Я.Санжмятав: ҮХЦ-ийн шийдвэр Хэнтийн 17 мянган иргэний сонгох эрхийг эдлүүлсэнгүй

2019-06-10
|
Ярилцлага
  • УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятавтай ярилцлаа.

-ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Лүндээжанцан та хоёр оролцсон. Хуралдаанд гарсан шийдвэрүүдэд та ямар байр суурьтай байна вэ?

- УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн тухай их хурлын тогтоол болон сонгууль явуулах шийдвэрүүд Үндсэн хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчсөн тухай мэдээлэл ирүүлснийг ҮХЦ-ээс хянан шийдвэрлэлээ. ҮХЦ хэлэлцээд Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хуулийн дагуу болсон байна гэж үзсэн. Харин нөхөн сонгууль товлон зарласан хугацааг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Их хурал хууль тогтоох эрх мэдэлтэй байгууллага хэдий ч хуулийг сахин мөрдөж, баталсан хуулиудаа хэрэгжүүлэх үүрэгтэй. Сонгууль зарласантай холбогдуулан ҮХЦ нэгдүгээрт, хоног алдаж тооцоо хийсэн 150 хоногтоо багтаж зарлаагүй гэсэн. Сонгуулийн тухай хуульд УИХ түүний гишүүний сонгуульд 180 хоногоос доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам оролцож нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан. Энэ хуульдаа захирагдаад 180 хоногоос дотогш бүртгэгдсэн намуудыг сонгуульд оролцуулахгүй байх ёстой. Мэдээлэгч тал энэ хууль Үндсэн хуулийн зохих заалтыг зөрчиж, хүний эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан байна гэсэн зүйл гаргаж байгаа. Энэ бол Их хуралд хамааралтай зүйл биш. Гаргасан хуулийнхаа хүрээнд бид зарласан гэж ойлгож болно. Хоёрдугаарт, 150 хоногийн өмнө зарлах ёстой гэж үзэж байгаа. Сонгуулийн хуульд ээлжит сонгуулийг зарлахдаа санал авах өдрөөс 150 хоногийн өмнө зарлана гэж байгаа болохоос нөхөн сонгуулийн асуудал дээр хоногийг тухайлан заагаагүй. ҮХЦ сонгуулийн хугацааны асуудал дээр алдаа гаргалаа. Жилийн хугацаанд Хэнтийн ард түмэн сонгосон хүнээрээ төлөөлүүлэн эрхээ эдлэх бололцоогоор хязгаарлагдаж байгаа. Үүнийг бүрдүүлэх гэж сонгууль зарласныг 75 гишүүн байхад бусдыг нь төлөөлөх бололцоотой гэж мушгин тайлбарлаж байна. ҮХЦ нэг талыг барьж, сонгууль явуулахгүй байх талд тайлбарууд явагдсан. Сонгууль явагдсанаар маргалдаан, улстөржсөн нийгмийн бухимдлууд бий болно гэж тайлбарлаж байгаа нь харин ч эсрэгээрээ байхыг анхаарч үзэх ёстой.

Түүнчлэн эдийн засаг хүндрэлтэй байх үед 287 сая төгрөгийг сонгуулийн зардалд зарцуулах гэж байгаа нь эдийн засагт хохиролтой гэж байгаа юм. УИХ төсвийн хуулийг зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг ҮХЦ гаргалаа. Өөрийн харьяаллын бус асуудлаар маргааныг шийдвэрлэхээс ҮХЦ татгалзана гэсэн заалт бий. Төсвийн хуулийг зөрчсөн асуудал Үндсэн хуулийн маргаан биш. Угтаа хуульд зааснаар гарч байгаа сонгуультай холбоотой зардлыг улсын төсөв батлагдсанаас хойш шийдвэрлэсэн. Төсөв батлагдсанаас хойш шаардагдах хөрөнгө зардлын асуудлыг шийдвэрлэдэг хууль журмыг үндэслээд Засгийн газрын нөөц сангаас нөхөн сонгуультай холбоотой зардлыг гаргахаар шийдвэрлэсэн. Засгийн газрын нөөц санд улсын төсвийн хөрөнгө, гадаад улс олон улсын байгууллага түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив, гадаад улс орон байгууллагаас Засгийн газарт олгосон зээл гэсэн зүйлс багтаж байгаа.

