Я.Санжмятав: Үндсэн хуулийн өөрчлөлт мухардсан учраас ард түмнээс асуух ганц гарц үлдсэн

2019-09-16
|
Ярилцлага

УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар тодрууллаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил гацлаа гэсэн яриа, байр суурь гарч эхлэлээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Ерөнхийлөгч, улс төрийн намууд, иргэд, эрдэмтэн судлаачид тал талаасаа саналаа цуглуулж, нөр их хөдөлмөр гаргаж   Үндсэн хуулийг зайлшгүй үр дүнтэй өөрчлөе,  реформын шинжтэй томоохон алхам хийе, дордуулсан долоон өөрчлөлтийг засч сайжруулъя гээд нэлээд ажилласан. УИХ-ыг өнөөдөр бүрдүүлж буй 75 гишүүний 64 нь МАН-ынх. Гэтэл тэд дотроо учраа олж чадсангүй. Нэг нам шиг, УИХ-ын бүлэг шиг байж ирээдүйгээ харсан зоримог алхам хийж чадалгүй сонгуулийн тойрог сахисан хэмжээний, амиа аргацаасан өөрчлөлтүүд хийх гээд хоорондоо учраа олсонгүй гэж харж байгаа. Урд нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд учраа ололгүй парламентын үйл ажиллагаа гацаж байсан шүү дээ. Ийм учраас би УИХ дахь МАН-ын бүлгийг завсарлага аваач ээ гэж удаа дараа шаардсан ч тэгсэнгүй өдий хүрлээ. МАН мөрийн хөтөлбөртөө олон зүйл ард түмэнд амласан. Одоо сонгуулийн хугацаа нь бараг дуусч байна. Гэтэл амлалтынх нь  25-30 хувь нь л хэрэгжсэн байх. Тэгэхээр Үндсэн хуульд “гар хүрэх”-дээ ард түмнээсээ асууя гэсэн үгэндээ хүрээсэй гэж хүсч байгаа юм.  Уг нь олонхи байгаа үедээ Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ реформын шинжтэй өөрчлөлт хийх ёстой гэж бодож байна.

-Тухайлбал?

-Сонгуулийн тогтолцоотой асуудлуудыг нэг мөр шийдэх хэрэгтэй. МАН-ынхан сөрөг хүчин байхдаа Засгийн газрын гишүүдийг “Давхар дээлээ тайлаач ээ. Тэгэхгүй бол халууцаад хэцүү байна”  гээд л жагсч цуглаад байсан. Энэ зүйлээ одоо өөрчлөх цаг, боломж нь өөрсдөд ирсэн байна. Засгийн газар нь тогтвортой байж чадахгүй УИХ-ын гишүүд нь ээлжлээд л сайд болдог асуудлыг ард түмэн зайлшгүй өөрчлөх ёстой гэж байгаа шүү дээ. Гэтэл түүнийгээ хийж чадахгүй санал нь унаад л гомдсон, тунисан хүүхэд шиг 10, 15-уулаа гарч яваад л байдал хүндэрчихлээ. Дээрээс нь олонхидоо найдаж болохгүй байсан. Ялангуяа, парламентад суудалтай намтай, Ерөнхийлөгчийн тавьсан зоримог өөрчлөлтийн саналуудыг аваад явах ёстой байлаа. Мөн парламентад суудалгүй улс төрийн намууд ч өөрсдийн саналуудаа ирүүлсэн. Эдгээрийг тоохгүй, үл огоорсон учраас өөрийнхөө хөлд өөрөө орооцолдоол уначихлаа. 

-Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй болсон гэсэн үг үү. Энэ мухардлаас гарах гарц бий юу?

