Л.Болд: Эв нэгдлийг хангадаг чухал институцыг сонгох сонгуулийг эргэлзээнд оруулж байна

2017-01-05
|
Ярилцлага

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан хэсэг гишүүн УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэн дэмжсэн билээ. Уг нь өмнөх парламентын үед Ерөнхийлөгч, УИХ, сум, дүүрэг ИТХ-ын сонгуулийг нэгдсэн нэг Сонгуулийн тухай хуулиар явуулахаар баталсан ч эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийг тусад нь явуулах ёстой хэмээн үзэж өргөн бариад байгаа.  Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Болдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Гишүүдийн өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд Үндсэн хуультай зөрчилдсөн заалт байна гэж зарим гишүүн мэдээлсэн. Та хуулийн төсөлтэй танилцсан уу. Үнэхээр Үндсэн хуультай зөрчилдсөн заалт орсон юм уу?

-Манай бүлгийн гишүүд хуулийн төслийг өчигдөр авсан. Маш том хуулийн төсөл байна. Танилцаад л явж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд олон хуудас хууль оруулж ирсэн. Өмнөх Сонгуулийн хуулийг сонгууль дөхүүлж байгаад гишүүдэд бараг уншуулалгүй батлаад,  их зөрчилтэй хууль баталсан. Хэрвээ тэр хуулиар Ардчилсан нам ялсан бол энэ сонгууль хүчингүй байх байсан. Яагаад гэхээр Ардчилсан нам өөрөө ийм хууль хийлээ, тэгээд ялчихлаа гээд бөөн юм болох байсан. Харин эсрэг үр дүн гарсан учраас сөрөг хүчин чимээгүй байлаа. Ард түмэн ч хар машинаар саналаа зөв тоолдог юм байна гээд хүлээн зөвшөөрлөө. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь оруулж ирээд, зургаан сарын өмнө дахиад өргөн барьж байна. Хуулийн төслийг санаачилсан гишүүд техникийн чанартай багахан засвар хийнэ гэж байсан ч маш олон хуудас төсөл оруулж ирсэн байна. Үүн дотор юу ч оруулчихсан байгаа юм билээ. Ер нь бид өөрсдийн баталсан хуулиндаа итгэхгүй, энэ хуулиар явсан сонгуульдаа итгэдэггүй. Ингэх юм бол эрх баригчдын хувьд алдаатай бодлого болно гэж хараад байна.

-Ардчилсан намын бүлгийнхэн энэ хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгээгүй байгаа юу?

-Хэлэлцүүлгийн төвшинд намын бүлгээрээ сайн хэлэлцэж байж, ямар нэгэн мафан орохгүй байх тал дээр ажиллана. Бүхэлд нь өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байгаа.

-Манай улс сонгууль болгоныхоо өмнө хуулиа өөрчилж баталдаг жишиг тогтчихлоо. Ер нь сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулах нь хэр оновчтой вэ?

-Нэгэнт баталсан, хүчин төгөлдөр хууль байгаа юм чинь ядаж энэ сонгуулиа энэ хуулиараа хийчихье. Энэ сонгуулийн дараа Сонгуулийн хуулийнхаа тогтолцоог бүтэн өөрчилье, тэр эрх нь парламентад байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг ийм эргэлзээнд оруулах ямар бодлого, шаардлага байна вэ гэдгийг асуух ёстой. Энэ бол ноцтой асуудал. Яагаад гэвэл Монгол төрийн баталгаа бол Ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийн институц бол эв нэгдийг хангадаг чухал үүрэгтэй. Түүнийг эргэлзээнд оруулж байгаа нь маш том ухралт болж байна гэж харж байгаа.

-Бие даан нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон хүн парламентад суудалгүй өөр намд элсээд нэр дэвших эрхийг нь хаасан заалт оруулсан гэж тайлбарлах хүмүүс ч байна. Тухайлбал, С.Жавхлан гишүүн намд элсээд тухайн намд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлэх эрх олж өгөх боломжийг хаасан гэсэн?

-Дашбалбар гишүүн бие дааж гараад, дараа нь өөр нэг намд ороод Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан. Нууц санаа нь тэр. Олон зуун хуудастай хуулийн төсөл дотор хаана ямар өгүүлбэр шургуулчихсан байгаа юм, эсвэл санал хураалтаар шургуулахыг мэдэхгүй. Иймэрхүү байдлаар хууль гаргаад, өрсөлдөгчөө хаагаад өөрсдийнхөө сонгох замыг энэ нөхцөлөөр бүрдүүлнэ гэж үзэж байгаа бол маш том алдаа болно. Эрх ашгийн маш том зөрчил болно. Сонгуулийн үр дүнгээсээ илүү сонгуульд итгэх, төрийн үнэт зүйл байхгүй болно. Парламентад суудалтай нам гэж байгаа бол эрх мэдлийг нь өгөөд явах ёстой. Өмнөх жишгээ эвдэж болохгүй. Ер нь бол С.Жавхлан гишүүнийг нэр дэвших боломжгүй болгох заалт хуулийн төсөлд оруулсан байсан.

-Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг та өргөн барьсан байсан. Ямар өөрчлөлт оруулж байгаа юм бэ?

-2008 оны долдугаар сарын 1-ны дараа бид төрөө байгуулж чадахгүй байдалд орж байсан. Чимид гуай бид дэлхийн хамгийн сайн туршлагуудыг судлаад, Монголын түүхэн онцлогыг харгалзаад сонгуулийн том хууль батлуулсан. Гэтэл тэр томсгосон мажоритар  тогтолцоог нь өөрчилчихсөн. Тэр хуулиар хоёр гурван сонгууль тоглочихлоо. Аль нь ч хожсонгүй. Уг нь эмэгтэйчүүдийг улс төрд түлхүү оруулах квотын тогтолцоог бий болгоод, бүлгийн хэмжээний эмэгтэйчүүд улс төрд орж ирсэн. Үүнтэй адилхан залуучуудын боломжийг нээж өгөх ёстой. Манай улс бол залуучуудын орон. Хүмүүс хөгширөхөө ч байж, энэ хэрээр залуучууд улс төрд орох орон зай хумигдмал байна. Тиймээс Олон Улсын парламент залуучуудаа дор хаяж ганц хоёр хувьд нь парламентдаа оруулж ир гэсэн зөвлөмж гаргачихсан. Тэрний дагуу маш олон орон хуулиа засчихсан.

-Нэг намаас тэдэн хувьд нь залуучуудын төлөөлөл байна гэж хуулийн төсөлд тусгасан бэ. Насны хувьд хэдээс дээш байгаа вэ?

-Олон улсын жишгээр 30,31 настай залуусыг сонгуульд нэр дэвшүүлнэ гэж оруулсан. Мөн нэг нам 20 хувьд нь залуусыг нэр дэвшүүлэх ёстой гэж тусгасан байгаа.

Эх сурвалж: Itoim.mn

Ангилал


Twitter


Facebook