Ж.Батзандан: 76 жижиг тойргийн зовлонг эдэлсэн, үр ашиг муутай төсөв боллоо

2018-11-07
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.
-Төсвийн тухай хуулийг эцэслээд баталчихлаа. Хуулийн хугацаа нь дуусахаас бүтэн 14 хоногийн өмнө төсөв баталж байсан удаа УИХ-ын түүхэнд байгаагүй байх?
-Төсвийн тухай хуулийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө УИХ-аар эцэслэн батлах ёстой. Энэ удаагийн төсвийг эрх баригч нам сөрөг хүчний хяналтгүйгээр, АН-ыг ажил хаясан хойгуур нь далимдуулж баталж байх шиг байна. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчид хуульд хориг тавих эрх нь бий. Ерөнхийлөгчийн хоригийг АН-ын бүлэг дэмжиж,Төсвийн бодлогод гарсан алдаа завхралыг засч залруулна гэсэн бодолтой байна.
-Сонгуулийн өмнөх жилийн төсөвгэдэг утгаараа энэ удаагийн төсвийн тухай хууль хардлага дагуулж байна. Яагаад гэхээр 2020 оны төсөв сонгуульд ямар нэгэн байдлаар “нэмэргүй” гэдэг утгаараа энэ удаагийн төсвийг далимдуулж гишүүд тойрогтоо багагүй мөнгө хуваарилсан байна гэж иргэд хараад байна?
- Энэ жилийн төсөв сонгууль руу чиглэсэн төсөв боллоо гэж бид харж байгаа. Ер нь сонгууль ойртох тусам төсвийн бодлого алдагдаж, Засгийн газар алдагдал өндөртэй төсөв оруулж ирдэг л дээ. Ийм байдал сүүлийн 20 гаруй жил үргэлжилж байгаа. Эрх баригч нам өөрийнхөө гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор болсон, болоогүй баахан хөрөнгө оруулалт тавьдаг. Хөрөнгө оруулалтын үр ашиг эрс буурдаг. Мэдээж, сөрөг хүчний гишүүдийн тойрог дээр бага хэмжээний хөрөнгө оруулалтууд тавигдсан, бидний оруулсан зарим томоохон хөрөнгө оруулалтын саналууд хасагдсан байна лээ. Дээр нь 76 жижиг тойргийн зовлонг эдэлсэн төсөв боллоо гэж бид харж байгаа. Ерөнхийлөгч ч гэсэн хатуу шүүмжилж байгаа. “76 хуваасан, нэг их наядын алдагдалтай төсвөө эргэн хараач ээ” гэж. Тэгэхээр, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, сонгууль руу чиглэсэн үрэлгэн төсвийн бодлогыг өөрчилнө гэж итгэж найдаж байна.
-Төсвийн алдагдал өндөр гарахаар эдийн засагт, ард түмний амьжиргаанд хэрхэн нөлөөлөх вэ?
-Төсвийн алдагдал 1.9 их наяд байгаа. Төсвийн алдагдал бол өр. Улсын өрийн хэмжээг эрс нэмж, ард түмний нуруун дээрх өрийн дарамт эрс хүндэрч байна гэсэн үг. Монгол Улс алдагдалгүй төсөв батлах бүрэн боломжтой. Эрх мэдэлтэй хүмүүс нь тансаг хэрэглээгээ танах, сум болгонд, баг болгонд Тамгын газрын барилга барьдаг, өндөр үнэтэй жийп машин авдаг гээд үрэлгэн, тансаг байдлаа танах, хасах маягаар төсвийн алдагдлыг бууруулах боломж байгаа гэж бид хардаг. Сүүлийн хоёр жилийн төсвийн алдагдал 4 их наяд хүрлээ. Эрх баригч намсонгуулийн амлалтынхаа яг эсрэг үйлдэл хийж байна. 2016 оны сонгуульд орохдоо МАН “Өрийн хэмжээг нэмэхгүй” гэсэн бол яг өнөөгийн байдлаар Монгол Улсын өрийн хэмжээг 4 тэрбум ам.доллараар нэмчихээд сууж байна. Худал ярьдаг, хуурамч амлалт өгдөг улс төрийн намуудад ард түмэн удахгүй үнэлэлт, дүгнэлтээ өгөх байх аа.
-Төсөв баталж дуусах ёстой хуулийн хугацаа хараахан дуусаагүй байна. Энэ хугацаанд сөрөг хүчний зүгээс тавьж байсан шаардлагууд, төсөв дээр гарсан алдааг залруулах ямар боломж байгаа вэ?
