Б.Пүрэвдорж: Ш.Батхүүг Стандарт-аас зээл авахад нь зуучилсан Ocean Partners компани өрийг нь дарахад ДАХИН ЗУУЛЧИЛСАН

2019-04-16
|
Ярилцлага

“OCEAN PARTNERS"  БУСДААСАА ДАВУУ ЭРХ АВЧ БАЙЖ Л ЗУУЧЛАЛААР ОРОЛЦСОН ГЭЖ ХАРДАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ

АН-ын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд  тавьсан өр болох 40 сая ам.долларыг төлсөн асуудлыг нягтлан үзэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг ойрын өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллахаар зэхэж буй юм. Уг асуудлаар ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж гишүүнээс тодруулга авлаа.

-Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас Ш.Батхүүгийн тавьсан 40 сая ам.долларын өрийг дарах шийдвэрийг гаргаж, төлөлтийг хийсэн.  Шадар сайд Ө.Энхтүвшин “Стандарт” банктай хэлэлцээр хийх асуудал эхэндээ бүтэлгүйтсэн учир дундын зуучлагч оруулж ирсэн гэж тодотгосон. Энэ зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн компанийн тухай янз бүрийн хардлагууд үүсээд байна. Та энэ асуудал дээр ямар мэдээлэлтэй байна?

-Олон Улс ын практикт өр төлбөр төлөхтэй холбоотой зуучлалын компаниуд байдаг. Илүү мэргэшсэн хүрээнд  ажилладаг компаниуд ажилладаг гэсэн үг. Гэхдээ сая “Эрдэнэт”-ийн Стандарт банктай хийсэн хэлэлцээр дээр "Ocean Partners" гээд зэсийн баяжмалын трейдер компани орж ирсэн. "Ocean Partners" зуучлалын компани биш байгаа нь анхаарал татаж байгаа юм.  Энэ компани нэлээд эртнээс “Эрдэнэт”-ийн зэсийн борлуулалт дээр оролцоотой явж ирсэн. Дээрээс нь “Стандарт” банктай хэлэлцээр хийж, Ш.Батхүүг зээл авахад нь зуучилж байснан компани нь "Ocean Partners". Ийм  хардлагыг дагуулдаг компани  тэр өрийг төлөхөд нь дахин зуучлалаар  орсон байгаа юм.

-Ер нь трейдер компаниуд зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг юм уу?

-Чиг үүргээрээ оролцох ёсгүй. "Ocean Partners" маш их эргэлзээтэй компани. Трейдер компани зуучлалын үйл ажиллагаанд ийм байдлаар оролцсон нь “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн борлуулалт дээр тодорхой дүнгээр давуу эрх эдлэх гэрээ байгуулсан байж болзошгүй гэх хардлага төрүүлж байгаа юм. Ямар нэгэн байдлаар бусад трейдер компаниудаас давуу эрх авч байж л зуучлалаар оролцсон гэж хардах үндэслэлтэй юм.

-Яг ямар байдлаар гэрээ байгуулсныг ил болгох боломжтой юу. Та бүхэн зуучлалын гэрээг үзсэн үү?

-АН-аас энэ асуудлаар  ажлын хэсэг байгуулж, намайг ахлахаар нь томилсон. Тиймээс бид “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас 40 сая ам.доллар нь гарсан уу. Эсвэл "Ocean Partners" өөрсдөө гаргаад, давуу эрх эдлэхээр болсон уу гэдгийг хянаж үзнэ. Түүнчлэн “Эрсдлийн сан” нь хувь хүмүүсийн хулгайлсан мөнгийг төлөх үүрэгтэй, дүрэм журамтай сан байна уу гэдгийг нягтална. Ажлын хэсгээс "Ocean Partners"-ийн гэрээг хянаж үзэх шаардлагатай гэж үзэж байна. Ойрын өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэр дээр очиж ажиллах юм.

 

Эх сурвалж: www.eguur.mn

Ангилал


Twitter


Facebook