Гэтэл эдгээрээс ганцхан гадаадын мөнгөөр сонгууль явуулах гэж байна гэж Цэц үзсэн. УИХ-тай холбоотой Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж болно гэсэн хуультай. Ийм байхад гадаадын байгууллагын зээл тусламжаар өгсөн мөнгөөр сонгууль явуулах гэж байна хэмээн мушгиж байгаа нь илтэд нөхөн сонгуулийг явуулахгүй гэсэн тал дээр Цэц ажиллалаа.

Их хурал 15 хоногийн хугацаанд хэлэлцээд ахиад сонгууль явуулна гэвэл 2020 оны сонгуультай золгуулах гэсэн агуулгыг тооцож хийсэн байна гэж үзэж байгаа. Хориг тавиад буцаасан ч нөхөн сонгууль нэгэнт бүтэхгүй болчихлоо.

-Нөхөн сонгуулийн талаарх Цэцийн шийдвэрийн тухай намууд байр сууриа илэрхийлж байгаа. АН-ыг нөхөн сонгууль зохион байгуулахгүйн тулд ҮХЦ-ийн шийдвэрт нөлөөлсөн гэх яриа байна?

-Их хурал ард түмнийхээ төлөө, тэдний эрх ашгийн төлөө ажилласан. Харамсалтай нь энэ нөхөн сонгуулийг явуулахгүй байх шийдвэр гарчихлаа. Их хурлын нэрийн өмнөөс Хэнтийн ард түмнээс уучлалт хүсэж байна. Бид хүчинд автлаа. АН нөлөөллөө гэх зүйлийг эрх барьж байгаа МАН-ын холбогдох хүмүүс мэдээлэл хийж байна лээ. ҮХЦ-д АН нөлөөлөх боломж байхгүй гэдгийг ард түмэн мэдэж байгаа. ҮХЦ-ийн ихэнх гишүүн 2016 оны дараа бүгд өөрчлөгдсөн. Их хуралд долоон төлөөлөлтэй АН-ын үгэнд ороод шийдвэрээ гаргана гэж байхгүй. Энэ бол ямар ч үндэслэлгүй гүтгэлэг. Мөн МАХН-ынхны ярьж байгаагаар МАН, АН Засгийн газарт хоёулаа үлдэх гэлээ гэсэн байсан. Муулбал хойд талын хар овоохой гэдэг шиг өөрийнхөө тасарч унасан МАН-тай хэрүүлээ хийхгүй, хажууд нь явж байгаа АН-ыг дундуур нь оруулаад ард түмний толгойг эргүүлээд хожчихно гэж бодож байгаа бол бүтэхгүй. Обьектоо зөв олж буудмаар байгаа юм. Цэцэд захиалга өгсөн гэж өөрсдөө ярьж байгаа тэр нам руугаа АН-тай байр сууриа нэгтгээд шударгаар хэлж байвал улс төрийн үр дүн харин өөрөөр гарч болох юм. Нөхөн сонгуулийн асуудлаар ҮХЦ Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган иргэний сонгох эрх ашгийг боогдуулж, хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан нь их хурлын нэр хүнд болоод ҮХЦ-ийн нэр хүнд унагасан асуудал боллоо гэж харж байгаа. Магадгүй Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааны асуудлаар дараа дараачийн олон асуудалд иргэд олон түмний нийтлэг эрх ашгийг бодолцож зөв шийдвэр гаргахгүй бол ҮХЦ маань нэрэндээ тохирсон цэцэн мэргэн, цэх шулуун, чин шударга гэх байдлаа алдаж магадгүй болох нь байна шүү гэж хэлье.

-“Жаст” компанийн төлөх ёстой Стандарт банкны өрийг Засгийн газар төлсөн. Та энэ асуудлыг шийдэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Одоо яг ямар шатандаа явж байна вэ?

