З.Нарантуяа: УИХ дахь АН-ын гишүүд цаашид зөвлөлийн статустайгаар ажиллана

2019-02-12
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Танд Сар шинийн мэнд хүргэе. Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Та хамгийн түрүүнд хэнийдээ очиж золгодог вэ?

-Баярлалаа, сайхан шинэллээ. Хамгийн түрүүнд хадам ээждээ очиж золгодог. Нөхрийн маань аав олон жилийн өмнө бурхан болсон ч эцгийн гал голомт гэж хүндэтгэн хамгийн түрүүнд заавал очдог.

-Цагаан сар бол монгол түмний өв уламжлалыг хадгалсан сайхан баяр гэж боддог. Таны хувьд Цагаан сарын тухай ойлголтоосоо хуваалцахгүй юу. Энэ баяртай холбоотой бага насныхаа сайхан дурсамжаас хуучлаач?

-Тийм ээ, Цагаан сар бол монголчууд бидний өв уламжлалыг хадгалсан, ураг төрлөө мэдэлцдэг, ахмадаа хүндэтгэдэг хамгийн сайхан баяр. Одоо цагт чинь бүгд л цаг завгүй байдаг болохоор жилдээ Цагаан сараар л нэг уулзацгааж байна шүү дээ.

-Сар шинийн өмнө та тойрогтоо ажиллаад ирсэн. Иргэд олон ямар яриа хөөрөөтэй таныг угтав. Улс төрийн үймээнд ард иргэдийн бухимдал их байх шиг санагдсан?

-Жил бүр Цагаан сарын өмнө тойргийнхоо бүх сум, багуудаар орж иргэд, сонгогчидтойгоо уулзаж, ажлын тайлангаа тавьж, санаа бодлыг нь сонсдог юм. Тэр уламжлалаараа энэ жил Сар шинийн өмнө энэ ажлаа амжуулаад ирлээ. Өнгөрсөн жилийг бодоход цаг агаар хэт хүйтрээгүй, цас бага унасан, малчдын хувьд өнтэй сайхан өвөл боллоо. Тиймээс мал нь тарган, ноолуур, махны үнэ харьцангуй өндөр байснаас өрхийн орлого дажгүй байна гэцгээж байна. Малчид малын гаралтай түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг л орон нутагт бий болгож өргөжүүлэхэд анхаараасай гэдэг үгийг л их хэлж байна.

-УИХ-ын даргаар Г.Занданшатар томилогд-лоо. Г.Зандаршатар даргыг та хэрхэн үнэлж дүгнэдэг вэ. УИХ-ыг даргалах чадамжтай гэж үзэж байна уу?

-Улстөрчийн хувьд УИХ-ын даргыг хийчих хэмжээнд бэлтгэгдсэн байх аа гэж бодож байна. УИХ-д гурван ч удаа сонгодсон, Засгийн газрын гишүүн сайд хийж явсан туршлагатай хүн.

-УИХ-ын даргыг сольчихоор МАНАН арилчих юм шиг ойлголттой хүмүүс их байна. Үнэхээр ганц хүнийг огцруулаад МАНАН үгүй болох уу?

-МаНаН гэдэгт нам хамаарахгүй улс төр, бизнес, хуулийн байгууллагын төлөөлөл бүхий бизнес, эдийн засгийн хувьд ашиг сонирхол нэгтэй, энэ ашиг сонирхлоо хамгаалахын тулд шийдвэр гаргах түвшинд буюу УИХ, хууль хүчний байгууллага, Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөллөө тогтоосон бүлэг хүмүүсийг хамааруулж ярьж байна гэж би ойлгож байгаа. Энэ утгаар нь хэд хэдэн бүлэг буюу нийтээрээ ярьж тогтсоноор бүлэглэлүүд байна гэдгийг улстөрчид, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хэвлэл мэдээллээр нээлттэй зарлаад байгаа. Үүнийг нотлох үндэслэл бүхий судалгаа байгаа учраас хэлж байгаа байх. Уул уурхайн баялгийн хуваарилалт, эзэмшлийн тухайд эрх бүхий байгууллагын хийсэн судалгаанаас харахад ийм төрлийн ашиг сонирхол нэгтэй хамаарал бүхий этгээдүүд байна гэж харж болохоор байгаа. Тиймээс ийм бүлгүүдийн хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл гүнзгийрч, газар авсныг өнгөрсөн үйл явдлууд харуулав уу даа гэж мэргэжлийн хуульчийн хувьд дүгнэж байна. Тиймээс МАНАН-г арилгана гэвэл эхлээд ямар бүлэглэлүүд байгаа, хэрхэн яаж ажилладаг схемийг нь зөв ойлгож, хэн хэн бүлгүүдээ төлөөлж, тэдний нөлөөллийг хэрэгжүүлээд байгааг шалгаж тогтоох хэрэгтэй.

