С.Эрдэнэ: УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах нөхцөл аль эрт бүрдсэн

2019-01-09
|
Ярилцлага

Өнгөрсөн хугацаанд АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж ирсэн. Бид үндэсний эв нэгдэл, төрийн тогтвортой байдал, улс орны амгалан тайван байдлыг нэгдүгээрт тавьдаг улс төрийн хүчин. Гэхдээ аливаа асуудалд хандахдаа зөвхөн сөрөг хүчний улс төрийн эрх ашгийг дээдлэх бус, улс орны хөгжлийн бодлого, ирээдүйн зөв чиг хандлагад суурилсан бодлого барих зарчмыг барьж ажилласнаа онцолмоор байна. Эрх баригчид өөрсдийн гаргасан алдаанд АН-ыг хавчуулах гэж, чирж улс төр хийхийг байнга эрхэмлэдэг. Гэвч бид аливаа асуудалд аль болох хүлээцтэй, бодит байдалд дүн шинжилгээ хийж аль болох ухаалгаар хандахыг эрхэмлэж ирсэн. Ингээд өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор АН-ын Улс төрийн зөвлөл шийдвэр гаргаж, үүнийгээ хэрэгжүүлэх зөвлөмжийг УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүллээ.

 -Эрх баригч намын өнгөрсөн гурван жилийн үйл ажиллагаа, сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлж чадаагүй гэж үзэж буй үндэслэлээ илүү тодорхой тайлбарлахгүй юу?

 -Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрх баригч МАН-ын явуулж ирсэн үйл ажиллагааг АН-аар хэлүүлэлтгүйгээр ард түмэн өөрсдөө дүнгээ тавьж байгаа. 2016 оны УИХ-ын болон орон нутгийн бүх шатны сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, амлалтуудыг өнөөдөр ард түмэн мартаагүй байгаа. Харамсалтай нь гурван жилийн хугацаа өнгөрч байхад, МАН энэ амлалтаасаа нэг ширхэг ч заалт биелүүлээгүй гэдгийг энд зориуд, хариуцлагатайгаар хэлмээр байгаа юм.

“Өрийг өрөөр дарахгүй” гэсэн. “Өр шинээр бий болгохгүй” гэсэн. “Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгоно” гэсэн. “Оюутан залуучуудын тэтгэмжийг хэвээр нь үргэлжлүүлж олгоно” гэсэн. “Тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмнэ, цалин хөлсийг үе шаттай” нэмнэ гэсэн. “Инцляцийг тодпорхой түвшинд, нэг оронтой тоонд барина” гэсэн. Ингээд яриад байх юм бол маш олон амлалтыг өгсөн. Харамсалтай нь өнөөдөр энэ амлалт нь 100 хувь эсрэгээрээ хэрэгжиж байгаа. Өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өр 27.5 тэрбум ам.долларын хэмжээнд хүрсэн байна. Энэ дотроо Монгол Улсын Засгийн газрын гадаад өр найман тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ гурван жилийн хугацаанд МАН нийтдээ 4 тэрбум орчим ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад өр бий болгосон. Энэ 4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөөр ямар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийв, ямар нийгмийн асуудал шийдэв гэдэг тайлангаа тавиач гэдэг шаардлагыг АН-ын зүгээс удаа дараа тавьсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбараа тавихгүй байгаа. Тайлангаа хэлэлцүүлэхгүй байна.

Шилэн дансны хууль түрүүчийн Засгийн газрын үед маш амжилттай хэрэгжиж байсан бол таг зогсоод гурван жил болж байна. Аль яам, агентлаг, ямар байгууллага хэдэн төгрөгийн зардал гаргаад ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэлгүй болсон. Бүх зүйлийг хаалттай, хөшигний цаана зохион байгуулдаг хуучин зуршлаараа өнөөгийн эрх баригчид үйл ажиллагаа явуулж байгаа. Үндэсний хэмжээний том намын хувьд аливаа асуудлыг гүтгэлгийн шинж чанартайгаар ярих эрх байхгүй. Гэхдээ өнөөдрийн эрх баригчдын явуулсан үйл ажиллагаанд бодит дүгнэлт өгөх үүрэг нь сөрөг хүчний гол намд бий.

 -УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийнхөө албан бланк дээр УИХ-ыг тараахаар 10 гаруй гишүүний гарын үсэг цуглуулсан гэж байна. Та бүхэн Ж.Мөнхбат гишүүний бланк дээр гарын үсэг зурах юм уу. Эсвэл өөрсдөө энэ асуудлыг тусдаа хөндөж тавих юм уу?

-Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнийхээ хувиар асуудлыг тавиад явж байгаа. Мэдээж, зарим нэг санал нийлэх асуудал гарна. Өнөөдөр бол АН өөрийн байр сууриа илэрхийлж байгаа. Бид УИХ-ыг тараах, ээлжит сонгуулийг нэн яаралтай зохион байгуулах ёстой гэж үзсэн. Төрийн ажил ямар нэгэн  байдлаар цалгардаж, зогсох ёсгүй. Үндсэн хуулиар төрийн ажил тасралтгүй явах зарчимтай. Энэ зарчмын хүрээнд бид УИХ-ын болон орон нутгийн ээлжит хурлыг зохион байгуулах шаардлагатай гэж харж байгаа.Тиймээс энэ шаардлагаа тавина. УИХ дахь АН-ын бүлэгт энэ чиглэлийг өгсөн. Энэ чиглэлээр үйл ажиллагаагаа зохион байгуулна. Хууль санаачлах уу, эсвэл аль нэгэн гишүүнийхээ бланк дээр гарын үсэг цуглуулах уу, ямар байдлаар асуудлыг тавих вэ гэдгээ УИХ дахь АН-ын бүлэг өөрсдөө хуралдаанаараа шийднэ.