-Стандарт банкны зээл, Эрдэнэт үйлдвэр, тухайн үеийн Засгийн газрын холбогдох хүмүүс, Жастын Батхүү зэрэг аалзны тор шиг сүлжилдсэн мафийн сүлжээ мэт зүйл олон жил бугширсан. 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл дуусдаггүй улаан хэрүүл зарга болсон асуудал л даа. Эрдэнэт үйлдвэрийн 100 хувийг ашиглаад зээл авсан. 21 удаагийн үйлдлийн давтамжтай зээлийн асуудал энэ дээр яригдана. Олон удаагийн давтамжаар Монгол Улсын томоохон саалийн үнээ, гол хөрөнгөө бий болгодог Эрдэнэт үйлдвэрийг дампууруулах, гадаадад алдах нөхцөлийг бий болгосон байсан. Бартераар зарим зүйлийг нь төлдөг ийм байдлууд бугширсаар, Эрдэнэт үйлдвэр Жаст ХХК-ийн Стандарт банкнаас авсан зээлд баталгаа гаргасан, зээл төлөгдөөгүй, улмаар шүүхийн асуудал үүссэн. Арбитрын шүүхийн шийдвэр нөгөө талд гарчихсан. Стандарт банкны 60 хувийн энгийн хувьцааг Хятадын аж үйлдвэр, худалдааны банк худалдан авч эзэмшиж байгаа нөхцөлд арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Хятадад явагдах магадлалтай бөгөөд тэгсэн тохиолдолд бүтээгдэхүүнээ 100 хувь Хятад руу гаргаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн хувьд санхүүгийн хүнд байдалд орно. Компанид орж ирэх мөнгөн урсгалыг саатуулж шууд өр нэхэмжилж, шийдвэрээ гаргуулсан газруудад шилжих эрсдэл бий болох учир бид алдах магадлал өндөр байсан. Ажлын хэсэг ажиллаж байгаа.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг гадаадад алдчихгүй юмсан гэдэг үүднээс энэ өрийг барагдуулах чиглэлээр мухарлах ёстой. Мухарлахын тулд ЦЕГ-ын мөрдөн байцаах газар, АТГ, прокурор, шүүх, хууль хяналтын байгууллагуудтай холбогдох нөхцөл байдлыг нарийвчлан судалж, ажлыг нь эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Эрдэнэт үйлдвэр зуучлагчаар дамжуулаад Стандарт банктай арбитрын шүүхтэй холбоотой газруудтай ярилцаж 40 сая ам.долларыг Стандарт банкинд төлсөн. Ямар ч байсан гадаад талдаа асуудлаа шийдэж байгаа л хэрэг юм. Гэтэл үүнээс гадна зуучлалын төлбөр, арбитрын шүүх рүү явсан олон удаагийн томилолт, шүүх хурлын зардлууд, хуулийн зөвлөгөө үйлчилгээний төлбөр, төлөөлөгч ажиллуулсан зэрэг тооцоод үзэхээр ахиад монгол мөнгөөр 38 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэх байх гэж харж байна. Манай Засгийн газар 40 сая ам.доллар буюу төсөөлснөөс бага хэмжээгээр өрөө төлчихлөө, ард түмэн баярлах хэрэгтэй гэж байгаа. Гэтэл үгүй юм аа. Хууль хяналтын байгууллагууд, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн материалууд нууцын зэрэглэлтэй. Нууцын зэрэглэлтэй материалуудыг аваад гишүүдэд тараах бололцоо байхгүй. Хэргийн эзэн Жастын Батхүү болон бусад хүмүүст үүсгэсэн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул холбогдох мэдээллийг авах, танилцуулах боломжгүй байна.

Тийм учраас ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг хаалттай хуралдаанаар оруулахаар төлөвлөж саналаа танилцуулсан байгаа. УИХ-ын даргад тайлангаа нууцын зэрэглэлтэй гээд тамга дараад явуулахад хүндрэлтэй байгаа учраас ямар нэгэн байдлаар мэдээлэл авах бололцоотой байдлаар тайланг гаргаж ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зураад хүргүүлж байна. Биднийг удаашралтай байна гэж хэлж байгаа. Ул суурьтай хандах, шалгах шаардлагатай байсан. Ямартай ч энэ сардаа багтаад УИХ-аар оруулж мэдээллүүдээ өгснөөр дараагийн үе шатны үүрэг чиглэлүүдээ өгч, ажлын хэсэг үүргээ биелүүлээд ажлаа зогсооно.

