З.Нарантуяа: Сонгуулийн тогтолцоогоо шийдэж чадахгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад ямар ч үр дүнгүй

2019-08-30
|
Ярилцлага

-Бидэнд кноп бий гэж хэт түрэмгийлж хандаж байгаа учраас өргөн барьсан төслөө батлуулж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна-

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг ямартаа ч эхлүүллээ. Хэлэлцүүлгийн үйл явцын талаар таны байр суурь ямар байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нийт гишүүдийн 3/4-аар буюу 57 гишүүн дэмжлэгийг авах ёстой. Тэгж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдана. Уг төслийг 62 гишүүн өргөн барьсан. Ингээд үзэхэд эрх баригч намын 62 гишүүн оруулж ирсэн төслөө хангалттай батлах боломжтой. Харамсалтай нь өнөөдөр өргөн барьсан төслийнхөө эсрэг бодолтой гишүүн маш их байна. Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад буюу өнөөдөр (өчигдөр) 150 саналын томъёолол орж ирлээ. Үүний эхний санал дээр нь гэхэд л бүгд өөр байр суурьтай байна. Энэ нь өөрсдийн өргөн барьсан Үндсэн хуулийн төслийнхөө томъёололд санал нэгдэж, зөвшилцөж чадаагүй гэдгийг харуулж байгаа юм. Үүнээс харахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж чадна гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

-62 гишүүн гарын үсэг зуран дэмжснээр энэ төслийг өргөн барьсан ч өнөөдөр ийнхүү санал зөрөлдсөөр байна. Үүнээс гишүүдийг анхнаасаа төсөлтэйгөө сайтар танилцаагүй гэж ойлгох уу эсвэл өөр ашиг сонирхлын зөрчил байна уу?

-Өргөн барьсан төслийнхөө утга агуулга дээрээ анхнаасаа санал нэгдээгүй байсан нь харагдаж байна. Энэхүү төслийг сайжруулахын төлөө Ерөнхийлөгч болон бусад улс төрийн хүчний нам, эвслүүдтэй зөвшилцөөгүй. Харин ч олонхоороо хүч түрж өргөн барьснаас энэ бүх хүндрэлүүд бий боллоо гэж үзэж байна. Хэдийгээр УИХ дээр 64 суудалтай ч гэсэн ингэж эрдэж болохгүй. Үндсэн хууль гэдэг нийт ард түмний эрх ашгийг хөнддөг суурь хууль учраас УИХ-д суудалтай, суудалгүйгээс үл хамаарч бүх улс төрийн хүчнүүд, нийгмийн байгууллага, төлөөлөл, судлаачдын саналыг маш нухацтай авч үзэж байж батлах ёстой. Анхнаасаа энэ бэлтгэл ажлаа сайн хийж чадаагүй учраас хоёрдугаар хэлэлцүүлэг дээр, санал өгөх мөчид хүртэл үндсэн зүйлүүд дээрээ санал зөрөлдөж байна. Үүнийг хэд хэдэн жишээ харуул байна. Нэгдүгээрт, улс төрийн сонгуулийн тогтолцоогоо холимог, мажоритар, пропорцианаль байх уу гэдгээ одоо ч тохиролцож, шийдэж чадаагүй байна. Энэ нв бүхий л улс төрийн намуудын хувьд амин чухал асуудал. Монголын өнөөдрийн төрийн байгууллагуудын хоорондын зөрчилдөөн, улс төрийн орчны энэ сөргөлдөөн сонгуулийн тогтолцоогоос ихээхэн хамаарч байгаа. Жалга бүрээс, 76 жижиг мажоритароор сонгогддог энэ тогтолцоо улс төрийн намуудын төлөвшилд ч, улс орны алсын хөгжлийн бодлогод ч сөрөгөөр нөлөөлдөг. Ийм том бодлогынхоо зарчмын суурь асуудал дээр нэгдэж чадаагүй байна гэдэг санал хураахад бэлэн биш байгааг харуулж байна.

