​З.НАРАНТУЯА: НАМЫН ДЭД ДАРГАД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ БОДОЛТОЙ БАЙГАА

2017-02-22
|
Ярилцлага

"Өдрийн сонин"-ы 2017 оны хоёрдугаар сарын 15-ны лхагва гаригийн №041 (5608) дугаараас авав.

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. намрын чуулганы хугацаанд Их хурал үүргээ хэр биелүүлэв?


-Намрын чуулган зайлшгүй хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдээ хэлэлцэж, шийдвэрлэсэн ч эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх том төслүүдээ эхлүүлж чадсангүй. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр олох ажилд ахиц гарахгүй байгаагаас шийдлээ хүлээсээр үлдлээ. Энэ чиглэлд УИХ, Засгийн газрын хамтын ажиллагаа чухал байгаа нь харагдаж байна.


-Төсөв батлахаас эхлээд олон чухал асуудал шийдсэн ч гэлээ өмнөх парламентын үед санаачилсан хуулиудын нэрийг өөрчлөөд баталчих шиг болсон?


-Ач холбогдлын хувьд ижил гэхдээ зөвхөн нэр нь өөрчлөгдсөн хэд хэдэн хууль батлагдсан нь үнэн. Тухайлбал, төрийн сургалтын сан, боловсролын зээлийн сан хоёр зорилго зохицуулах харилцааны хувьд ижил л дээ.


-Таны хувьд намрын чуулганаар ямар асуудалд төвлөрөн ажилласан бэ?


-Эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй байгаа учраас энэ удаад энэ чиглэлийн хууль тогтоомжууд дээр илүү анхаарч ажиллалаа. 2017 оны төсвийн тухай хуулийг аль болох хэмнэлттэй, орлого, зарлагаа зөв тооцоолсон байх зарчимд нийцүүлэхийн тулд хэд хэдэн зарчмын саналуудыг гаргаж, төсөлд тусгуулж чадсан. Төрийн сангууд, төрийн өмчит үйлдвэрийн газруудын ашиг, орлогыг хяналттай байлгах чиглэлээр УИХ-ын тогтоолыг Төсвийн байнгын хорооноос гаргуулад идэвхтэй ажилласан. Бондын хөрөнгийн зарцуулалтын байдал, үр ашигт хяналт тавих, Хөгжлийн банкны үйл ажиллагааны хууль эрх зүйн орчинг илүү сайжруулах чиглэлд анхаарч, Эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэй хамтран хуулийн төслийг өргөн барьж, батлуулж амжлаа.


-ОУВС-гийн мэргэжилт-нүүд манай улсад ажиллаж байна. Гуравдугаар сард багтаад “стэнд бай” хөтөлбөрт хамрагдах боломж бий юү?

 

-Монгол Улсын Засгийн газар өөрөө идэвхтэй байр сууринаас хандаж, яриа хэлэлцээрээ тууштай үргэлжлүүлж, амжуулахын төлөө ажиллах хэрэгтэй байна. Тодорхойгүй, санал хүсэлтээ албан ёсоор хүргүүлэхгүй цаг нэлээд алдсан.
-ОУВС-гийн зүгээс манайд ямар шаардлага тавьж байгаа бол. Хамрагдчихлаа гэхэд мөнгө нь хэдийд орж ирдэг юм бэ?
-Төсөв санхүүгийн нөхцөл байдал улам л муудах хандлагатай болсон учраас тавих шаардлага илүү хатуу болж байгаа. Мөнгө яг хэдийд орж ирэхийг одоо хэлэхэд эрт байна. Сангийн яамнаас энэ талаар тодорхой мэдээлэл авах хэрэгтэй.


-Хэрэв “Стэнд бай”-д хамрагдчихвал ээлжит бус чуулган зарлах уу. Мөн төсөвт тодотгол хийж таарах байх. Төсөвт тодотгол хийвэл аль салбарт голдуу зарцуулах вэ?


-Тийм шаардлага бараг гарахгүй болов уу гэж харж байна. Хэлэлцээр эцэслэгдээгүй байна. валютын сангийн удирдах зөвлөлийн хурлаар шийдэгдэж байж, чуулганаар хэлэлцэгдэнэ.