-АН есөн гишүүнтэй сөрөг хүчин. Төсвийн бодлого, Ерөнхийлөгчийн тавьж байгаа шаардлага, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдэд болон төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж АН-ын бүлэг одоогоор түр ажил хаялт зарлачихаад байгаа. Эрх баригч нам 64 гишүүнтэй. 64 гишүүн УИХ дээрх бүх асуудлыг хүч түрэх замаар шийдвэрлэж байна. 64-ийг зогсоох хүч УИХ дотор байхгүй. Сөрөг хүчинд үг хэлэх эрх байгаа. Нэг удаа завсарлага авах эрх байгаа. АН-ын бүлэг завсарлага авсан. Байр сууриа илэрхийлсэн. Төсвийн алдаатай бодлогыг засч, залруулахыг шаардсан. Харамсалтай нь хүч хүрэхгүй байна. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих нэг боломж бий. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд Төсвийн тухай хуулийг дахинзадалж, эргэн харах бололцоо, боломж бий болно.
-2018 оны төсөвт 536 объектыг зураг төсөлгүйгээртөсөвт суулгасан гэсэн. Ийм зүйлийг дахиж давтсан уу, 2019 оны төсөвт?
-Сүүлийн жилүүдэд зураг төсөлгүй объектуудыг төсөвт суулгах замаар татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх тохиолдол цөөнгүй байсан. Үүнийг жил болгон аудитын газар шалгаж, дүгнэлтээ ирүүлдэг. Энэ жилийн төсөвт яг хэдэн объект зураггүйгээр,баталсан төсөвгүйгээр орж ирснийг би сайн мэдэхгүй байна. Судлаачид, шинжээчид янз бүрийн шүүмжлэл хэлж байгаа. Аудитын газар үүнийг шалгаж тогтоох ёстой. Хуулиараа зураг, төсөвгүй объектыг төсөвт суулгахыг хориглодог. Хэрэв суусан бол төсвийн хуулийг зөрчиж байна гэсэн үг.
-УИХ-ыг тарахыг шаардаж байна. Гэтэл “УИХ-ыг тарааснаас Ерөнхийлөгчөө өлсгөсөн нь ард түмэнд арай хохирол багатай байлгүй дээ” гэсэн мессэж тараад эхэллээ. Өөрөөр хэлбэл, УИХ тарах нь эргээд иргэддээ хохиролтой гэж үзээд байна?
-УИХ иргэдийн дунд нэр хүндээ урьд хожид байгаагүйгээр алдсан байна. Үүнийг судалгааны байгууллагууд, иргэд олон түмний уур бухимдал харуулж байна л даа. Аливаа байгууллага алдаа завхрал гаргасан тохиолдолд дотоод хяналтын систем нь ажиллаж өөрөө, өөрийгөө цэвэршүүлэх процесс явагдах ёстой. УИХ-д Ёсзүйн дэд хороо, Хуульзүйн байнгын хороо гэж байгууллага бий. УИХ өөрөө дотоод хяналтын механизмаа ажиллуулах замаар өөрийгөө цэвэршүүлэх ёстой байсан. Харамсалтай нь, энэ УИХ тэгж чадахгүй байна. УИХ-ыг тараах эрх Монгол Улсын Ерөнхийлөгчид байгаа. Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж, тогтоолын төсөл УИХ руу оруулж ирэх байх. Миний бие Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлсэн.Ажлаа хийж чадахгүй байгаа бол ямар ч албан тушаалтан, ямар ч төрийн байгууллага шууд огцордог, ард түмнээсээ уучлалт гуйдаг байх ёстой. Энэ бол улстөрийн соёл.
-Ерөнхийлөгчийн саналыг хэд хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой вэ?
-УИХ-ыг тараах асуудал дээр хуулийн хатуу зохицуулалт одоохондоо би хараагүй байна. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн санал гаргасантай холбогдуулж, УИХ-ын тогтоолын төсөл эсвэл Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг УИХ-д өргөн барьснаас хойш ажлын 7 хоногт багтаан төслийг хэлэлцэх хуулийн заалттай.
-ЖДҮ-ийг дэмжих сангийн асуудлаас үүдэлтэйгээр Засгийн газрын нийт 22 санд шалгалт оруулна гэж байна. Энэ дээр гомдол гаргах эрх бүхий субъект нь хэн байх юм?
-Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж шалгах эрх нь нээлттэй байгаа. Мэдээж, хохирогч нь, хохирол нь, гэмт хэрэг үйлдсэн этгээд, үйлдэл, учир шалтгаан гээд гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх ёстой.Энэ удаагийн асуудал дээр хохирогч нь ард иргэд, татвар төлөгчид гэж иргэд, олон түмэн харж байгаа. Хууль, хяналтын байгууллага шалгаад асуудлыг тогтоон шийдвэрлэж, үнэхээр гэмт хэрэг үйлдсэн бол УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг прокурорын зүгээс УИХ руу оруулж ирэх эрх нь нээлттэй.
-“ЖДҮ-ийг дэмжих сангийн дүрэм, журмыг тодорхой, нээлттэй болгох хэрэгтэй байна” гэж ярьж байгаа. Эндээс үзэхэд, энэ сангийн зээлдэгч, зорилтот бүлэг нь тодорхой бус гэсэн ойлголт төрөхөөр байна?
-ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийг урьд нь ямагт арилжааны банкаар дамжуулж олгодог байсан. Энэудаа эрх баригч нам банкаар дамжихгүйгээр шууд олгохоор 2016 онд өөрчлөлт оруулсан гэж сонссон. Энэ өөрчлөлт нь өөрөө хууль бус үйлдэл рүү түлхсэн байна гэж би харж байгаа.
ЖДҮ-ийн зээл олгох банк гэж дэлхийн улс орнуудад байдаг.Нэг бол ЖДҮ-ийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгодог.Арилжааны банкаар ЖДҮ-ийн зээлийг олгож буй тохиолдолд арилжааны банкууд татвар төлөгчдийн мөнгийг бага хүүтэйгээр зорилтот бүлэгт нь олголгүй, өндөр хүүтэйгээр өөр бусад субъектэд олгох замаар мөнгө хүүлэх ажиллагаа явах эрсдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, арилжааны банк жижиг, дундын зээлийн мөнгийг эргэлдүүлэх замаар өөртөө ашиг хийдэг байсан нь олон хүний дургүйцлийг төрүүлдэг байсан л даа. Үүнийг засах хэлбэр нь ЖДҮ-ийн зээл олгодог тусдаа банк байгуулах, эсвэл ЖДҮ-ийн зээлийг Төрийн банкаар дамжуулж олгох замаар банкны хяналтыг оруулж ирэх ёстой байсан болов уу.
Харамсалтай нь, эрх баригч нам буруу шийдвэр гаргасан. Банкгүйгээр, банкны оролцоогүйгээр зээлийг олгосон нь зөвхөн дарга нар өөрийнхөө хүрээллийн хүмүүст ЖДҮ-ийн зээлийг олгох алдаа завхрал, нугалааг бий болгосон байна. Дээрээс нь ЖДҮ-ийн зээлийг олгох тодорхой шалгуур гэж бий. Яг зорилтотбүлэгтээ, жижиг дунд бизнес эрхэлж байгаа тэр хүмүүст зээлийг олгох ёстой. ЖДҮ-ийн зээлийн тухай журам, хуульд 1.5 тэрбум гэдэг босго, заалт байгаа.Тэр хүрээндээ олгож явах ёстой. УИХ-ын гишүүд, дарга нарын авгай хүүхэд, шууд хамаарал бүхий компаниудад зээл олгосон нь буруутай үйл ажиллагаа. Яагаад гэхээр,УИХ-ын гишүүн бол нийт олон түмний төлөө, нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн хүмүүс.
-Засгийн газрын сангуудаас сүүлийн 10 жилийн хугацаанд олгосон зээлүүдэд шалгалт хийе гэж байгаа. Энэ шалгалтад АН-ынхан ч гэсэн бүдэрнэ гэж эрх баригчид тооцоолж байгаа болов уу?
-Яахав, шалгах хэрэгтэй. Ер нь гэмт хэрэгтэй тэмцэхэд намчирхах шаардлага байхгүй л дээ. МАН нь байна уу, АН нь байна уу, хэнд ч падгүй. Хулгай, луйвартай тэмцэхэд намчирхах хэрэггүй, нутгархах хэрэггүй. Үүргийн дагуу шалгах хэрэгтэй. Хэрэв хулгай, луйвар болсон гэж хууль, хяналтын байгууллага үзэж байгаа бол.

Сэтгүүлч: Х.Хулан

 

 

Эх сурвалж: Ардчилал таймс сонин

Ангилал


Twitter


Facebook