С.Эрдэнэ: Үндсэн хуульд сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэт хязгаарлаж байна

2019-07-05
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Ямар шалтгааны улмаас ийм шийдвэрт хүрч байна вэ?

-Би 21 аймгаар ажиллаад ирлээ. АН-ын үзэл баримтлалын Үндэсний гуравдугаар аяны нэгдүгээр үе шат дууслаа. 21 аймгийн намын хорооны гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийн, сургалт зохион байгуулсан. Энэ үеэр аймаг орон нутгийн иргэдтэй санал бодлоо солилцсон юм. Иргэдээс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар ямар мэдээ мэдээлэлтэй байгааг асуусан. Гэтэл энэ өөрчлөлтийн талаар иргэд ямар ч бодит мэдээлэл аваагүй байна. Ихэнх аймгийн иргэд энэ талаар ямар ч ойлголтгүй байгаагаа илэрхийлсэн. Иргэддээ хангалттай мэдээлэл хүргээгүй атлаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь ойлгомжгүй юм л даа. Иргэдийн зүгээс санал нэгдэхгүй байгаа зүйлсээ хэлж байсан. Өнөөдөр ёс зүйгүй парламент бий болсноос гадна эрх барьж байгаа нам ямар ч ёс зүйгүй байгааг хэлж байна. Эрх барьж байгаа намын 64 гишүүнээс 50 гаруй нь хэрэгт холбогдчихсон. Магадгүй цаашдаа ч нэмэгдэх магадлалтай. Наад зах нь л гэхэд ЖДҮ-ийн сангаас өчнөөн тэрбумыг идчихсэн. Мөн концессийн гэрээ гээд 820 гаруй тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон хүмүүст одоо хүртэл хариуцлага тооцогдоогүй. 60 тэрбумын схемээр төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авчихсан. Энэ өөрөө төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Маш олон зүйлсийг үндэслэн харгалзан үзэхээр өнөөгийн эрх баригчид Үндсэн хуульд гар хүрэх, өөрчлөлт хийх эрх алга. Хуулиар заасан тоо нь хүрч байгаа ч нэн тэргүүнд улс орны хэмжээнд бүх ард түмний санал бодлыг тусгасан, улс төрийн бүх нам, төрийн бус байгууллагууд, сонирхогч бүх этгээдүүдийн санаа оноог суулгаж, тэдэнд тодорхой мэдээлэл өгч байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой.

Гэтэл өнөөдөр олонх гэдгээрээ түрий барьж, хандах юм бол Үндсэн хуулийн өөрчлөлт дорвитой болж чадахгүй. Магадгүй олонхын хүч түрсэн байдал яваандаа Үндсэн хуулийн хямрал руу аваачихыг үгүйсгэхгүй.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж байх хугацаанд АН болоод бусад намаас санаа бодлыг нь сонсож, дэмжсэн гэх зүйл яригдаж байсан шүү дээ?

-Бидний зүгээс дэмжсэн байр суурь ердөө ч илэрхийлээгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэгт АН-аас УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар багтаж байгаа. Би тодорхой хэмжээнд уулзаж ярилцан санал бодлоо солилцсон. Санал бодол солилцох түвшинд ямар ч ажил хэрэг яригдаж болно. Маш олон шалтгааны улмаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэг эхлүүлэх үед бид оролцохгүй гэдгээ илэрхийлж байгаа.

-Одоогийн өөрчлөлтөд Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн зүйл заалт юу байна вэ?

