Л.Болд: Хулгай хийсэн хүн хулгайлсан зүйлээ хураалгадаг л биз дээ

2018-11-05
|
Ярилцлага

УИХ-ын гишүүн Л.Болдоос цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

-ЖДҮХС-аас зээл авсан сайд, гишүүдийн мэдээлэл ил болоод байгаа. МАН-ын бүлгээс салбарын сайдад нь хариуцлага тооцох шийдвэр гаргалаа. АН-ын бүлэг энэ асуудлаа шийдэх хүртэл ажил хаяна гэдгээ зарлаад байгаа. Хэрвээ Б.Батзориг сайдад л хариуцлага тооцоод өнгөрвөл яах вэ?

-Манай бүлэг өчигдөр чуулганы хуралдааныг орхиж гарахдаа маш тодорхой хэлсэн. Бид анхнаасаа ЖДҮХС-ын шударга бус зээлтэй тэмцэх ёстой. Энэ үнэхээр том асуудал. Ард түмний халаас руу шууд орсон хамгийн аймшигтай гэмт хэрэг. Өнөөдөр хэн нэгийг өргөдөл өгүүлснээр асуудал дуусахгүй.

-Зээл авсан хүмүүсийг энэ жилдээ багтааж зээлээ төлөөд, ард түмнээс уучлал гуйх шийдвэрийг МАН-ын бүлгээс гаргасан. Энэ хариуцлага тооцож байгаа хэлбэр мөн үү?

-Төрийн эрх мэдэлд хүрсэн хэн ч эрх мэдлээ ашиглаж өөрийн ойр дотнын хүмүүст төрийн мөнгийг хулгайгаар өгөх нь хуулиар хориотой. Энэ хуулиа л хэрэгжүүлэх ёстой. Үүнийг аргалаад, хэн нэг нь огцроод, уучлал гуйгаад олон нийтийн толгойг эргүүлчих асуудал биш. Буцааж өгөх нь наад захын хэрэг шүү дээ. Хүн хулгай хийвэл хулгайлсан зүйлээ хураалгадаг л биз дээ. Буцааж өгөх биш төр буцааж хураах ёстой. Дараа нь хариуцлага хүлээлгэх нь зүйн ёсны хэрэг. Юу ч болоогүй юм шиг чуулганаа үргэлжлүүлээд, мал аж ахуйн асуудлаар огцорсон сайдын үгийг сонсоод суух нь буруу. Өмнө нь Чингис Самуурай бонд авахад АН олонх байсан ч хүчтэй цөөнхтэй байсан. Тэд цөөнх боловч төрийн эрх мэдлийг гартаа барьж байсан. Чингис, Самурай бондоос зээл авсан хүмүүсийн жагсаалтыг харахад 70-80 хувь нь тухайн үеийн цөөнх, одоогийн олонх. Эд нар өөрөө өөртэйгөө хариуцлага тооцно гэж байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийг ч эд нар авсан, бондуудыг ч авсан. Бондын мөнгөө үрж дуусчихаад шинээр бонд босгоогүй учраас зүгээр байхаар гэсэн шиг ЖДҮХС нэртэйгээр ард түмнийхээ халаас руу гараа дүрж байна. Ямар ёс суртахуунтай нам төр барьж байна вэ гэдгийг энэ үйлдэл харуулж байна.

-Ерөнхийлөгч энэ парламентыг өөрөө огцрох ёстой гэж үзээд байгаа. Та хувь гишүүнийхээ хувьд Ерөнхийлөгчийн энэ үйлдлийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ард түмэн хувьсгал хийгээд 1992 онд Үндсэн хууль батлаад парламентын засаглалтай байхаар сонгосон. Парламентын засгаа хянаж байдаг, хүчтэй Ерөнхийлөгчийг сонгодог тогтолцоо. Дэлхийн бүх улс орон сайн муу замаар явж явж энэ тогтолцоо руу л очиж байна. Харин бид үе шаттай очдог энэ тогтолцоог руу шууд орсон. Тиймээс  өөрчлөлт хийлээ гээд ухралт хийж болохгүй. Энэ их хурал Үндсэн хуульд халдах гэж байгаа бол их хурлыг тараахын төлөө явна.

-Ирэх жилийн төсөвт Майдар хот төсөлд санхүүжилт тусгасан уу?

-Майдар хотын төсөл олон жил явж байгаа. Монгол Улс нийслэлээ хөгжүүлэх хамгийн том гарц бол дагуул хотуудыг хөгжүүлэх. Ганц Майдар гэлтгүй Дархан Эрдэнэтийн чиглэлд олон хотыг хөгжүүлэх ёстой. Төв аймгаа Улаанбаатар хоттой нэгтгэж том хөгжлийн төвлөрөл бий болгох хэрэгтэй. Майдар хот энэ ажлын эхлэл болж маш том үүрэг гүйцэтгэнэ. Саудын Араб гэхэд 500 тэрбум ам.доллароор шинэ хот байгуулахаар дэлхий нийтээс хөрөнгө татаж байна. Энэ зарчмаар Майдар хотыг цаашдаа явна гэж үзэж байгаа.

-Газрыг нь Засгийн газрын хуралдаанаас шийдээд өгчихсөн. Төсөвт санхүүжилт тусгасан уу?

-За мэдэхгүй. Төсөвт яг Майдар хот гэдэг зүйлийг би хараагүй. Засгийн газар газрыг нь шийдсэн. Газрыг нь шийднэ гэдэг маш том ажил. 20,30 тэрбум ам.доллар хэрэгтэй учраас төсөв бол даахгүй. Тиймээс Монголд хөрөнгө оруулах олон улсын төсөл болгож л явна.

-Голомт банк Хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын зээл авсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ?

-Энэ талаар мэдээлэл надад алга. Би Голомт банкыг байгуулж байсан нь үнэн. Гэхдээ таван жилийн өмнө энэ банкнаас бүрэн тусгаарласан.

Эх сурвалж: www.itiom.mn

Ангилал


Twitter


Facebook