З.Нарантуяа: Ирэх жил шинээр барих барилга, байгууламжид 647 тэрбум төгрөг төсөвлөсөн

2018-10-29
|
Ярилцлага
  • УИХ өнгөрсөн долоо хоногт ирэх жилийн төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийгээд байгаа. Энэ долоо хоногт батлагдах төсвийн тухай хуульд нэлээд хэдэн өөрчлөлт оруулсан. Ирэх жилийн төсвийн талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногийн төсвийн хэлэлцүүлгээр нэлээд хэдэн зардлыг хассан. Тухайлбал, утаа бууруулах төсвөөс 80 тэрбум төгрөг хассан. Яг ямар ямар хөрөнгө оруулалтаас хэдий хэмжээний мөнгө хассан бэ?

-Сангийн яамнаас энэ удаагийн төсвийг өргөн барихдаа төсвийн ерөнхийлөн захирагч нарийн мэдэж зарцуулдаг байсан салбарын яамны маш олон төсөл арга хэмжээг хасаад энэ бүх мөнгийг буюу 180 тэрбум гаруй төгрөгийг орон нутагт хөрөнгө оруулалт гээд тодорхойгүй байдлаар оруулж ирсэн. Ямар төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Тиймээс МАН-ын дэргэд байгуулсан ажлын хэсгийнхэн тодорхойгүй хөдөө орон нутаг руу шилжүүлж байгаа мөнгийг хасаад зориулалтыг нь тодорхой болгоод эндээ хуваарилна гэсэн шийдвэр гаргасан юм билээ. Үүнийхээ дагуу төсвийн ажлын хэсэг дээр яам яаман дээр санхүүжилтийг нь тусгасан. Энэ явцад зарим хөрөнгө оруулалтыг нэмнэ гэсэн гишүүдийн санал гарсан юм билээ. Эд нар нь нийлээд 250, 260-аад тэрбум төгрөг болчихсон. Өнгөрсөн жил бидний баталсан Төсвийн тухай хуулиар УИХ төсвийг танихгүй болтол нь өөрчлөөд, зардлыг нэмдэг гэдэг сөрөг ажиллагааг хаасан өөрчлөлтийг оруулсан. Энэ хуулийн хүрээнд хөрөнгө оруулалт өөрчлөгдөж байгаа бол төсвийнхөө зүйл ангид нийцүүлж зардлаа бас хэмнэх ёстой гэсэн зарчмын дагуу эхлээд хэмнэх зардал байвал энэ хөрөнгө оруулалтыг нэмнэ гэсэн зарчмаар ажилласан. Хэмнэж болох зардлаа нэг бүрчлэн үзээд агаарын бохирдлыг бууруулах зардлаас 80 тэрбум төгрөг хассан. Гадуур ярьж байгаа гэр хорооллын янданд утааны шүүлтүүр тавихад тодорхой хэмжээний мөнгө тавина гэсэн мэдээлэл гарсан ч төсөв дээр хэдий хэмжээний мөнгөөр хэдэн тооны шүүлтүүр тавина гэсэн тодорхой байх зарчим нь хангагдахгүй байгаа учраас бууруулсан. Мөн гаалийн шинэчлэлийг хийж, энэ хүрээндээ төсвийнхөө орлогыг нэмнэ гэсэн өөдрөг төсөөллийг Засгийн газар оруулж ирсэн. Ирэх жил 42 сая тонн нүүрсийг экспортод гаргана. Ингэхийн тулд гаалийнхаа шинэчлэлийг хийж, долоон төсөл арга хэмжээнд 70 гаруй тэрбум төгрөг нэмнэ гэж оруулж ирсэн. Гэхдээ энэ шинэчлэлийн хүрээнд яг ямар ажил хийх вэ гэдэг нь мөн л тодорхой бус байсан. Тиймээс ажлын хэсэг тодорхойгүй байгаа 12 тэрбум төгрөгийг хасаад орон нутгийн хөгжлийг дэмжих сан руу шилжүүлье гэх мэт хоёр гурван зарчмын санал хурааж, дэмжигдсэн.

-Тэгвэл хэлэлцүүлгийн явцад ямар ямар хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн бэ?

-Нэмсэн ганц, нэг хөрөнгө оруулалт байгаа. УИХ-ын Зарлагын хяналтын дэд хороо, эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд 2018 онд баталсан 6.5 тэрбум төгрөгийг бууруулаад 2.4 тэрбум төгрөг батлахаар оруулж ирсэн байсныг нэмж найман тэрбум төгрөг болгосон. Мөн Жендерийн үндэсний хорооны зардлаас 600 сая төгрөгийг нэмэгдүүлсэн.

-Мөн боловсролын зээлийн сангаас 42, ипотекийн зээлийн санхүүжилтээс 15 тэрбум төгрөг хассан. Мөн ирэх жил хүүхэд харах үйлчилгээний төсөв хасагдсан нь хэр оновчтой шийдэл вэ?

