З.Нарантуяа: УИХ тарахаас өөр гарц харагдахгүй байгаа

2019-01-09
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-АН-ын бүлэг ээлжит бус сонгуулийг зарлаж, УИХ-ыг тараан дараачийн Их хурлыг яаралтай байгуулах нь зүйтэй гэж байна. Төрийг гацаанаас гаргах нь УИХ тарах гэж харж байгаа гишүүд ч цөөнгүй байх шиг. АН-ын бүлэг энэ шийдвэрийг яагаад гаргах болов?

-Үүнээс өөр гарц харагдахгүй байна. Эрх барьж байгаа намаас сонгогдсон УИХ-ын 64 гишүүн хэзээ ч эргэж эвлэрэхгүйгээр хуваагдсаныг өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийтээрээ л харлаа шүү дээ. УИХ-ын дарга М.Энхболд төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг ийм хэмжээнд хүргэхгүйгээр, гишүүдийнхээ реакцийг эрт мэдрээд ёс зүйн хувьд зүгээр л өөрөө өргөдлөө өгчих хэрэгтэй байсан. Сайн дураараа чөлөөлөгдсөн бол хувь хүний хувьд өөрийнх нь нэр төрд ч, намынх нь эв нэгдэлд ч хэрэгтэй байлаа. Харамсалтай нь гүрийсээр нөхцөл байдлыг улам муутгаж, төрийн тогтвортой байдалд эрх зүйн хувьд халтай тал руу оруулахаар болж байх шиг байна.

-УИХ-ын дарга М.Энхболдыг хууль гаргаад унагачихвал УИХ цаашаа үргэлжлээд явах боломжтой гэж зарим хүмүүс үзэж байх шиг байна. Тийм боломж байна уу?

-Тэгээд ЖДҮ-чдийг нь хүлээн зөвшөөрөх хэрэг үү. Товчхондоо нэг танхимд багтаж, шингэж чадахгүй хэмжээнд хүрсэн 60 тэрбумын болон ЖДҮ-чдийн бүлгийн тэмцэл, өшөө хонзон УИХ-ын дарга М.Энхболд гэдэг энэ хүнийг шахаж огцруулсан ч, хууль баталж огцруулсан ч арилж, эвлэх боломжгүй болсон.

-Ер нь таны хувьд УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орсон, улс орны амьдралд шийдэх асуудлууд овоорсон, ард түмний амьдрал хүнд байгаа энэ байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Маш хариуцлагагүй зүйл. Нэг намын доторх эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн ингэж даамжирч, бүхэл бүтэн намаа хувааж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг тогтворгүй болгон гацааж байна. Ингэж байсан түүх өмнө нь лав байгаагүй. Улс төрд дүрэм, журам, ёс зүй, ёс суртахуун гэдэг хэмжүүр алга болсны үр дагавар гэж харж байна. Энэ бүхэн мэдээж нэг өдөр үүсчихээгүй. Олон жил хуримтлагдсан зөрчилдөөн ужгирч ийм хэмжээнд хүргэж байна.

-Зарим гишүүн УИХ-ын даргыг огцрохыг шаардаж жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. Ээлжит цуглаан энэ сарын 10-нд болно. Энэ үеэр улс төрийн суулт зарлана гэдгээ илэрхийлсэн. Энэ хэр зөв алхам бэ?

-УИХ-ын даргыг огцрохыг шаардах эрх гишүүдэд байгаа. Энэ эрхээ чуулганы танхимд хийх үү, эсхүл гадаа гудамжинд хийх үү гэдэг нь гишүүдийн өөрсдийн сонголт юм.
Цаашдаа эрх мэдлийг хэсэг бүлэг хүмүүсийн гарт төвлөрүүлдэг энэ байдлыг тасалж, эрх зүйн хувьд боломжгүй болгоё гэвэл одоо байгаа хууль, эрх зүйн зохицуулалт, улс төрийн орчин, сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудынхаа үйл ажиллагааг л зөв хэлбэрт оруулах хэрэгтэй. Үүнийг нэг удаа жагсаад шийдчихэж чадахгүй нь ойлгомжтой. Чуулганы танхимдаа нэлээд ажил хэрэгч байдлаар ул суурьтай сууж, мэтгэлцэж, санаа оноогоо уралдуулж хууль, бодлогоор дамжуулж хийнэ.

-Ерөнхийлөгч УИХ-ын даргыг гишүүдийн олонхын шийдвэрээр огцруулах хуулийн төсөл өргөн барьж байгаа. Ерөнхийлөгч уг хуулийн төслийг төрийг гацааг арилгахын тулд өргөн барьж байгаа гэдгийг хэлж байна л даа. Энэ тухайд?

-Яг өнөөдрийн үүссэн нөхцөл байдлын үүднээс харвал асуудлыг шийдвэрлэх нэг хувилбар байж болно. Цаашдаа ямар үр дагавар учруулж болзошгүй вэ гэдгийг хуульч хүний нүдээр харж дүгнэхийн тулд судалж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Ангилал


Twitter


Facebook