Гишүүдийн тоог 99 болгож, тогтолцоог тодорхойгүй оруулж ирж буйг Ардчилсан нам хүлээж авахгүй

2019-08-23
|
Мэдээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсэгт өргөн барьсан саналынхаа талаар хэлэлцлээ. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нийт саналуудаас найман саналыг хүлээн авах боломжгүй гэсэн Ажлын хэсгийн хариу ирсэнтэй холбоотойгоор Зөвлөлийн удирдлага болон гишүүд байр сууриа илэрхийллээ.

Д.Эрдэнэбат: 99 гишүүн 5 жилийн хугацаатай гэсэн саналыг ямар ч хүлээн зөвшөөрөх боломжгүй

Гол үндсэн шалтгаан нь өргөн баригдсан хуульд тусгагдаагүй зүйл заалтууд байна гэсэн тайлбарыг бидэнд өгсөн. Бид нарын хувьд байхгүй зүйл заалтны асуудалдаа биш, гол үндсэн зарчим нь ямар ч өргөн баригдсан төслийн хүрээнд авч үзэх шаардлагатай зүйлүүд байгаа гэдгийг зөвшилцлийн хурал дээр илэрхийлсэн. Энэ үеэр найман зүйл заалт дээр дахин ойлголцож явъя гэдэг байр сууриа илэрхийлсэн. Ялангуяа үүн дээр онцгойлон авч үзэх хэд хэдэн зүйл байгаа. Үүнд: Сонгуулийн тогтолцооны тухай асуудал, мөн төрийн татвар, эдийн засаг, Орон нутгийн эдийн засгийн бие даасан байдал, орон нутгийн хөгжлийн асуудалтай холбоотой заалтууд дээр боломжгүй гэсэн санал өгсөн.

Үүнийг бид хүлээж авах боломжгүй байгаа. Өнөөдөр ажлын хэсэг хуралдах үеэр бид дахин байр сууриа илэрхийлэх болно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа энэ үед Ардчилсан намын хувьд зарчмын байр суурь, ард нийтийн эрх ашгийн төлөө энэ улс орны төрийн том бодлогод оролцох боломжийг олгохын төлөө зарим нэг чухал заалтуудаа хамгаалж үлдэх зайлшгүй шаардлага байна. МАН-ын бүлэг хуралдаж, тогтолцоо, үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын хугацаа, гишүүдийн тоон дээр шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл байна. 76 гишүүнийг 5 жилийн хугацаатай 99 болгох, ингэхдээ Үндсэн хуульд сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэсэн тогтолцооны асуудлыг хасаж оруулж ирсэн саналыг хүлээн зөвшөөрөх  ямар ч  боломжгүй. Яагаад гэвэл өнөөдөр 76 гишүүн жижиг тойргоор сонгогдож, нэр хүнд, хариуцлагыг дааж явах чадамжгүй байгаа хэрнээ яг нэг тогтолцоогоор 99 гишүүнтэй болох боломжгүй. Бид анхнаасаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг дэмжинэ. Үүнтэй холбогдуулаад намын үүрэг хариуцлага дээшлүүлэх, намын бодлого төрд тусахад хариуцлагатай байхын тулд улсын хэмжээнд зүтгэх чадвартай бодлогыг гаргахад онцгой эерэг нөлөөтэй гэж харж байна. Намыг 50 мянган гишүүдийн гарын үсгээр байгуулна гэсэн Ерөнхийлөгчийн саналыг манай зөвлөл хэлэлцээд нийт хүн амын 1 хувьтай тэнцэхээр хэмжээний иргэдийн санал гарын үсэг цуглаж байж нам байгуулах эрх үүсдэг байхаар босго тогтоох нь зүйтэй хэмээн үзлээ. Ийнхүү зарчмын байр сууриудыг илэрхийлсэний дараа Ардчилсан намаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах ёстой шүү гэсэн бидний байр суурь хатуу байгаагаа илэрхийлэх болно. Хэрэв энэ асуудал олонхиороо шийдэгдэх юм бол бид цаашдаа санал хураалтанд оролцох боломжгүй.

С.Эрдэнэ: Хэрэв тоог нэмэх асуудал ярих гэж байгаа бол тогтолцоогоо тодорхой болгох ёстой

- Бид тодорхой дөрвөн санал тавьсан, түүнийхээ байр суурьт ч хатуу зогсоно. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудаас заримыг нь дэмжиж болох ч дэмжиж болохгүй заалтууд бий. МАН-ын бүлэг хуралдаад үндсэн 76 гишүүн дээр 23 гишүүн нэмэхээр нийт 99 гишүүн байхаар асуудлыг оруулж ирсэн байна. Гэтэл тогтолцоо нь ямар байх, Үндсэн хуульд хэрхэн орж байгаа нь тодорхойгүй. Тогтолцооны асуудлыг сонгуультай холбоотой хуулиар зохицуулна гэсэн байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн саналд парламент 108 гишүүн байх бөгөөд 54 гишүүн нь аймаг орон нутгаас сонгогдох бол 54 нь намын жагсаалтаар оруулж ирэхээр төлөвлөсөн. Гэхдээ намын жагсаалтын 54 гишүүн нь улс орны бодлогыг тодорхойлох, үлдсэн тойргоос сонгогдсон 54 гишүүн нь тойргийн эрх ашгаа хамгаалах гэсэн зорилгоор өргөн барьсан байсан. Хэрэв тоог нэмэх асуудал ярих гэж байгаа бол тогтолцоогоо тодорхой болгосон үндэслэл, тооцоололтой Ерөнхийлөгчийн саналыг бид дэмжээд явна. Өнөөдрийн УИХ-д байгаа эрх барьж байгаа намын гишүүд дотор дийлэнхи нь гэмт хэрэг ёс зүйн асуудалд холбогдсон нөхдүүд байгаа. Тэд эрүүгийн болон бусад хуулиар хариуцлага хүлээх ёстой хүмүүс эцэг хуулийг батлах эрх байна уу. Хууль шүүхийн байгууллагаар нэгэнт тогтоогдсон асуудлыг ярихаас илүү гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон хэргийг яагаад ярихгүй байна вэ, Ц.Нямдорж сайд. Өөртэй нь холбоотой маш олон ёс зүйн асуудал байхад яагаад тайлбар хийхгүй байна гэдэг олон асуудалд тайлбар хийлгэх хэрэгтэй байна. Эдгээр гишүүдэд ийм ёс зүй байх ёсгүй. Бид үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн оруулсан санал, өөрсдийн тодорхой саналуудыг баримталж асуудалд оролцоно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