-Хүүхэд харах үйлчилгээний гол агуулга нь хичээлийн бус цагаар хүүхэд өндөр өнжүүлэх маягаар сургалтад хамрагдаж чаддаггүй, гэртээ харах хүнгүй байдаг учраас тухайн үед ажилгүй байгаа хүмүүс гэрээр харах үйлчилгээг хувийн байрандаа явуулж болно гэж энэ хуулийг баталж байсан. 2017 оноос хэрэгжүүлж нэг жил туршаад 5.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байсан. Гэхдээ энэ ажил ямар ч үр дүнд хүрээгүй, эсрэгээрээ энэ үйлчилгээнд хамрагдаж байсан хүүхдүүдийн тоо буурсан. Энэ жилийн төсөвт 2.3 тэрбум төгрөг болгож бууруулж оруулж ирсэн. Үүнийг үнэхээр нэмэгдүүлж чадсангүй. Маш их цэцэрлэг, сургуульд хөрөнгө оруулалт хийж байгаа, үүний дараа болно гээд орхисон байгаа. Тиймээс гэрээр хүүхэд харах үйлчилгээ дараа ярих нээлттэй сэдэв болоод үлдэж байна. Боловсролын зээлийн сангийн ашиглагдаагүй үлдэгдэл 42 тэрбум төгрөг байгааг хорогдуулж, хөрөнгө оруулалтын зардал руу хуваарилж байгаа юм. Ашиглагдахгүй байгаа эх үүсвэрийг өөр төсөл арга хэмжээнд ашиглах нь зөв. Ер нь боловсролын зээлийн сангийн эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлэх нь буруу бодлого. Өмнө нь төсвөөс мөнгө хуваарилдаггүй, “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд  банк оюутнуудад 5 хүртэлх хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай зээлийг олгодог байсан шийдэл зөв байсан. Хүү

-Утааг бууруулах төсвөөс 80 тэрбум төгрөг хассан гэж байсан. Тэгэхээр гэр хорооллын айлуудын янданд тавина гэж байсан шүүлтүүрийг тавихгүй гэж ойлгож болох уу?

-Ямар аргаар утаатай тэмцэх гээд байгаа вэ гэдгээ тодорхой тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Тодорхойгүй байгаа учраас хасагдаж байгаа юм.

-Ирэх оны төсвийн орлогыг өндөр төсөөлсөн гэж зарим гишүүн хэлж байгаа бол зарим нь  энэ хэмжээний орлогыг бүрдүүлэх боломжтой гэж үзээд байгаа. Таны хувьд ирэх жил 42 сая тонн нүүрс гаргана гэдгийг хэр бодитой гэж үзэж байна вэ. Хэрвээ зорилтоо биелүүлж чадахгүй бол төсвийн алдагдал нэмэгдэх аюултай?

-Худалдаа аж үйлдвэрийн танхимын захиалгаар эдийн засагчид, мэргэжлийн судлаачдын хийсэн судалгаагаар 2008-2011, 2017,2018 онуудад дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх үед манай төсвийн орлого дандаа давж биелж, үнэ унах үед орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй тасалддаг нь ажиглагдсан байна. Харин төсвийн орлого давсан үеүдэд төрийн зарлага огцом өсч байсан нь  төсвийн зарлагаа тэлж байсан тухайн үеийн ЗГ-уудын буруу бодлого байсныг нотолсон байсан. 2019 оны төсөв яг энэ буруу жишгээр төлөвлөгдөж, батлагдах гэж байна. Хэмнэлт, хуримтлалыг хойш нь тавьж, хөрөнгө, халамж, тэтгэвэр, цалингийн зардлыг илүү оруулсанд мэргэжлийн шинжээчид оновчтой шийдэл биш байна гэж харж байна. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өөдрөг төсөөллөөс үүдэж, ирэх онд төсвийн орлого хамгийн өндөр түвшинд хүрэхээр байна. 2018 онд нэг их наяд орчим төгрөгөөр төсвийн орлого давж биелэх хүлээлттэй байгаа. Энэ нэг их наяд төгрөгийн орлогоор ирэх жилийн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөгийг бууруулах боломж байгаа. Тэгэхээр өр зээлийн хэмжээ  багасч, төсвийн эрүүл хөрс  бий болгох суурийг тавих боломжтой юм. Үүнийг ажил хэрэг болгох алтан боломжоо ашиглаж чадсангүй. Энэ удаа Засгийн газар нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр нэмэгдүүлж, зөвхөн шинээр барих барилга байгууламжид 647 тэрбум төгрөгийг төлөвлөснөөс 17 хувь нь л үйлдвэрлэлийг, бодит эдийн засгийг дэмжсэн төсөл, арга хэмжээ байгаа нь маш буруу бодлого.

Ангилал


Twitter


Facebook