Үүнийг мэдээж хуулийн байгууллагууд өөр өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хийх үүрэгтэй. Хуулийн байгууллагыг бие даасан, хараат бус байдлаар ажиллах боломжоор хангахаас энэ ажил эхлэх ёстой. Хуулийн байгууллагууд нөлөөнд автдаггүй бол үүнийгээ ч нотлон харуулах шаардлагатай. Хуучин МАНАН-г арилгаж, шинэ шинэ МАНАН үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хууль тогтоомжийн хүрээнд өөрчлөх шинэчлэх олон зүйл байна. УИХ-ын даргыг намын нөхөд нь ийм нэг бүлгийн нэг төлөөлөл нь гэж үзэж хардаж, шаардлага тавьж, албан тушаалаас нь буулгалаа. Зөвхөн энэ хүнийг буулгаад МАНАН алга болохгүй нь мэдээж. Жирийн иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан булааж, нийгмийн бусад гишүүдийн эдлэх ёстой тэгш боломжийг хааж байгаа бүхний эсрэг тууштай тэмцэж, арга хэмжээ авч, зөв голдрилд нь оруулах нь УИХ, Засгийн газрын Үндсэн хуульд заасан үүрэг учраас Ерөнхий сайд, эрх барьж байгаа намын дарга энэ ажлаа тууштай, бас бодлоготой хийх байх аа гэж ажиглаж байгаа. Үүнд ЖДҮ ч бас хамаарна. УИХ-ын гишүүний хувьд үүний төлөө байна. Гэхдээ бүх зүй-лийг хуулийн хүрээнд хийх ёстой.

-Үүнтэй зэрэгцээд иргэд ЖДҮ-чидтэй хариуцлага тооцохыг шаардаж байна. ЖДҮХС-г шалгах түр хороо байгуулах саналыг гишүүд гаргасан ч УИХ дэмжээгүй. Таны хувьд түр хороо байгуулах саналыг УИХ-д дахин оруулах уу?

-Засгийн газрын зарим тусгай сангуудыг тэр тусмаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үр ашгийг шалгах шаардлага байгаа учраас Төсвийн байнгын хороонд Ажлын хэсэг байгуулах саналыг өмнө нь тавьж байсан, сая дахин тавьсан. Заавал түр хороо гэхгүйгээр Төсвийн байнгын хороо эрх мэдлийнхээ хүрээнд томилох эрхтэй. Ажлын хэсгийг томилохыг шаардана.

-Эдийн засаг өсөлттэй байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа мэдээлж байсан. Гэтэл иргэдийн амьдрал сайжрахгүй байх юм. Монголын эдийн засгийн байдал ямар байгаа вэ?

