Б.Пүрэвдорж: Ш.Батхүү Ocean Partners компанитай гэрээ хийхдээ Эрдэнэт-ийг оруулж, луйврын схем зохиосон

2019-04-18
|
Мэдээ

АН-ын зөвлөлөөс “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд  тавьсан өр болох 40 сая ам.долларыг төлсөн асуудлыг нягтлан үзэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлын талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.

Тэрээр "“Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас Ш.Батхүүгийн 40 сая ам.долларын өрийг  төлөхтэй холбоотойгоор ажлын хэсэг гарч, шалгалт хийх шаардлагатай гэж үзсэний дагуу АН-ын зөвлөлөөс ажлын хэсэг байгуулсан. “Эрдэнэт” үйлдвэрт оросуудын хэрэгжүүлдэг луйврын схем ажилласан байж магадгүй гэсэн хардлага байна. Оросууд бизнес хийхдээ схем зурдаг. Өөрөөр хэлбэл, хоёр компани хоорондоо бизнес хийхдээ гурав дахь төрийн өмчийн компанийг оролцуулдаг. Уг схемийн дагуу төрийн өмчийн компани алдагдалтай ажилладаг.  

"Ocean Partners 3.1 тэрбум долларын зэсийн баяжмалыг “Эрдэнэт” үйлдвэрээс авч борлуулсан байна. Тэгэхээр "Ocean Partners” компани нь тус үйлдвэрийн үе үеийн удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж байсан нь харагдаж байгаа юм. "Ocean Partners компани нь “Жаст”-ын Ш.Батхүүг Стандарт банкнаас зээл авах болон сая түүний зээлийг төлөхөд оролцлоо. Тэгэхээр Ш.Батхүүд өгөх зээлийг "Ocean Partners компани өгсөн байж магадгүй. Стандарт банкийг нэр төдий ашигласан байж магадгүй гэсэн үг. “Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкны төлбөрийг янз бүрийн аргаар хийх боломжтой. Гэтэл тухайн банкнаас 40 сая ам.долларыг гаргуулна гэдэг нь Ш.Батхүүд зээл олгосон байж болзошгүй гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл, “Жаст”-ын Ш.Батхүү "Ocean Partners” компанитай гэрээ хийхдээ “Эрдэнэт” үйлдвэрийг оруулж, луйврын схем зохиосон байж магадгүй гэж харагдаж байна. Ш.Батхүү 419 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн хоёр дансаар дамжуулж авсан байдаг. Үүнээс 210 сая ам.долларын зээлийг Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээлсэн. Үлдсэн мөнгө нь алга болсон. Хөрөнгийн тодорхой хэсгийг МАН-ын удирдлагууд намдаа болон хувьдаа завшсан байж магадгүй гэсэн хардлага байна.

Тэд 2017 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, албан тушаалтнуудад үүрүүлэх эрүүгийн хариуцлагын хөөн хэлэлцэх хугацааг багасгасан. Өөрөөр хэлбэл, Стандарт банкны хэрэг 2013 оноос өмнө зохион байгуулагдсан. Тийм учраас хэрэгт оролцсон хүмүүсийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар далимдуулан хаахыг эртнээс төлөвлөсөн байж магадгүй юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрт 105 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Уг үйлдвэрээс гарах хуулийн болон өмгөөллийн зардал нийлээд 140 тэрбум төгрөг болж байгаа. Энэ нь татвар төлөгчийн мөнгө луйварчдийн гараар орж. алга болж байна гэсэн үг. Тийм учраас “Эрдэнэт” үйлдвэр дээр эрх баригч нар тодорхой арга хэмээг авах ёстой” гэж ярилаа.

Эх сурвалж: www.itoim.mn

Ангилал


Twitter


Facebook