Хоёрдугаарт, хамгийн чухал нь улс төрийн намууд институцийн хувьд хөгжих, бэхжих, төгөлдөрших, хариуцлагатай болох хэрэгтэй. Үзэл баримтлал, үнэт зүйлээрээ ялгарч хөгжих хэрэгтэй байна. Удирдлага, санхүүжилт нь ил тод баймаар байна. Хариуцлага, хэрэгжүүлэх бодлого нь урт хугацаанд тогтвортой, судалгаатай, алсыг харсан байх хэрэгтэй байна. Ингэхийн тулд улс төрийн намынхаа суурь зарчмыг оруулах ёстой. Гэсэн ч өнөөдөр санал зөрөлдөөнтэй, тохиролцож чадахгүй байна. Дээрээс нь хууль шүүхийн байгууллага шударга ёсныхоо баталгааг хангах тал дээр тохиролцож чадахгүй байна. Ер нь бол Үндсэн хуулийг өөрчлөх нийгмийн хэрэгцээ шаардлага нь таван зүйлтэй холбоотой байсан.

-Тэдгээрийг тодруулаач?

-Нэн тэргүүнд байгалийн баялагаа тэгш, шударга, хүртээмжтэй хувиарлах суурь зарчмаа тодорхойлох, УИХ, улс төрчид нь хариуцлагжихтай холбоотой байсан. Хэрэв хариуцлага алдвал УИХ өөрөө тардаг, тухайн гишүүнийг эгүүлэн татдаг эрхзүйн үндэслэлийг бий болгох шаардлага байгаа. УИХ, Засгийн газар буюу хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал нь харилцан хяналт тэнцэлээ хангадаг, өөр өөрийн үүргээ биелүүлдэг, байр суурин дээрээ байх туйлын шаардлага ч бий. Дээр хэлсэнчлэн улс төрийн намууд хөгжлийнхөө дараагийн шинэ шатанд гарч, үзэл баримтлалаараа нийт иргэддээ хүлээн зөвшөөрөгддөг байж сонгуульд оролцдог, эрх авдаг, улс орныг удирддаг зарчимтай болох ёстой. Өнөөдрийн хүртэл хууль шүүхийн байгууллагад улс төрчдөөс, эрх баригчдаас, төрийн зарим институцээс шууд оролцож байгаа оролцоог арилгаж, бие даасан байдлыг хангахын тулд Үндсэн хуульд зайлшгүй зарчмуудыг суулгах хэрэгтэй байсан. Мөн төрийн алба нь тогтвортой, мэргэшсэн, улс төрөөс ангид байх гэх зэрэг энэ хэдэн суурь зарчмууд дээрээ бид Үндсэн хуулийн хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хийж, дараагийн 20, 30 жилдээ тогтвортой хөгжих, хөгжлийнхөө суурийг тавих зайлшгүй шаардлага байсан. Тиймдээ ч ард иргэд энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлагдаасай гэж хүсэн хүлээж байсан. Хувь улстөрчийн хувьд ч тэр би энэ байр суурин дээр байсан юм. Мэдээж тодорхой зүйлүүд дээр илүү сайжруулах, хариуцлагажуулах ёстой гэх байр суурийг илэрхийлсэн. Ялангуяа төсөв, санхүүгийн харилцааны зарчмуудыг илүү тодорхой болгож, тусгагдаагүй зүйлүүдийг сайжруулъя гэдэг саналыг өгч байлаа. Нэг зүйл ажиглагдаж байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр бусдыг саналыг хүлээж авахгүй, тэр бүү хэл дотороо байгаа өөр үзэл бодолтой гишүүдээ ч сонсохгүй байна. Бидэнд кноп бий гэж хэт түрэмгийлж хандаж байгаа учраас өргөн барьсан төслөө батлуулж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна. Энэ нь тун харамсалтай юм.

-Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж Ерөнхийлөгч болон улс төрийн намуудын саналыг тусгасан гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа шүү дээ.

-Өөрсдөө бол тэгж тайлбарлаж байгаа юм. Хэлбэр төдийгөөр л санал авч байгаа. Агуулгын хувьд хүмүүсийн тусгуулахыг хүсч буй санаа бүрэн дүүрэн сууж чадахгүй байгаа учраас хүмүүс эсрэг санал илэрхийлээд байна

. -Ардчилсан намын зүгээс тогтолцоогоо тодорхой тусгаж өгөх ёстой гэж буй. Хоёрдугаар хэлэлцүүлгээр тогтолцоог тодорхой суулгах боломжтой юу?

