​С.Эрдэнэ: Олонхийн бүлэг сонгогчдын өгсөн итгэл найдварыг хөсөрдүүлж, үндсэн хуулийн үндсэн зарчмыг гажуудуулсан шийдвэр гаргалаа

2019-04-02
|
Ярилцлага
  • УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цагийн үеийн зарим асуудлаар хариулт авлаа.

-Ерөнхийлөгчийн өргөн барьж батлуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль Үндсэн хууль зөрчинө гэж цөөнгүй гишүүд байр сууриа илэрхийлсэн. Та хувь гишүүнийхээ хувьд эдгээр хууль дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-ҮАБЗ өөрөө ямар статустай, хууль эрх зүйн ямар чадамжтай байгууллага вэ гэдгийг бодох ёстой. Нөгөө талаар Үндсэн хууль давсан эрх мэдэл хэнд ч байх ёсгүй. Харамсалтай нь УИХ дахь олонхийн бүлэг сонгогчдын өгсөн итгэл найдварыг хөсөрдүүлж, Үндсэн хуулийн үндсэн зарчмыг гажуудуулсан шийдвэр гаргалаа. Энэ бол маш том хор уршиг дагуулах шийдвэр байсан гэдгийг нэг биш гишүүн анхааруулж хэлсэн. Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлгээр энэ хуулийг зөөлрүүлсэн, зөрчилгүй байх зүйл заалт хийх гэж оролдсон. Харамсалтай нь хэт популист маягаар асуудалд ханддаг нөхдүүд орилсоор байгаад заалтыг хүчингүй болгоод анх орж ирсэн хувилбараар нь батлуулсан. Энэ хуулийг баталснаар Үндсэн хуулиар зохицуулсан хуулийн засаглал, хувь хүний эрх, эрх чөлөө, төрийн эрх мэдлийн зөв хуваарилалтыг алдагдуулах ноцтой үр дагавартай. Ямар ч тохиолдолд шүүхийн хараат бус байдлыг анхаарч байх ёстой. Шүүхийн хараат бус байдлыг ямар ч нөхцөл үүссэн бай хөндөж болохгүй гэдэг алтан зарчим бий. Гэтэл өнөөдөр шүүх хуулийн байгууллагыг харлуулах, алдааг дөвийлгөх, олон түмэнд үзэн ядуулах нийгмийн уур амьсгалыг зохион байгуулалттайгаар бэлдсэн. Ингээд тэр суурин дээр хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн. МАНАН гэж байдаг бол арилсангүй ээ. МАНАН-гийн нэг бүлгээс нөгөө бүлэгт эдний яриад байгаа шударга бусын хонгилын түлхүүр шилжлээ. Үүнийг хуульчилсан үйлдэл явагдлаа. Хэрвээ үнэхээр эрүүдэн шүүсэн, эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдлийг таслан зогсооё гэвэл хуульдаа өөрчлөлт хийх бус тогтолцоогоо сайжруулах замаар асуудлаа шийдэх бүрэн боломжтой байсан. Хонгилийн эзэн байсан хүмүүсээс эрх мэдлийг нөгөө нэг хэсэг хүмүүст шилжүүлэх боломжийг хуульчлаад өгчихлөө. УИХ-ын 76 хүнд хадгалагдаж байдаг эрх мэдлийг ҮАБЗ-ийн гурван хүнд л шилжүүлчихлээ.

-Хууль батлахын өмнө эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүдэд үзүүлсэн нь хууль батлахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй юү?

-Маш их нөлөөлж байгаа шүү дээ. Нөгөө талаараа энэ зохион байгуулалттай, тавилттай жүжиг. Бидэнд үзүүлсэн аймшгийн гээд байгаа бичлэг бол өмнө нь ч байсан, өнөөдөр ч байгаа, цаашдаа ч таслан зогсоохгүй бол байсаар байх үйлдэл. Өмнө нь эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдээд хоригдсон хүнийг “Ганц худаг”-т аваачаад өрөө, өрөө хэсүүлээд зодуулдаг, нүдүүлдэг, янз бүрийн дарамтад оруулж байгаад хэргийг нь хүлээлгэдэг байсан. Энэ технологи чинь хуучин байсан л технологи шүү дээ. Төв аймгийн урьдчилан цагдан хорих төвд болсон үйлдэл гэсэн. Гэтэл энэ бүх хорих газар, урьдчилан хорих газрууд хэний мэдэлд байгаа юм бэ. “Би үүнийг илрүүлж, шударга үнэний төлөө явж байна” гэж цээжээ дэлдээд байгаа Хууль зүйн сайд Ц.Нямдорж гэдэг хүний мэдэлд байгаа шүү дээ. Тэр хүн юу хийж байсан юм бэ. Өөрийнх нь удирдлагад байгаа газар хүн тамлаад, шүүгээд байж байхад тэр хүн юу хийж байсан юм бэ. Нэг удаа Хууль зүйн сайд хийсэн бол ажлаа мэдэхгүй байж гэхсэн. Гэтэл энэ хүн таван удаа Хууль зүйн сайдаар ажилласан. Монголын хуулийн салбарыг шинэчлэх бүрэн боломж байсан. Гэтэл өнөөдөр шударга үнэний дүр эсгээд л, гайхуулж байгаа юм шиг гишүүдэд тэр бичлэгийг үзүүлээд л. Тэр бичлэгийг үзээд нэг талдаа хэчнээн эмгэнэлтэй байсан ч нөгөө талдаа миний инээд хүрч л байсан. Ц.Нямдорж гэдэг хүн тэр үед гишүүдэд ажлаа үндсэндээ тайлагначихсан. Гайхуулах зүйл юу ч байхгүй.

-Ээлжит бус чуулганыг хэр дүр дүнтэй болсон гэж дүгнэж байна вэ?

-Би бол үр дүн муу чуулган болсон гэж бодож байна. Энэ ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийг баталлаа. Энэ хууль бага дунд орлоготой иргэдийн татварыг хөнгөлж байгаа мэт харагдаж байгаа боловч цаад талдаа Сангийн сайдын үүрэг биелсэн. Рио Тинто, Оюутолгойн өмнө хүлээсэн үүргээ маш сайн биелүүллээ. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн татварыг бууруулж чадлаа. Үндсэндээ татвар шууд болон шууд бус утгаар маш их нэмэгдсэн. Тиймээс Татварын хууль сайн хууль болсон гэж хэлэхгүй.

Эх сурвалж: www.itiom.mn

Ангилал


Twitter


Facebook