-МАН-ын гишүүд оны дараачаас эхлээд гадны хөрөнгө оруулалтууд орж ирнэ гэж байсан. Хаанаас, ямар хөрөнгө орж ирэх гарц харагдаж байгаа вэ?

-УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороодоор албан ёсоор яригдсан зүйлүүд одоогоор алга байна.


-Гуравдугаар сард төлөх өрийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Зарим гишүүд Хөгжлийн банкны өрийг асуудалгүй төлнө гэхээр зарим нь төлж чадахгүй гэх юм?


-УИХ Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, балансыг нь цэгцэлж өгсөн. арилжааны банкууд дээр бондын тодорхой эх үүсвэрүүд бий. Ерөнхий сайд ч 580.0 сая ам.долларыг төлчих боломж байгаа гэдгийг мэдэгдсэн. Өчигдөр УИХ-аас “Эрдэнэтийн үйлдвэр” ХХК-ийн хувьцааны 49 хувийг худалдан авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас хувьцааг нь төрд авахдаа хөгжлийн банк, ХХБанкинд байгаа эх үүсвэрүүдээс суутгуулан тооцох тогтоол гаргасан. Энэ гүйлгээ ойрын хугацаанд хийгдвэл асуудал харин хүндэрнэ.


-Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ-аар баталлаа. Уг хууль хэрэгжиж эхэлснээр ямар эерэг нөлөө гарах вэ?


-Хөгжлийн банкны хувьд эрхлэх үйл ажиллагаа нь тэлж, жишиг санхүүгийн байгууллагуудын хэмжээнд хүрэх боломж нээгдэж байгаа. Хамгийн гол нь удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлийг санхүүгийн мэргэжлийн хүмүүсээр сонгон шалгаруулалтын зарчмаар бүрдүүлэх хуулийн шаардлага тавигдаж байгаа. Мөн үйл ажиллагааг нь үнэлж, дүгнэх санхүү, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, зээл, активыг ангилж, хянах журам зэргийг нь Монголбанк тогтоож, хяналтаа тавьж байхаар болсон.
Санхүүжүүлэх төслийн хувьд Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны баримт бичигт тусгагдсан эдийн засгийн хөгжлийг дэмжих, экспортыг дэмжих, импортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үр ашигтай төслүүд байх шаардлага тавьсан.
Төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх тохиолдолд тухай тухайн жилийнхээ төсөвт заавал тусгагдаж байх зохицуулалтыг Төсвийн тухай хуульд оруулахаар Эдийн засгийн байнгын хорооноос төсөл өргөн баригдсан. Энэ төсөл ирэх хаврын чуулганаар яригдана.


-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар МАН-ын гишүүд хоёр талцчих шиг боллоо. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?


-УИХ-ын тогтоолыг батлахын эсрэг байсан. 49 хувийг худалдан авсан ажиллагаа хууль бус байсан гэдгийг нь үгүйсгэсэн хэрэг биш. Хууль бус гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлт өөрөө хангалттай нотолгоо муутай байсныг, мөн Тогтоолын заалтууд өөрөө гарсныхаа дараа хэрэгжүүлэх боломжгүй, эрх зүйн үр дагавар, ач холбогдол муутай байсан учраас.


-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс "Эрдэнэт"-ийн 51 хувийг шалгах санал гаргаж байгаа. Уг асуудал юу болсон бэ?


Энэ тухай саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн байгаа. Даргын захирамжаар ажлын хэсэг томилогддог. Томилогдох байх гэж бодож байна. Сая 49 хувийг хууль бусаар тодорхой этгээдүүд эзэмшсэн байна гэж үзэж шалгасан, харин одоо 51 хувийн хувьцаа маань байна уу үгүй юу гэдгийг зайлшгүй үзэх шаардлага бий болчихоод байгаа. Дотоодын компаниудын гадаадын банкнаас авсан, найдваргүй болсон зээлийн барьцаа болсон, уг барьцаа хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангах олон улсын шүүхийн шийдвэр гарсан тухай мэдээллүүд гарсан учраас.