-Мөн "Эрдэнэт"-ийн 49 хувь асуудал дагуулсаар байгаа.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монгол аваагүй бол нөхцөл байдал их хэцүү болох байсан. Эрдэнэт үйлдвэрийн Стандарт банкны батлан даасан асуудалтай холбоотойгоор 51 хувь нь Хятадын эрхэнд, 49 хувь нь өөр орны эрхэнд орж ч магадгүй байлаа. Бид Эрдэнэт гэх сайхан нэр бариад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болох байсан. "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголдоо авсан нь маш сайн хэрэг. Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийг тооцоод бодохоор одоо энэ үйлдвэрийн 51 хувь нь төрийн өмч. Энэ төрийн өмчийн хувь 80, 90 болбол дампуурах тийшээ хандана. Төр лүү шахааны бизнес орно. Ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаагийнхаа хувьд цаашид төр тодорхой хувиа эзэмшээд бусдыг нь хувьд, ард иргэдэд нээлттэй хувьцаа гаргах замаар хяналттайгаар Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа. Эхлээд тэнд ажиллагсдад хувьцаа санал болгож болно. Магадгүй хувьцаа гаргаснаар олон нийтийн анхаарал сайжирч илүү үр дүнтэй, ашигтай ажиллах боломж Эрдэнэт үйлдвэрт бий. Их хурлаар энэ асуудал шийдэгдвэл маш яаралтай хууль өргөн барих гээд төсөл дээр тодорхой багууд ажиллуулж байна. Гурван талын хөрөнгө оруулалттай болбол олон нийтийн хараа хяналттайгаас гадна цаашид энэ үйлдвэр зөв явах боломжтой.

Мөн манай улс хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байх ёстой. Эрдэнэт үйлдвэр манайхыг 40 жил тэжээгээд ирсэн. ОХУ сайндаа ч 49 хувийг манайд зарчихаагүй шүү дээ. Монголд хулгай их байгаа учраас хулгай хийгээд байна гээд нэг талдаа их соёлтойгоор манайд худалдаж байгаа юм. Манайхыг бодоод, манайд худалдаж байгаа юм биш. ОХУ-тай хамтраад ахиад Эрдэнэт шиг томоохон үйлдвэр байгуулах юмсан гэж боддог. Хувийн хэвшлийн компаниудаа ОХУ-тай холбох, илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг хайх эрэлхийлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ мэтээр хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр манай улсын үндэсний аюулгүй байдалд ч тустай.

-Оюутолгой гэрээг сайжруулах хэлцлийн ард сууя гэх саналыг хүлээж авахгүй байгаа гэсэн. Манай талаас ч хэлцэл хийхгүй зогсооё гэх байр суурьтай байгаа юм билээ.

-Би гишүүнийхээ хувьд хэлэхэд Оюутолгой бол хэрэгжих ёстой төсөл. Энэ төслийг шууд зогсоож, хааж болохгүй. Удахгүй тэнд гүний уурхай ашиглалтад орох гэж байна. Энэ үед зогсоох тухай асуудал хэт эрсдэлтэй. Харин гэрээгээ үе шаттайгаар сайжруулах чиглэлээр талууд хэлцэл хийж Засгийн газар холбогдох хүмүүсийг томилон ажиллуулах ёстой. Монголын талын тавьж байгаа шаардлагыг хэрэгжүүлэхгүй манай улсын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байж болохгүй. Цаашдаа олон улсын хөрөнгө оруулалттай байгууллагууд манайд орж ирж ажиллахад манай улсын хуулийг мөрдөж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй учраас энэ үүргээ Оюутолгой биелүүлэх ёстой. Оюутолгой гэрээг сайжруулах хэлцлийн саналыг хүлээж авахгүй байгаа нь ч, манай талаас хэлцэл хийхгүй зогсооё гэдэг ч бүдүүлэг зүйл. Хоёр талаас гэрээ хэлцлийн хүрээнд алхам алхмаар асуудлуудаа нааштай зөв болгох тал дээр ажиллах нь зүйтэй.

-Ерөнхийлөгч Татварын багц хууль, Захиргааны хуульд бүхэлд нь хориг тавьсан. УИХ-аас Татварын багц хуулийн хоригийг хүлээж авсангүй.

