Д.Золжаргал:Ардын намаас өмнө Монголд Гадаад Монголын автономи ба амгалан байдлыг хамгаалан туслах нам хүртэл байсан юм шүү

2019-02-12
|
Ярилцлага

Ардын төрийн чин зоригт сайд Солийн Данзангийн намтар судлалын талаар нэгэн шинэхэн бүтээл уншигчдын гар дээр очлоо. Тус номын зохиогч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргалтай цөөн хором ярилцлаа.

-Намтар зохиол дээр ажиллана гэдэг цаг зав шаардсан амар ажил биш таарна. Та яагаад заавал намтар судлалын чиглэлийг, тэр тусмаа нэгэн цагт хилсээр егүүтгэгдсэн “ардын дайсан” Данзанг тухайлан сонирхов, ямар сэдэл шаардлагын үүднээс ийм сонголт хийв?

-Эрхэлсэн чиг үүргийнхээ хувьд би хэдийгээр төрийн албан хаагч боловч парламентад суудалтай улстөрийн намын бүлгийн ажлын албыг хариуцсан улстөрийн алба тушаалтай хүн. Улстөрийн гал тогоонд өрнөж байдаг элдэв явдал учир зүйн талаасаа ил далд олон шалтгаантай байдаг. Энэ үүднээсээ надад Монголын анхны улстөрийн намын үүсэл хөгжлийн түүх, түүнийг бүтээгч улстөрчдийн амьдрал тэмцлийн ээдрээ нугачаа тун сонин байдаг. Энэ чиглэлд хирэндээ бас уншиж судалсан. Тиймээс ч хүрсэн зарим үр дүнгээ нийтийн хүртээл болгож уншсан, мэдсэнээ бусадтай хуваалцах нь миний үүрэг төдийгүй нэр төрийн хэрэг. “Анхны долоо” дотроо Данзаны роль оролцоо онцгой жин дардаг. Монголын анхны улстөрийн намыг үүсгэн байгуулагч тэр их хүн ус нутгийн маань уугуул хүн байсан нь миний хүсэл тэмүүллийн гал дээр тос нэмсэн мэт хүчтэй нөлөөлснийг зориуд хэлмээр байна. Сайд жанжин Данзаны үг үйлс нь үнэн цагаан, төр түмнийхээ төлөө төвөгшөөж шантралгүй зүтгэсээр эцэстээ гунигтайгаар дуусдаг тэр түүхийг яг байснаар нь хүргэх нь шинэ залуу үеийнхний эх оронч үзэл сэдлийг өдөөн тэтгэхэд тустай хэмээн үзсэн юм.

-Таны ном Солийн Данзаны талаар өмнө гарсан бусад бүтээлүүдээс чухам юугаараа ялгаатай, ямар онцлог болсон бол?

-Ардын чин зоригт сайд Солийн Данзан ном өмнөх бүтээлүүдтэй агуулгаараа ч хэмжээгээрээ ч ер адилгүй болсон. Тухайлбал, данзансудлалын анхны шанг татсан нэр бүхий бүтээл уртаашаа дөчин хэдэн хуудастай цомхон судалгаа байсан бол миний бүтээл зохиомж бүтэц агуулга нь сайд жанжны намтрыг хүүрнэх явцдаа гол баатрынхаа үйлс ажлаар дамжуулан ардын хувьсгалын түүхийг ахин шинээр харсан явдал боллоо гэж үзэж байгаа.

-Номын хорхойтнууд Солийн Данзан номноос өмнө нь хаа нэгтэйгээс олж үзэж байгаагүй мэдээ мэдээллийг олох тэр боломжийн талаас нь та юу хэлэхсэн бол?

-Энэ бол манай номын онцлон дурдах чухам тэр агуулга яг мөн байна. Энэ номыг уншсанаар Данзан нар анх ямар бичигтэй хил гарсан, тэдний ард хэн хэн байсан, яагаад гамингууд анхны долоог алс газар явсныг мэдмэгцээ ард талд баахан хүнийг барьсан хорьсон, байцаасан тамласныг яг үнэндээ бол өнөөг хүртэл хэн ч бодит үнэнээр нь холбож бичээгүй юм. Ардын намаас өмнө Монголд Гадаад Монголын автономи ба амгалан байдлыг хамгаалан туслах нам хүртэл байсан юм шүү дээ. Ардын нам гадаадын санхүүжилттэй төсөл байсныг мөнгө зоос өгөлцөж авалцсан мэдээ занги байдаг тухай хэн ч өмнө нь дурддаггүй байв. Тэгвэл би энэхүү бүтээлдээ энэ бүхнийг буй байснаар нь дэлгэн харуулахыг хичээсэн. Ардын хувьсгалд Богд хааны оролцоо байсан уу, байсан бол ямар хэмжээнд энийг хүртэл манай агуулгынхаа хүрээнд авч үзлээ. Ер нь, ардын намын цаашлаад улс Монголын шинэ түүхийг өмнө байгаагүй өнцгөөс харах эрмэлзлээр дүүрэн ажилласнаа хэлэхэд таатай байна.