-Сар гаруйн дараа Таван толгойн гэрээ дуусна. Таван толгойг цаашид хэрхэн хөдөлгөх бол?


-Энэ асуултыг Засгийн газраас асуусан нь дээр байх. Надад тодорхой мэдээлэл алга.


-Танай нам нийт гишүүдийнхээ санал асуулгаар даргаа сонгосон. Шинэ даргын баримтлах мөрийн хөтөлбөр гарсан уу. Та намын гишүүдтэйгээ уулзаж, намтайгаа холбоотой байгаа юу?


Намын даргад нэр дэвшигчид тус бүртээ мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцсон. Гишүүд түүнийг нь үнэлж, сонгосон гэж ойлгож байна. Энэ удаагийн Намын VII Их хурлаар намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтүүд бас батлагдана. Намын үзэл баримтлал мөн гишүүдийн дунд хэлэлцэгдэж байгаа. Шинэ дарга үзэл баримтлал, үндсэн дүрмийнхээ агуулгатай нийцүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд хийх ажлын төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө гаргах байх.


-Ардчилсан намын VII их хурлын талаар ямар дүгнэлттэй байна?


АН-ын шинэчлэл маш амжилттай эхэлж байна. Анх удаа даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгох сонгууль явуулж үзлээ. Анх удаа улс орон даяар ийм хэмжээний сонгууль маргаан багатай амжилттай боллоо. Таван сум барьсан нэр дэвшигчид намаа таван тийш нь хуваана гэж тохуурхаж байсан хүмүүс, улс төрийн хүчин байсан. Хариулт нь өнөөдөр бүгдээрээ нийлж суугаад сонгуулийн үр дүнгээ хүлээн зөвшөөрч, Их хуралд ирсэн 3000 орчим гишүүд дотоод сонгуулийн үр дүнгээ баталгаажуулж, шинэ даргаа батламжилж чадаж байгааг хараад энэ нам эвтэй нэгдэлтэй байхын чухлыг ойлгож чадсаныг харууллаа гэж бодож, журмын нөхдөөрөө бахархаж суулаа. Намтайгаа холбоотой байлгүй яахав. УИХ дахь намын бүлэг гишүүдийг намын гишүүд дэмжигчидтэйгээ ойр байж, тэднээр дамжуулж, УИХ-аас батлагдаж байгаа хууль тогтоомжийн төсөл, бодлого шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгуулах ажилд нь тусалж байдаг гол гүүр.


-Гол гүүр гэснээс таныг Парламентын асуудал хариуцсан намын дэд даргад нэр дэвшүүлэх сураг байсан?


УИХ-д суудалтай намууд бүлэг байгуулж ажилладгийн зорилго нь бүлгээрээ дамжуулж, сонгуульд дэвшүүлж орсон намынхаа мөрийн хөтөлбөрт тусгагдсан бодлого, зорилтыг хууль тогтоомжид тусгуулахын төлөө хамтаараа ажиллах явдал байдаг. Хэдийгээр ард түмнээс шууд сонгогдсон төлөөлөгч ч гэсэн улс төрийн намын нэрийн өмнөөс нэр дэвшсэний хувьд ингэж багийн зохион байгуулалтад орж ажиллах шаардлага зайлшгүй гардаг юм байна. Нам гишүүд, дэмжигчид, иргэд олон түмний санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулж, УИХ-ын гишүүддээ дамжуулдаг байх эргэх холбоог сайн ажиллуулахын тулд намын нэг дэд дарга заавал УИХ-ын гишүүдээс байж энэ ажлыг хариуцвал үр дүнтэй байхаар харагдаж байгаа учраас эмэгтэй гишүүний хувьд нам, бүлэг хоёрынхоо хоорондын гал тогоог уялдуулах чимхлүүр ажлыг хариуцъя гэдэг утгаар дэд даргад нэрээ дэвшүүлэх бодолтой байгаа. Энэ ажилд би л их зохицох юм шиг санагдаад. Нөхцөл шаардлагыг ойлгож, нөхөд маань хүлээж авах байхаа гэж бодож байгаа (инээв).Дүрмийн дагуу Их хурлаар биш, ҮЗХ шийддэг.

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Ангилал


Twitter


Facebook