолтой томоохон төслүүдийг явуулахад хөрөнгө хүчээ зармаар байгаа юм. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг хийхгүйгээр энэ бүхэн ямар ч боломжгүй, нөгөө талаас ийм шинэчлэл хийлгэхийн тулд гишүүдийн тоог нэмэхгүйгээр гар өргөх гишүүн олдохгүй. Энэ үндэслэлээр гишүүдийн тоог өөрчлөхөөс аргагүй гэсэн гаргалгаа хэлэлцэгдэж эхэлсэн.

-Үндсэн хуульд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн гэж заасан байдаг. Гэтэл УИХ-ыг тараана гэх боллоо. Тэр дундаа эрх баригч намын генсек нь УИХ-аа тараахаар гишүүдээ уриалах нь зөв үү. Засгийн газар шигээ хэврэг УИХ-тай болох нь гэсэн эмзэглэл ард түмний дунд бий болжээ. Таны бодлыг сонсмоор байна?

-УИХ-ыг тараах тухай яриа 2.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөж, УИХ дарга асан М.Энхболдыг огцруулах үед чуулганы үйл ажиллагаа 40 гаруй хоног гацсан. Асуудал энэ үед сөхөгдсөн байдаг. УИХ Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй, бүр ажил хэргийн харилцаагүй болж байсныг иргэд мартаагүй байх. УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүд ЖДҮ-ийг дэмжих сангаас хууль зөрчиж, иргэдийнхээ боломжийг хааж, зээл авсан асуудал нийгмийн зүгээс шүүмжлэлд өртөж байх тэр үед УИХ олонхоор шийдвэр гарган тарах ёстой байсан.Ингээд дараагийн шинэ УИХ сонгогдож, Засгийн газраа дахин бүрдүүлж, төрийн үйл ажиллагааг гацаанаас гаргах нь зөв хувилбар гэж үзэж байсан. Өнөөдөр бол нөхцөл байдлыг өөр өнцгөөс харж байна. Ард нийтийн санал асуулгын ирцийг бүрдүүлэхийн тулд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, дахин сонгууль явуулах хуулийн үндэслэл байж болохгүй. Яг ийм улс төрийн сонирхол эрх баригчдад маань байх шиг байна. Нэг үгээр хэлбэл улс төрийн бусад нам өрсөлдөгчдөдөө бэлтгэх хугацаа өгөхгүйгээр сонгууль зарлаж, давуу байдлаа ашиглан ялалт байгуулах гэсэн эрх баригчдын эрх ашиг цаана нь байна уу гэсэн хардлага байгаа.

Эх сурвалж: www.medee.mn

Ангилал


Twitter


Facebook