-Данзансудлалын хөгжлийн өнөөгийн төвшин ямар санагдав. Энэ талаар цаашид бид юу хийх ёстой вэ?

-Үнэнийг хэлэхэд данзансудлал өнөөдөр зогсонги байдалд орсон байна. МАН анхныхаа даргын намтрыг судлах нэр төрийг нь зохих ёсоор авч үзэх чиглэлд хөдөлж өгөхгүй байна. Энэ нь цаанаа учир шалтгаантай. Шуудхан хэлэхэд, данзансудлал өнөөдөр хоёр стандарттай, хоёр үнэнтэй болчхоод байгаа учраас явж өгөхгүй байгаа юм. Нэг худал залсан бол дараа дахиад заавал тэгэх шаардлага үүсдэг. Ардын намын түүхийг анхнаасаа Сүхбаатарын намтартай холбоод уячихсан тэр хүлээсийг тайлаагүй цагт данзансудлал одоогийн зогсонги байдлаасаа гарахааргүй байна. Данзанг судлахаар зэрэг Сүхбаатарын үүрэг оролцоо үгүйсгэгдэх гээд Сүхбаатарын дүр бүдэгсэх аваас МАН-ын нэр төрийн рейтинг огцом буурах гээд байдаг. Тиймээс л өнөөгийн улстөрийн хоёр хүчний чухам алинд нь “данзансудлал” –ын идэвх санаачлага хадгалагдах вэ гэдэг нь ч бараг ойлгомжтой зүйл л дээ. Саяхан буюу 2019 оны нэгдүгээр сард миний бие өөрийн нүүр номын ээлжит хуудсаар дамжуулан Ардын чин зоригт сайд жанжин С.Данзаны гэгээн дүрийг буулгасан хөдөлгөөнт дүрс бүхий баримтат бичлэгийн хэсгийг нийтийн хүртээл болголоо. Гэтэл олон мянган хүн талархсанаа илэрхийлэхийн зэрэгцээ, тухайн постыг эхний гурван өдрийн дотор 2000 удаа шийрлэсэн байсан. Монголын нийгэм ингэж Данзан сайдынхаа барааг нэг харав, Данзан сайдтайгаа ингэж, дөнгөж сая жинхэнээсээ алга дэлгэн тэврэлдэн уулзав, арай л удсан байна гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлж байсан. Энэ бол өнөөгийн манай данзансудлалын бодит оршихуйн ерөнхий төвшинг илтгэх бяцхан кейс юм. Ер нь энэ талаар хийх ажил их бий.

-Номын эхний нүүр хуудсанд "сайд жанжны мэндэлсний 135 жилийн ойд” гэсэн бяцхан зүүлт харагдсан. Намтар судлалын, нам судлалын энэ томоохон бүтээл өргөн уншигчдад, түүний дотор ялангуяа уугуул ус нутгийнханд нь олзуурхууштай сайхан бэлэг болох нь дамжиггүй. Та данзансудлалаа дахиад үргэлжлүүлэх үү, энэ талын бодол санаа юу байна?

-За даа, намайг нэг их түүхч судлаачийн хэмжээнд хэтрүүлэн төсөөлж хэрэггүй юм. Энэ удаад би уншсан мэдсэн олсон дүгнэснээ олон түмэнтэйгээ хуваалцахыг зорьсон нэг уншигч төдий хүн. Аж амьдрал баян унших мэдэх зүйл их тиймээс нэг тухайлсан сэдэв дээр удаан саатах бодол зав алга. Харин арын хангайн аль шилдгүүдийнхээ алдрыг мандуулах ариун гэгээн үйлсэд анд сайн нөхдийн хамтаар хүчин хавсарч зүтгэх дэврүүн бодлыг бол байнга тээж явдаг. Санаж явбал бүтдэг сайхан үгийг хэлье дээ. 

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

 

 

 

 

Ангилал


Twitter


Facebook