МЭНДЧИЛГЭЭ

2016-12-30
|
Мэдээ

Эрхэм журмын нөхөд, Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчид та бүхэндээ ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлэхийн зэрэгцээ Монгол Улсад Ардчилал, Хүний эрх, Эрх чөлөөг түгээн дэлгэрүүлж, бэхжүүлэх үйлсэд хэлбэрэлтгүй зүтгэж, 26 жилийн амьдралаа зориулсан та бүхэндээ талархал илэрхийлье.

Бид хамтдаа олон сорил, бэрхшээлийг туулж, Ардчиллын үнэт зүйлийг сахин хамгаалж, хүний эрхийг дээд зэргээр дээдэлсэн Ардчилсан Монгол улсыг бий болгох гэж эвдрэхдээ эвдэрч, эвлэлдэн нэгдэхдээ нэгдсээр өнөөдрийг хүрлээ. Бидний туулж өнгөрүүлсэн алдаа, оноо бүхэн биднийг улам хүчирхэгжүүлж, илүү эв нэгдэлтэй болгодог гэдэгт би итгэдэг. Үүний үр дүн нь өнөөгийн Ардчилсан нам хэмээх хүчирхэг хамт олон юм.

Он цаг улирахын хэрээр шинэчлэл, шинэлэг үйл шаарддагийн жамаар бид улс оронд болон Ардчилсан нам доторхи алдаа оноогоо бодитоор томъёолж, нийтээрээ хэлэлцэн Үзэл баримтлал, Үндсэн дүрмээ шинэчилж, шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай нүүр тулан энэ оноо үдэх гэж байна.

Ардчилсан нам шинэчлэгдсэнээр хүчтэй сөрөг хүчин болохоос гадна улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлогч гол хүчин болох учиртай. Үүний тулд бид эхний ээлжид эв нэгдлээ бэхжүүлэх хэрэгтэй. Үндсэн дүрэм, Үзэл баримтлалаа эрхэмлэн дагаж, биелүүлдэг байх ёстой. Гишүүддээ нээлттэй, бүх гишүүдийнхээ оролцоог хангасан Бодлогын нам болох ёстой.

Ингэж чадаж гэмээнэ бид иргэдийн итгэл хүлээхүйц нам болж, нийгэмд шударга ёс, ардчиллыг тогтоох болно. Хариуцлагатай нам болж нийгмийг түүчээлэх болно.

Энэ утгаараа ирж буй 2017 он Ардчиллын, Ардчилсан намын түүхийн нэгэн шинэ хуудсыг нээх их хариуцлагын, их шинэчлэлийн он билээ. Бид хамтдаа шинэчлэгдэж, хүчирхэгжиж, ирээдүйн их ялалтынхаа үндэс суурийг тавьж чадна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ ирж буй шинэ ондоо эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга,

Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ

           

 

 

 

 

Ангилал


Twitter


Facebook