Л.Болд: Г.Доржзодов бол Монголын номер нэг “Шүгэл үлээгч”

2018-10-26
|
Ярилцлага
  1. УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Өмнөх парламентын үед Та “Шүгэл үлээгч”-ийг хамгаалах хуулийн төсөл санаачилж байсан санагдаж байна. Тэр төсөл юу болсон бэ. Одоогийн УИХ-д өргөн барьсан уу. Хуулийн гол агуулга концефци нь юу байсан билээ?

-Дэлхий дахинд хамгийн их тулгамдсан асуудал болоод байгаа юм нь “шүгэл үлээгч”-ийг хамгаалах. Олон улсын парламентын холбооноос ч тусгай тогтоол зөвлөмж гарсан юм. Тэгэхдээ бүх орны парламентыг “шүгэл үлээгч”-ийг хамгаалах, эрх ашгийг зөрчихөөс сэргийлэх хууль тогтоомж гаргахыг зөвлөсөн байдаг. Тэрхүү зөвлөмжийн дагуу хуулийн төсөл санаачилсан юм. Өргөн барих гэж нэлээд удлаа. Саяхан өргөн барьсан. Гэвч хэлэлцэхгүй хойш тавиад байна.

Өнөөгийн нийгмийн дутагдалтай тэмцэх хамгийн гол арга зам нь “шүгэл үлээгч” болчихлоо. Аливаа компани, аж ахуйн нэгж, байгууллагын дотор байгаа дутагдлыг, буруутай ажиллагааг шүүмжилснийхээ, ард түмний эсрэг хийж байгаа гэмт хэргийг илчилсний төлөө бүх талын дарамт шахалт үзүүлж болохгүй. Ажлаас нь халахаас эхлээд сэтгэлзүйн дарамт үзүүлж дахиж тийм үйлдэл гаргах, шударга байхаасаа айдаг нөхцөл байдал бүрдээд байна. Энэ байдлыг УИХ-д өргөн барьсан хуулийн төслөөр зохицуулж, хамгаална. Буруу үйлдлийг хавчаад яваад байвал буруу л явна. Бүх дутагдалтайгаа эвлэрээд явна. Харин түүнийг нь олон нийтэд хүргээд явбал тал талаас засч сайжруулна.

Тэгэхээр нийгмийн энэ хандлагыг өөрчлөх ёстой. Нэг компани хууль бус юм хийчихээд түүнийгээ нуух шаардлагагүй. Тэр тэргүй ил болохыг нь бүгдээрээ мэдэж байгаа болохоор дотроо дүгнэлттэй, хариуцлагатай, хуулиа мөрдөх ёстой. Тэрэнд нь ямар нэгэн байдлаар хуулийн сүх далайлгах шаардлагагүй. Тиймээс “Шүгэл үлээгч”-ийг хамгаалах хууль нийгэмд маш том шинэчлэлийг авчрана гэж үзсэн.

-Шударга бус байдлыг илчилсэн, “шүгэл үлээсэн” хүнийг яг яаж хамгаалах юм. Бусдын дарамт шахалтад орохгүй байх баталгаа нь юу байх вэ?

-Тойруу замаар дарамтлах, ажлаас нь халах, цалинг нь бууруулах зэргээр олон талын хууль бус үйлдэл байгаа. “Шүгэл үлээгч”-ийг энэ бүх дарамтаас хамгаалах нь чухал. Дээрээс нь тухайн хүний өгч байгаа мэдээллийн үнэн зөвийг тогтоодог, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, хариуцлагыг нь хүлээлгэх байдлаар зохицуулна. Жишээ нь, явган хүний зам чөлөөлөх гээд улс даяараа бөөн зардал, чирэгдэл болж байна.

Уг нь түүнийг анхнаас нь хийж эхлэх үед дотроос нь “шүгэл үлээж” л байсан байгаа. Манай компани буруу юм хийгээд байна гэдгийг. Гэтэл тэрийг нь авч хэлэлцдэггүй, амыг нь тагласнаас, хавчсанаас, боож, хаагдуулж явсаар байгаад манай нийгэмд боож үхэх гэж байгаа юм шиг сэтгэл гутрал үүсчихээд байна. Тэгэхээр шударга үнэний төлөө тэмцэгчдийг дэмжсэн, хамгаалсан тогтолцоо ус агаар шиг чухал. Ядаж хуулийн төслийг хүмүүст танилцуулахгүй байна.

-Хуулийн төслийг өргөн барихаас өмнө хэлэлцүүлэг зохион байгуулж хувь хүн, албан байгууллагаас санал авсан уу?

-Олон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Олон бага хурал ч хийсэн. Шийдвэр гаргах төвшний хүрээнд л хойрго хандаж байна.

-Засгийн газраас ямар санал ирүүлсэн байдаг юм бол?

-Санал авахаар хүргүүлсэн ч хуулийн хугацаанд хариу өгөөгүй. Өмнөх Засгийн газрын үед дэмжихгүй байр суурьтай байсан нь одоо ч яваад байх шиг байна. Ямар ч байсан хуулийнхаа хүрээнд УИХ-д өргөн барьсан.

-Яагаад дэмжихгүй, хариу ирүүлээгүй юм бол. Шалтгаантай болоод хариу өгөөгүй байж таарна?

