С.Эрдэнэ: Засгийн газрын сангуудыг нэгтгэх нэрээр шамшигдуулснаа угаах гэж байна

2019-03-06
|
Ярилцлага
  • УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Гуравдугаар сарын дундуур ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэж байгаа. Та ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага байна гэж үзэж байгаа юу?

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ямар шалтгаан, шаардлага байгаа нь тодорхойгүй байна. Энэ асуудлаа гаргаж ярихгүй байна шүү дээ. байнгын хороодоор ч энэ асуудлыг яриагүй. Гишүүдээс ч санал аваагүй. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга л ийм асуудал ярьсан. Миний хувьд энэ асуудлыг байнгын хороо гишүүдээрээ хэлэлцүүлэх шаардлагатай. Мөн яг ямар асуудал хэлэлцэх, юу шийдэх гээд байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Гуравдугаар сарын 15-наас ээлжит бус хуралдуулна гэж яриад байгаа. гуравдугаар сарын 15-нд 14 хоногийн ээлжит бус чуулган зарлахаар 29-н болчихно. Тэгээд долоо хоногийн дараа дөрөвдүгээр сарын 5-нд хаврын ээлжит чуулган эхэлнэ. Тэгэхээр ийм тулсан зүйл хийх шаардлага байгаа юм уу. Дөрөвдүгээр сарын 5-нд  ээлжит чуулганаа эхлүүлээд хуралдааныг шахуу хийж болно. Зарим хуралдахгүй өдөр хуралдаж болно шүү дээ. Цагаа сунгаж хуралдаж болно. Шаардлагатай гэхээрээ шөнө дөл болтол хуралдаад л явчихдаг. Заавал ээлжит  бус чуулган зарлаж, ажил хийсэн дүр харуулах хэрэг байгаа юм уу.

-Ирээдүй өв сангийн тухай хуулийг өмнөх парламент баталж байсан боловч энэ парламент хүчингүй болгосон. Одоо Баялгийн сан байгуулах талаар ярьж байгаа. Энэ хоёр сан ямар ялгаатай вэ?

-2016 онд хэт олонхоороо гарч ирээд нийгэмд хэрэгтэй маш олон хуулийг хүчингүй болгосон. Амласан амлалтаасаа 100 хувь ухарсан. Татвар нэмэхгүй гэж хэлчихээд долоон төрлийн татвар нэмсэн. Дээр нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмсэн. Иргэд дээр ирж байгаа татварын ачаа маш хүнд байна. Татварын доороос босохын аргагүй байна. Татвар байх ёстой юу гэвэл байх ёстой. Гэхдээ хэт өндөр татвар тогтоогоод татварын дарамт бий болгоод эхэлбэл аж ахуйн нэгж байгууллага, иргэд улам ядуураад, улам хүнд байдалд орно. Бид Засгийн эрх барьж байхдаа Ирээдүй өв санг бүрдүүлсэн. Энэ нэг талаараа баялгийн сан. Энэ санг байгуулаад хуульчлаад 3.5 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн. Анх удаа. Төрөөс нийгмийн даатгалд буцаан төвлөрүүлэх өр 14 их наяд төгрөг орчим байсан. Энэ бол ирээдүйд тэтгэвэрт гаргах иргэдийн тэтгэврийн санд байршиж байх ёстой мөнгө. Энэ мөнгийг хуримтлуулах үүднээс хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх үүднээс Ирээдүй өв санг байгуулах замаар эхний ээлжид 3.5 их наяд төгрөгийг байршуулсан. Энэ мөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж, эргэн төлөлт нь буцаагаад өв сандаа төвлөрөөд явах хуулийг баталсан байсан. Харамсалтай нь хүчингүй болгоод 3.5 их наяд төгрөгийг төсөв рүү оруулсан. Нэг сайдын жилийн зардал 200 тэрбум байсан. Харин МАН эрх бариад 400 тэрбум болгон өсгөсөн.  Гэтэл Баялгийн сан гэж бий болсон, суурь нь тавигдсан зүйлийг өөрсдөө устгасан. Одоо дахиад Баялгийн сан байгуулна гэж яриад байгаад би итгэхгүй байгаа. Энэ бол ЖДҮХС-гаас авсан булхай луйвраа нуух гэсэн л оролдлого.

-Сангийн яамнаас Засгийн газрын 29-н санд шалгалт хийж, шалгалтын дүнг Засгийн хуралдаанд танилцуулахад бэлэн болсон талаар Сангийн сайд мэдээлсэн. Ингэхдээ зарим санг татан буулгах, заримыг нь нэгтгэх санал гаргасан гэсэн. Ер нь энэ сангуудыг татан буулгах, нэгтгэх нь зөв үү?

-Сан болгон өөрийн зорилготой байдаг. Юунд зориулагдсан, юуг санхүүжүүлэх гэж байгаа гэсэн зорилготой байдаг. Гэтэл тэр тусгай бүх санг нэгтгээд нэгдсэн сантай болно гэдэг бол өнөөдрийн бүх сан дээр байгаа өр зээл, идсэн уусан, шамшигдуулсан бүх асуудлаа угаах гэж байна. Сан нэгтгэх нэрээр бүх асуудлаа угаах гэж байна гэж хардаж байгаа. Шалгалт дууслаа л гэж байна. Хэн шалгасан юм, үр дүн нь юу гэж гарсан юм. Ямар ч мэдээлэл байхгүй. Шууд л татан буулгана, нэгтгэнэ гэж яриад байгаа. Би ээлжит болон ээлжит бус чуулган хуралдахаар хамгийн эхэнд энэ асуудлыг гаргаж тавина гэж бодож байгаа.

Эх сурвалж: www.itiom.mn

Ангилал


Twitter


Facebook