-Нэгдүгээрт, Үндсэн хуулийн суурь зарчим бол гүйцэтгэх засаглал хууль тогтоох, шүүх эрх мэдэл, ерөнхийлөгчийн засаглал тус тусдаа харилцан эрх зүйн уялдаатайгаар тогтоогдсон байдаг. Гэтэл өнөөдрийн орж ирж байгаа төсөлд эрх мэдлийн гэхээс илүү эрх мэдлийн хоорондын зохицуулалт, хяналт, хариуцлагын тогтолцоог алдагдуулсан хэд хэдэн заалт орж ирсэн байна лээ. Хоёрдугаарт, төрийн албанд улстөржиж орсон өнөөдрийн хариуцлагагүй төрийн албаныхан гарах хаалгыг хаасан заалтыг оруулж ирсэн. Төрийн босго өндөр байх ёстой. Орох хаалганыхаа төрийн босгыг өндөрсгөлгүй, гарах хаалгыг хааж байна. Алдааг дахин давтаж болохгүй. Төрийн албан тушаалтанд шалгуур байх ёстой. Энэ зүйл нь Үндсэнд хуульд зайлшгүй тусгагдах ёстой байтал тусгагдахгүй байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж байна. Энэ хуулийн өөрчлөлт дордуулсан гэх долоон өөрчлөлтөөсөө дор болохыг үгүйсгэхгүй. Өнөөдөр оруулж ирж байгаа өөрчлөлтүүд Үндсэн хуулийн нэмэлт гэхээсээ илүү Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэмжээнд хүрчихсэн байна. Үүний цаана хариуцлага хүлээх боломж багатай тэтгэврийн хэдэн хүмүүсийг зүтгүүлээд байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн хямрал үүсч, эргээд нийгэмд эдийн засаг, улс төрийн сөрөг үр дагавар дагуулж 2000 оны долоон өөрчлөлттэй адил болчихвол хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт үлдэнэ.

Төрийн үйл ажиллагаа хэвийн тогтмол тасралтгүй үргэлжилж байх ёстой. Үндсэн хууль нь хямралд орж зөрчилдөөн үүсгээд эхэлбэл гарах сөрөг уршгийг хэн хариуцах юм. Үндсэн хуулийн асуудал эрх барьж байгаа ганц намын асуудал биш. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын гол баталгаа болсон бичиг баримт. Хэн дуртай нь гар дүрэх нь зөв зүйтэй гэж бодохгүй байна. Бидний зүгээс Ерөнхийлөгчид албан тоот явуулсан. Албан тоотдоо үндэслэлүүдээ тодорхой тусгасан байгаа. Энэ орж байгаа өөрчлөлтүүд орон нутгийн өөрөө удирдах хэсгийн эрх хэмжээг хэт хязгаарласан. Мөн сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хэт хязгаарласан байна. Заавал давхар дээлтэй албан тушаал хаших ёстой гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Ганцхан Ерөнхий сайд байхад болно биз дээ. Парламент нь парламентынхаа ажлыг, Засгийн газар нь Засгийн газрын ажлаа хийхэд болно. Энэ өөрчлөлтөө хамгаалаад авч үлдэж байна. Үнэхээр Үндсэн хууль ард түмэнд үр өгөөжөө өгөх ёстой гэж харсан бол дордуулсан долоон өөрчлөлтөөсөө эхэл л дээ. Үндсэн хуулиар баталгаажсан хяналтын механизм гаргаж ирээд ямар хэрэгтэй юм бэ. Манайд өнөөдөр хяналтын механизм дутаагүй. Цагдаа, авлигатай тэмцэх газар, прокурор, шүүх, гааль, татвар, мэргэжлийн хяналтаас эхлүүлээд л дандаа хяналттай. Үүний үр дүн дахиад л орон тоо бий болж, нүсэр төсөв зарцуулагдах болно.

Төрийн албан хаагчийн тоог бууруулъя төсвөө үр дүнтэй зарцуулъя гэдэг хэрнээ нөгөө талаараа дахиад л орон тооны зүйл хийчихсэн явж байна. Эрх баригчдыг ийм шалдар булдар зүйлээр хөөцөлдөнө гэж бодоогүй. Би МАН-д хүндэтгэлтэй хандаж ирсэн. 30 жил улс төрд явахдаа Монголд тэргүүлэх улс төрийн хүчин гэж хүлээн зөвшөөрдөг. Өөрийн гэсэн өнгө төрхтэй, боловсон хүчин сайтай улс төрийн хүчин гэж бодож явсан. Гэтэл 2008 оноос хойш энэ намыг ойлгохоо больсон. Сүүлийн арав гаруй жил нам биш болчихжээ. Ашиг сонирхлын зөрчил дээр нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрөл болчихож гэж харж байгаа. Боловсон хүчний нөөц чадвар болоод бодлого стратеги алга. Эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөний төлөө зодоон хийж байна. Гадагшаа зодолддог байсан бол сүүлдээ дотооддоо зодолддог болсон. Нэг намын дотоод зодоон нь одоо төрийн хямрал болж хувирч байна. Сүүлдээ Үндсэн хуульд гар хүрч Үндсэн хуулийн хямрал руу аваачих нь.

-Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал дахин найман жил хөндөгдөхгүй гэж хуульдаа заасан байдаг шүү дээ?

-Үндсэн хуулийн зөрчилтэй, процессийн алдаатай байдлаар нэмэлт өөрчлөлт орсон гэж үзвэл хүчингүй болгож болно. Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн байвал энэ нэмэлт өөрчлөлт тодорхой хэмжээнд хүчингүй болох бүрэн боломжтой. 1992 оны Үндсэн хуулийг батлахад тэр үеийн улс төрийн хүчнүүд, төрийн бус байгууллагууд, нийт ард түмний 30-40 хувь бодитоор оролцож, төслийг боловсруулж батлахад 400 гаруй депутат болоод нийгмийг өргөн хамарч зөвшилцөлд хүрч байж баталсан. Гэтэл одоо эрх баригч нам дангаараа хүч түрээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь маш буруу.

-Гишүүд өөрсдийн тойргийн иргэддээ Үндсэн хуулийн талаар танилцуулаад ирсэн. Иргэдээс гарсан санал санаачилга юу байна вэ?

-Иргэдтэй уулзалт хийж байхад зааланд сууж буй 500 гаруй хүний 30-40 нь л энэ өөрчлөлтийн талаар дутмаг мэдэж байсан. Үндсэн хуульд 1999 онд өөрчлөлт оруулсан боловч процедурын алдаа гаргасны улмаас Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгож, 2000 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг Их хурал дахин баталж байсан гашуун түүх бий. Дахиад ийм процесс болохгүй гэх баталгаа байхгүй. Үндсэн хуулийн Цэц байр сууриа яагаад илэрхийлэхгүй байгааг зарим иргэд асууж байсан. Цэцийн үйл ажиллагааны зарчим бол ямар нэг гомдол хүсэлтээр маргаан үүсгээд үүссэн маргаан дээр шийдвэр гаргадаг, тайлбар өгдөг. Маргаан гомдол иргэнээс гараагүй байхад өөрсдөө сайн дураараа болж буй процесст үнэлэлт дүгнэлт өгөх эрх байхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.4-т Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх зүйн актын хэлбэрийг зөвхөн хууль байхаар заасан. Гэтэл энэ процесс явагдаагүй. Цагаан цаасан дээр бичээд тэрийгээ Үндсэн хуульд хүчээр суулгах гээд байгаа юм. Журмын тухай хуульд зохицуулалт маш нарийн тусгагдсан. Чимид гуай тухайн үед энэ Үндсэн хуульд хэн дуртай нь хүрч болохгүй шүү гэж хэлж байсан. Би Үндсэн хууль санаачилж батлуулсныхаа хувьд биш ээ. Энэ том хоёр гүрний дунд манайх шиг улс ямар нөхцөлд аюулгүй байх, тусгаар тогтнолоо баталгаатай авч явах, улс төр нийгэм эдийн засгийн эрх зүйн онцлог боломжуудыг тусгасан төрийн институци хоорондын харилцаа зохицуулалтыг маш нарийн хийсэн хууль шүү гэж хэлж байсан. Үндсэн хуулиар хамаагүй оролдвол тусгаар тогтнол, үндэсний эрх ашигт маш ноцтой үр дагавар авчрах нөхцөлүүд үүсэхийг сануулж байсан юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Ангилал


Twitter


Facebook