-АН-ын зөвлөл хуралдаад хоригийг хүлээж авсан. Миний хувьд энэ хоёр хуульд хориг тавьсан нь зөв зүйтэй, засаж залруулах зүйлүүд бий гэж харж байгаа. Засгийн газрын гаргасан шийдвэр байнга туйлын үнэн зөв байх нь эргэлзээтэй. Буруу, үндэслэлгүй шийдвэрийг шүүхээр хянан шийдвэрлэх бололцоогүй болгох гэж байгаа бол үүн шиг ухралт өмнө нь байгаагүй. Харамсалтай нь олонхи болох МАН-ын бүлэг хоригийг хүлээж авахгүй байна.

-10 сая ам.доллар, 1.2 сая еврогийн хахууль авсан гэх асуудал яригдаад нэлээд удлаа. Яг авлига авчихсан сайд байгаа юм уу?

-Эцэслэн тогтоогдоогүй байгаа учрааc буруу зөрүү гэж хэлэхэд эртэднэ. Гишүүн хүн хариуцлагатай байх учиртай. Төрийн нүд чих болж байгаа хууль хяналтынхан энэ тал дээр анхаарч байгаа байх. Ерөнхий сайд Засгийн газрын зүгээс өөрийнх нь сайдуудтай холбоотой асуудлуудыг зүгээр хараад суухгүй гэж бодож байна.

-АН сарын хугацаанд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон. Ямар үр дүн гарна гэж харж байгаа вэ?

- Үүнийг нийгмийн захиалга гэж үзэж байгаа. Нийгмийн захиалгын дагуу нэг өдөр биш нэг сар тэмцье, эрх баригчдад асуудлыг хүргэе гээд АН өөрийн гишүүд дэмжигчид оролцсон жагсаалыг олон нийт, иргэдтэйгээ хамтраад хийж байна. МАН 2016 оны сонгуулиар төр засаг тогтвортой шударга байна, татварын дарамт учруулахгүй бууруулна гэж гарч ирсэн. Өөрсдийн байгуулсан Засгийн газраа хоёр дахиа унагачихлаа. Гурав дахиа унагах гэж ярьж байгаа намын гишүүд нь ч байгааг бид харж сонсож л байна. Амласан зүйл, мөрийн хөтөлбөр нь 25 хувьтай явж байгаа хэдий ч сонгуулийн хугацааныхаа 75 хувийг өнгөрөөчихлөө. Нэг жилийн хугацаанд үлдсэн хувиа биелүүлнэ гэдэг үлгэрийн далай болсон. Засгаа унагах, улс төрийн тохироогоор албан тушаалын томилгоо хийх, концесс, ЖДҮ гээд бүтэхгүй бүхнийг МАН-ынхан хийж байна гэж яригдаж байгаа нь хатуу ч гэсэн үнэн. Зах зээлийн үед шилжихэд л бид махандаа оочерлодог, картын бараатай байсан. Тэрнээс хойш 30 жилийн дараа 60 гаран сая толгой малтай болчихоод махандаа дахиад оочерлож байна.

Эрх баригчид хөрсөн дээрээ буух хэрэгтэй байна. Авлигатай тэмцэнэ ээ л гэсэн, аль аль нь байхгүй. Бид ард түмэнтэйгээ хамтарч хариуцлага тооцно. АН-ын зүгээс улс орон, нийгэмд үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудтай холбоотойгоор зарим шаардлагыг Их хурлын дарга, Ерөнхий сайдад хүргэлээ. Авлигын асуудалд нэр холбогдсон нэг бус сайд, Засгийн газрын гишүүдийн асуудал байгаа. Шийдвэртэй арга хэмжээ авч асуудлыг тодруулах талаар шаардлага хүргүүлсэн. Их хурал руу хууль санаачлаад ард түмэнд хэрэгтэй зүйлс оруулахаар шийдэхгүй олонхийн хүчээр түрий барьж асуудалд хандаж байна. Энэ УИХ архидалт, концесс, ЖДҮ, 60 тэрбум гээд хамгийн нэр муутай Их хурал боллоо. Тийм учраас УИХ өөрсдөө тарах шийдвэр гаргаад ээлжит бус сонгууль явуулъя.

Ангилал


Twitter


Facebook