З.Нарантуяа: Зарчим, бодлогын өөрчлөлтүүдийг хийхгүй бол эрх мэдлийн төлөөх өөрчлөлтийг дэмжихгүй

-Монгол Улсад хамгийн ихээр садаа болж байгаа асуудал бол улс төрийн орчны бохирдол, зөрчилдөөнөөс үүссэн засаглалын хямрал гэдэгтэй Монголын ард түмэн санал нэгтэй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа гол зорилго буюу хэрэгцээ шаардлага, үндэслэл нь тогтвортой бодлогыг хэрэгжүүлж чадах чадамж бүхий тууштай бодлого, төлөвлөлт хэрэгтэй байна. МАН-ын 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ийм зарчмын өөрчлөлт хийх хангалттай заалт байхгүй байна гэж үзэж байсан учраас Ардчилсан намын зөвлөл анхнаасаа хэлэлцүүлэгт орохгүй явж байсан. Харин Ерөнхийлөгчийн саналд алсын хараа, тууштай хэрэгжүүлж явах хэд хэдэн заалтууд байсан учраас бид дэмжиж байна. Тухайлбал, улс орны хөгжлийг тодорхойлох 54 гишүүн, орон нутаг тойргийн бодлого, хөгжлийг тодорхойлох 54 гишүүнтэй, холимог тогтолцоотой байх нь зөв санаачилга юм. Энэ нь аль нэг эрх барьсан нам нь намдаа илүү санал, илүү оноо авахын тулд хуулиа байн байн өөрчлөөд байдаг зүйлийг таслан зогсоох бодлогын шинж чанартай заалт юм. Тиймээс үүнийг заавал оруулах ёстой заалт. Үүнээс гадна Монгол улсад бодлого, алсын хараагаа тууштай тодорхойлох, хэрэгжүүлхийн төлөө аль ч намаас сонгогдсон засгийн газар нэгдмэл байр суурьтай ажиллах хэрэгтэй байна. Энэ бодлого төлөвлөлт бол ерөнхийдөө урт дунд хугацааны алсын бодлоготойгоо нийцдэг. Нам бүр өөрийн хэрэгжүүлэх хэлбэр агуулга нь өөр байх ч, үүндээ нийцүүлж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж явах ёстой гэсэн зарчмын саналтай нэг байгаа. Үүнтэй уялдуулан 62 гишүүний өргөн барьсан төсөлд огт байхгүй байгаа саналыг хүргүүлсэн боловч ажлын хэсэг дээр хэрхэн дэмжигдэж байгаа нь тодорхойгүй байна. Үүнд эдийн засаг төсөв санхүүгийн хариуцлагатай бодлогыг баримтлах, санхүүгийн хариуцлагатай сахилгын зарчмыг үндсэн хуулиндаа оруулж, шинээр тодорхойлоё гэсэн саналыг өгсөн. Жишээ нь:

1. Бид ард иргэдээсээ зөвхөн хуулиар тогтоосон татвар хураамжийг авна гэсэн хатуу зарчмыг хийж өгөхгүй бол хуульд заасан татвараас гадна маш олон төрлийн хураамж төлбөрөөр ард иргэд, аж ахуй нэгжүүдийг дарамталж байна. Үүнийг болих цаг болсон.

2. Төсвийг батлахдаа бид зөвхөн олсон орлогынхоо хэмжээнд суурилж зарлагаа тодорхойлж байя, олоогүй орлогоо зарлага болгон хувиарладаг энэ замбараагүй байдлыг үндсэн хуулиар хаая гэж томъёолж санал оруулсан байгаа.

3. Засгийн газрын өрийн дээд хэмжээнд зааг тавьж, ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй, төсвийн алдагдалыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх зарчим баримтална гэсэн саналуудыг Үндсэн хуульдаа хатуу зааж өгнө гэсэн саналуудыг хүргүүлсэн.  Хэрэв зарчмын бодлогын өөрчлөлтүүдийг хийж чадахгүй, эрх мэдлийн төлөөх өөрчлөлтийг хийж байгаа бол Ардчилсан намын зөвлөл дэмжихгүй гэдэгээ илэрхийлж байна.


Д.Мурат: Ард түмний санал хураалтыг зохион байгуулах нь хамгийн чухал

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ард түмний санал хураалтыг зохион байгуулах нь хамгийн чухал. Харамсалтай нь санал хураалт явуулах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.



 

 

Ангилал


Twitter


Facebook