-Ерөөсөө л ард түмнээсээ   асуух л зам бий. Тэгэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэдэг зүйл асуугаад хэрэггүй. Өөрлөе л гэсэн хариулт гарна. Ард түмэн Үндсэн хуулиа өөрчилж сайжруулах ёстой гэж байгаа юм. Одоо хуульд өргөн барьсан реформын шинжтэй зүйлүүдийг жагсааж байгаад ард түмнээс асуувал бодит үр дүн, хариулт гарна гэж бодож байна. Түүнээс биш Ерөнхийлөгчийн эсвэл Парламентын засаглалтай байх уу гэдгийг хэн нэгэн УИХ-ын гишүүн, аль нэг улс төрийн хүчний шийдэх асуудал биш. Би ч энэ талаар зоримог дуугарч чадахгүй. Ард түмний санал, дүн гарч ирвэл дараагын шийдэл нь гарах учиртай.   Хэрэв ард түмэн засаглалын хэлбэрээ солих  эрх өгвөл   тал талаасаа ярилцаад  хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг парламентаар хэлэлцээд шийдэх нөхцөл байдал руу орлоо.

-Ард нийтийн санал асуулга явуулах зардлыг хэрхэн шийдэх ёстой вэ?

-Тодорхой хэмжээний зардал гарах нь мэдээж. Хэмнэх талаар сайн бодож тооцох ёстой байх. Ард нийтийн санал асуулга явуулах талаар намын бүлгийн хурлаараа ярьчихаад, зардал нь 29 тэрбум төгрөг болж байна гэсэн. Энэ мэдэгдэл нь магадгүй ард түмнээс асуухгүй байх зорилго чиглэл рүү хөтлөж байхыг үгүйсгэх аргагүй юм. Ийм учраас ард түмний саналыг асуух ажлыг олон талаас нь нарийн тооцож хийх хэрэгтэй. Энэ жил хэдийгээр өнөтэй зун, налгар сайхан намартай золгож байгаа ч өвөл нь цас их унах цаг агаарын төлөв гарч байна. Өвөл хаяанд ирсэн учраас малчид отор, нүүдлээ хийгээд явах цаг  боллоо.  Ийм учраас УИХ дахь МАН-ын бүлэг ойрын хугацаанд ард түмнээс асуух ажлаа тал талаасаа ярилцаад шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Төсвийг танах асуудлыг нэлээд ярилцсан гэсэн үнэн үү?

-Мэдээж яригдаж л байгаа байх. Үрэлгэн төсвийг хэмнэх талаар нухацтай ярих ёстой. Бид дөрвөн  жил л хэдэн дэд сайдын орон тоогоо хасч төсвөө хэмнээч гэж хэлж ирсэн.  Мөн олон орлогч, агентлагуудаа танах талаар ярихгүй л байгаа юм. Тэгээд ард түмнээс санал асуух гэхээр ийм мөнгөнд тулчихаад байна гэж матрын нулимас унагах эрх байхгүй. Дэлхий нийтээр манай улсыг ажиглаж байгаа. Гэтэл Үндсэн хуулиа өөрчлөх ч юм шиг, үгүй ч юм шиг байгаа нь харамсалтай. Хөрөнгө оруулалтаа хийх, ажлаа явуулах хүлээлт байна шүү дээ. Дээрээс нь хоёр том гүрний дунд оршдог жижиг орны хувьд төрийн хар хайрцагны бодлогын хүрээнд бодсон ч Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийсэн шиг хийгээд явах ёстой гэж бодож байна. 

-Парламентад суудалгүй улс төрийн намууд “Ерөнхийлөгч саналаа татаж авсан учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тэр чигтээ байхгүй боллоо” гэсэн байр суурь илэрхийлээд байна л даа?

-Өөрийнх нь эрхийн асуудал. Үндсэн хуулийг сайжруулах чиглэлээр тодорхой саналууд тавихад 20 хувийг нь өөрчилсөн болоод орхисон. Мөн Ардчилсан намаас тавьсан 25 саналаас гуравт нь хэдэн үг нэмж оруулчихаад түүнийгээ болчихлоо гэсэн. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх хэлэлцүүлэгт орох нь аль аль талдаа утгагүй болж байгаа юм.  Эдгээрээс гадна УИХ дахь МАН-ын  64 гишүүн дангаараа өөрсдийн тавьсан зүйлүүдээ ярих гээд бас мухардал орчихсон. Дахин хэлхэд энэ мухардлаас гарах ганц гарц нь ард түмнээсээ асуух л юм.

Эх сурвалж: Ардчилал таймс сонин

Ангилал


Twitter


Facebook