 -УИХ-ын гишүүн Л.Болдыг намаас хасчихсан уу?

 -УИХ-ын гишүүнийхээ эрхийг эдлээд явах бүрэн эрх нь нээлттэй. Ямар нэгэн байдлаар намаас хасах тухай яриаг бид гаргаж тавиагүй. Ер нь АН-д намаас хөөх тухай дүрмийн заалт байхгүй. Намын Үндсэн дүрмийн хорооны дүгнэлтээр намын гишүүнчлэлээс хасдаг дүрмийн заалттай. Хэрэв намаас гарах гэж байгаа бол тухайн гишүүн дүрмийн дагуу анхан, дунд шатны намын байгууллагад өөрөө өргөдлөө өгөх ёстой.

-Ээлжит бус сонгуулийг ямар процессоор зохион байгуулдаг юм бол. Та бүхэн энэ асуудлаар үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа юу?

-Ээлжит бус сонгуулийг зохион байгуулах хууль эрх зүйн үндэслэл бий болгох хуультай. Хуулийн зохицуулалтууд бий.  Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг  тусдаа хуралдаж байр сууриа гаргана. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн асуудлаар яг одоо УИХ дахь АН-ын бүлгийн түвшинд ярилцаагүй байна. Ярилцсаны дараа бид албан ёсны байр сууриа илэрхийлнэ.

-Ээлжит бус сонгууль болвол АН ямар мөрийн хөтөлбөртэй оролцох вэ?

-АН өнгөрсөн гурван жилийн хугацаанд шинэчлэлийн үйл ажиллагаагаа нэлээн эрчимтэй явуулсан. Энэ шинэчлэлийн үйл ажиллагааны явцад нэгдүгээрт АН үзэл баримтлалынхаа төслийг шниэчилж, намын Есдүгээр их хурлаар баталсан. Хоёрдугаарт, АН Бодлогын ерөнхий зөвлөлийг байгуулж ажиллуулсан. Бодлогын ерөнхий зөвлөл маань өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээн идэвхитэй ажиллаж, улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа бүх салбарт судалгаа, дүн шинжилгээ хийж ажилласан. Энэ чиглэлээрээ Бодлогын ерөнхий зөвлөл дээр дараагийн сонгуульд оролцох бодлого, мөрийн хөтөлбөр боловсруулах ажилд орчихсон явж байна. Мөрийн хөтөлбөрийг боловсруулах дэд бүтэц, боловсон хүчнүүд маань хангалттай ажиллаж байгаа.

-АН УИХ-д хэт цөөхүүлээ шүү дээ. Та бүхэн шаардаад эрх баригчид та бүхний шаардлагыг хүлээж авах нь юу л бол?

-Бид эхний ээлжинд хууль, эрхзүйн хүрээнд асуудлыг тавих боломжийг судалж байна. Бид хэт цөөнх байгаа нь үнэн. Гэхдээ АН гэж 200 мянга орчим гишүүнтэй үндэсний хэмжээний том нам. Энэ намын бүхий л шатны байгууллагын бүтэц зохион байгуулалт, гишүүдийн оролцоог үүн рүү чиглүүлнэ. Энэ бол нийгэмд асар том улс төрийн давалгаа үүсгэх боломж. УИХ дахь АН-ын бүлгээс хууль, эрхзүйн хүрээнд асуудлыг тавиад шийдэхгүй юм бол бид улс төрийн тэмцлийн дараагийн, өөр хэлбэрүүдийг сонгоно.

-Зөвхөн эрх баригч намын хуваагдлаас гадна АН бас дотроо хуваагдалтай байгаа гэдэг шүүмжлэл байна. 116 гишүүнээ хассан гэдэг мэдээлэл байна?

-Нэг зүйлийг бодитоор ойлгох хэрэгтэй. АН өөрийн гэсэн дүрэм, журамтай,  Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нам. Улс төрийн намуудын хууль болон бусад хуулийг зөрчөөгүй, бүртгэлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй улс төрийн нам. Тиймээс АН-ыг дүрмийн хүрээнд нь харах ёстой. 116 гишүүнийг хасч байна гэж битгий ойлгоорой. Намын дүрмийн зохицуулалтыг намын дотоод хагарал мэтээр өлгөж, буруу ташаа ойлголт төрүүлэхийг зөвшөөрмөөргүй байна.

-Сонгуулийн тухай хуульд ямар тохиодолд ээлжит бус сонгууль явуулах заалттай байдаг вэ?

-Улс төрийн намуудын тухай хууль болон бусад холбогдох хуулиар өнөөдөр УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах нөхцөл аль эрт бүрдсэн. Манай мэдэгдэл дээр эдгээр хуулийн зүйл, заалтууд тодорхой байгаа. Ганц энэ дээр заасан зүйл, заалтууд дээр биш, тодорхой хуулиуд дээр  энэ нөхцөл байдлуудыг заасан байгаа.

Эх сурвалж: Ардчилал таймс сонин

Ангилал


Twitter


Facebook