-Энэ асуудлаар Ерөнхийлөгчөөр ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг дээр ярьсан. Ардчилсан намын зүгээс ч байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь өнөөдөр зөвшилцөж чадаагүй. Энэ нь олонхийн бүлгийн саналаар буюу 76 жижиг тойрог, дээр нь 23 хүн жагсаалтаар гээд 99 гишүүнтэй байхаар санал хураагдах нь шиг байна. Төсөл дээрээ бол энэ нь байхгүй байгаа. Яг энэ асуудал ихээхэн маргаан дагуулж байгаа. Миний хувьд гишүүдийн тоо 76, 99, 108 байна гэдэг нь тийм чухал биш. Хамгийн гол нь суурь, улс орны хөгжлийн том бодлого орхигддог, түүнийг ярьдаг төлөөлөл УИХ-д байхгүйд учир бий. Бүгд зөвхөн сонгогдхын тулд тойрог руугаа, төсвийн үрэлгэн, хэсэгчилсэн жижиг бодлого руу илүү анхаарч нийт төсвийн 2/3 хувь нь хөдөө орон нутагт хувиарлагддаг. Гэсэн ч хөдөө орон нутгийн хөгжил 1960 оныхоо түвшинд хэвээр байна. Томоохон төслүүд нь дандаа олон улсын төсөл эсвэл бондын хөрөнгөөр санхүүжигддэг. Энэ нь маш их хэл ам дагуулдаг. Жил болгон үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дөрвөөс таван том төслүүд хөдөлнө гэж ярьдаг ч хэзээ ч явдаггүй. Тиймээс хэн нэгэн хүн, институци Монгол Улсын хөгжлийн алсын хараа, бодлого төлөвлөлтийг судлаад, урт, дунд, богино хугацаагаа, хүрэх үр дүнг нь тодорхойлоод, түүний араас үргэлж хянадаг, ажилладаг байх төрийн залгамж чанар хэрэгтэй байна. Ингэж чадахгүй байгаа нь эргээд сонгуулийн жижиг тогтолцоотой холбоотой болж таардаг. Үүнийгээ шийдэж чадахгүй бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа ч ямар ч үр дүн харагдахгүй.

-Байгалийн баялгийг төрийн нийтийн өмч байна гэж тусгахаар болж байна. Төрийн нийтийн гэх томъёолол ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийн мэдлийнх болох нь гэх болгоомжлол ч иргэдийн дунд байна. Та үүнд хувь гишүүнийхээ зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Төр гэдэг Ерөнхийлөгч ганцаараа биш. Төр бол иргэдийнхээ эрх ашгийн төлөө үйлчлэх гэж байгууллагддаг. Харамсалтай нь өнөөдөр төр, иргэн хоёр ялгарчихаад байна. Нийтээр эзэмших, ашиглах ёстой тэр бүх байгалийн баялгийг төр ухаалаг менежмэнтээр, бүх ард түмэндээ тэгш хүртээмжтэйгээр хувиарлах бодлогыг явуулах ёстой. Харамсалтай нь төрийн шийдвэр гаргах мест дээр оччихсон хүмүүс эрх мэдлээ ашиглаж тэр баялгийг иргэддээ биш өөрсдөдөө төвлөрүүлж аваад байгаад л иргэд бухимдаж байна. Үүнээс болоод иргэд төр гэдгийг өөрсдөөсөө тусдаа үзэх болсон. Төр тусдаа өмчтэй, эрх мэдэлтэй байхын эсрэг болчихоод байгаа. Энэ бол нийгмийн гаж үзэгдэл. Ийм нөхцөл байдал үүсгэсэн буруутан нь ард иргэд биш. Харин тухайн үе бүрийн шийдвэр гаргагч түвшний хүмүүсийн алдаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор 150 гаруй санал дээр санал хураалт явуулна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэх журмын тухай хуулийн дагуу гишүүдийн ирц өндөр байх шаардлагатай. Энэ тохиолдолд чухал саналууд унах эрсдэл бүрдэхийг үгүйсгэх аргагүй байна. Тэгэхээр Үндсэн хууль цогцоороо батлагдаж чадах уу?

-Зүйл заалт бүрт санал хураалт явуулахад 57-оос дээг гишүүн оролцож, тэд дэмжиж санал өгснөөр батлагдах ёстой. Өнөөдөр чуулганы ирцийг харахад сөрөг хүчний гишүүдийг оролцуулаад 62-уулаа байна. Эрх барьж байгаа намын хууль өргөн барьсан 62 гишүүн бүгд нэгдсэн хуралдаан орж ирэхгүй байна. Тийм учраас нэг гишүүн л эсрэг дарахад энэ саналууд дэмжигдэхгүй унах магадлалтай. Маш эрсдэлтэй байдалтай байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Ангилал


Twitter


Facebook