-2019 оны хувьд түүхий эдийн үнэ өндөр хэвээр хадгалагдах таамгийг мэргэжлийн байгууллагууд гаргаж байгаа учраас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг үргэлжилнэ гэж тооцоолж байна. Засгийн газар болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ОУВС-гийн судлаачид энэ онд эдийн засгийн өсөлтийг зургаа орчим хувиар өснө гэж үзэж байгаа. Хамгийн том худалдан авагч Хятад улсын худалдааны нөхцөл байдал огцом муудахгүй, эдийн засгийн өсөлт нь саарахгүй бол манай хувьд энэ таамаглал бодитой болно. Манай өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл нь нүүрсний экспорт хэвээрээ байгаа. 2019 онд 32 сая тонн гаргахаар Засгийн газар тооцоолсон. Төсвийн орлогынхоо томоохон хувийг эрдэс баялгийн борлуулалтын орлогоос бүрдүүлнэ гэж тооцоолсон хэвээр байгаа нь цаашид эрсдэл дагуулах, нэг салбараас хараат байдал хэвээрээ үргэлжлэх нь гэдэг мессэжийг нийтэд өгч байна. Өрхийн дундаж орлого нэмэгдсэн гэж байгаа ч бодит байдалд өрх бүрээр, нийгмийн давхарга, салбараар нь авч үзвэл бүгд өссөн биш. Тухайлбал, малчдын хувьд энэ жил ноолуур, махны үнэ өндөр байсан нь өрхийн орлогыг өмнөх жилүүдээс бууруулаагүй ч бага цалинтай үйлчилгээний албан хаагчид, ажилгүй иргэд, хувийн секторын ажилчдын орлого өсөөгүй байна. Ажилгүй иргэдийн тоо бүртгэгдсэн ажилгүйчүүдийн хувьд буурсан ч нийт иргэдийн хувьд эсрэгээр өссөн байна. Дэлхийн банкны үнэлгээгээр Монгол Улсын нийт иргэдийн 30 орчим хувь нь ядуурлын түвшинд амьдарч байна гэдэг нь Засгийн газрыг ядууралтайгаа “дайн” зарлаж тэмц ээ гэж хэлж байна аа гэсэн үг. Би ч үүнтэй санал нэг байна. Дээр хэлсэнчлэн өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрүүдийг бүх талаар дэмжиж, үүнд саад болж байгаа бүх зүйлтэй тэмцээсэй.Ядуурлыг бууруулах, өрхийн үйлдвэрлэлийг нэмэх талаар дорвитой ажил хийхгүй байгаа учраас л ядуурлын түвшин ийм өндөр гарч байна шүү дээ. ЖДҮХС-д хуваарилсан хөрөнгө, зарцуулалтаас ч тодорхой харагдаж байна. Үүнтэй тэмцэх үүргээ Ерөнхий сайд мартаагүй байгаа байх гэж найдаж байна. Дотоодын эдийн засагт ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 21 аймагт 100 үйлдвэр барих бодлогоо одоо хэрэгжүүлэх цаг нь болсон.

-Долларын ханш өссөөр л. Монголбанкинд хангалттай валютын нөөц байгаа хэрнээ ханшийг бууруулж чадахгүй байгаа шүү дээ. Энэ юутай холбоотой вэ?

-Эдийн засгаа төрөлжүүлэх ажлыг хийж чадахгүй байгаатай холбоотой. Төсвийн орлого нэг салбараас хамааралтай хэвээр байна. Эдийн засгийн суурь бүтцийг өргөжүүлж, олон салбар бүхий бодит секторыг дэмжих, тэр тусмаа экспортын орлогын олон сувагтай болохгүйгээр ханшийг зөвхөн нөөцөөр барих боломжгүй.

-Намрын чуулганыг сунгах, ээлжит бус чуулган хуралдуулж чухал асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай гэх цөөнгүй гишүүн бий. Үүн дээр та санал нэг байна уу?

-Ээлжит бус чуулган зарлаж, баталж амжаагүй хуулиудаа батлах нь зөв гэж үзэж байгаа.

-Танай нам УИХ-д бүлэггүй болж байна. Цаашид ямар зарчмаар ажиллах вэ. Гишүүн тус бүртээ цөөнхийн байр сууриа илэрхийлээд явна гэж ойлгосон?

-Хаврын чуулганы эхэнд Л.Болд гишүүний өөрийнх нь хүсэлт, АН-ын эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн АН-ын бүлгээс гарах хүсэлтийг нь биелүүлж, бүлгийн зүгээс албан ёсны саналаа УИХ-д хүргүүлнэ. Цаашид Зөвлөлийн статустайгаар ажиллана.

-Гишүүд тойрогтоо бэлэг сэлт, боов, чихэр тараах юм. Энэ зөв үү. Сүүлд гэхэд БГД дээр Ж.Ганбаатар гишүүн гурил, элсэн чихэр тараахад 83 настай буурай бурхан болсон эмгэнэлтэй хэрэг гарсан. Үүн дээр та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Үнэхээр харамсалтай хэрэг гарсанд сэтгэл өвдөж байгаа. Ер нь нийтээрээ үүнийг болих нь зарчмын хувьд зөв. Гишүүд сонгуулийн үеэр нэр дэвшиж байхдаа бэлэг сэлт тараахыг Сонгуулийн тухай хуулиар хориглосон байдаг ч бүрэн эрхийнхээ хугацаанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд амьдралын боломж нөхцөл муутай иргэдээс тус-ламж хүссэн өргөдөл хүсэлт их ирдэг учраас өөр өөрсдийн боломжоор асуудлыг нь шийддэг. Энэ нь ийм эмгэнэлтэй байдалд хүргэсэн нь үнэхээр харамсалтай.

Эх сурвалж: Ардчилал таймс сонин

Ангилал


Twitter


Facebook