-Эрх баригчдын зовлон юм. “60 тэрбум”-ын хэрэг шиг шударга бус тогтолцоогоор бий болсон, бүрдсэн төр, засаг гэдэг бол аливаа шүүмжлэлийг яаж хааж боох вэ гэдэг тал руугаа ажиллана. Жишээ нь, “60 тэрбум”-ын хэргийг илчилсэн Г.Доржзодов бол Монголын номер нэг “Шүгэл үлээгч”. Дэлхийн жишээ болчихлоо шүү дээ. Ийм аймшигтай тогтолцооны эсрэг ганц хүн зогсож байна. Тэр хүнийг бид яаж хамгаалж байна. Тагнуул, цагдаа, шүүх зэрэг бүх хуулийн байгууллага яаж дарамтлав. Гэр бүлээсээ дайжиж, үр хүүхдээрээ, амьдралаараа хохирлоо. Одоо Г.Доржзодовыг ямар ч байгууллагын хаалга татсан ажилд авахгүй. Хэврээ “Шүгэл үлээгч”-ийг хамгаалах хуулийг баталчихсан бол Г.Доржзодовыг хамгаалалтад авахаас эхлээд ажилтай байлгах байсан. Түүнд нь саад болсон, оролцсон бүх хүнд нь хариуцлагын асуудлыг ярих байсан. Хамгийн аюултай энэ болчихоод байна. Энэ бол үнэхээр классик жишээ болно шүү.

-Ерөнхийлөгч Х.Баттулга гурван саяулаа сэтгүүлч болох агуулгатай юм ярьсан байдаг?

-Зөв шдээ. Гурван саяулаа “шүгэл үлээгч” болж байж ямар нэгэн дутагдал гарахгүй.

-Гурван саяулаа матаач болно гэж ярих хэсэг бий?

-Матаач гэдэг чинь нэргүй. Тэгсэн мөртлөө заавал арга хэмжээ авдаг байсан, социализмын үед. Дандаа хүний нэр төр гутаасан асуудал байдаг. Энэ бол нийгмийн дутагдал. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хүмүүст зарж байгаа нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг. Үүнийг матаас гэж хэлэх хэцүү. Матаач гэдэг нь “Энэ хүнийг үзэн ядаж байна, хувийн өс хонзонтой. Тийм учраас энэ хүнийг худлаа гүтгэж байна” гэдэгтэй адил. Худлаа ч байсан тухайн хүнийг хэлэлцэнэ, шалгана гэдэг амьдралын том цохилт. Матаас бол дандаа хувь хүний эрх чөлөөтэй холбоо асуудал байсан. Ардчилсан эрх чөлөөтэй нийгэмд матаас байх үндэсгүй. Хаалттай, захиргаатай, хүний эрхийг зөрчдөг, дарангуйллын нийгэмд чөлөөтэй сэтгэж, ажиллаж хийж байгаа хүмүүсийнхээ амьдрах эрхээр нь тоглодог, буулгадаг нийгмийн тогтолцоо.

-Нэгэнт асуусных нь С.Зоригийг амь насыг бүрэлгэсэн ОУПХ-ны хурлаар хэлэлцсэн гэсэн. Тухайн хуралд оролцсон хүний хэргийн шийдвэрлэлтэй холбоотой уур амьсгал ямар байсан бэ?

-ОУПХ-ноос өнгөрсөн гуравдугаар сард маш ноцтой тогтоол гаргаж манай парламентад өгсөн. Тэр тогтоолын дагуу УИХ-аас Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ажилласан. Үүнтэй холбогдуулж тодорхой мэдээллүүдийг өгөх ёстой. Хараахан өгч амжаагүй. Уг нь холбогдох дүгнэлтээ өгчихсөн бол Монголын парламентаас ийм арга хэмжээ авлаа гэдэг хариу өгөх байсан. Тэгж чадаагүй. Холбогдох хүмүүс нь танай мэдээлэл юу байна гэхэд цаг үеийнхийг нь өгсөн. Хууль зүйн байнгын хорооноос албан ёсоор Түр хороо байгуулж ажиллаад дүгнэлт гаргасны дараа ОУПХ-ны дараагийн хурлаар хэлэлцэхээр хойшлуулсан.

-Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Түр хороо байгуулах ажлыг Танд хариуцуулчихсан байгаа бил үү?

-Харин над руу л түлхчихлээ. Уг нь Байнгын хорооны хийх ёстой ажил. Үг хэлснийх нь төлөө шийтгэж байгаа юм байлгүй. Гэхдээ яах вэ, чухал үйл хэргийн төлөө тогтоолыг нь санаачлаад л өгнө дөө. Хугацаа хожсон юм л яваад байна.

-Уг нь Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцэх ёстой биз дээ?

-Тийм. Гэтэл Ажлын хэсэг гаргах уу, үгүй юу гэдгийг шийдэх Ажлын хэсэг байгуулчихаад сууж байна.

-Шүүхээс ял ногдуулсан Б.Содномдаржаа хорихоос захиа бичсэн байдаг. Тэрхүү захиатай танилцсан уу?

-Танилцсан. Өөртэй нь ч очиж уулзсан. Иргэн хүн тодорхой гомдол мэдүүлсэн. Хуулийн дагуу судалж, шалгаад хариу өгөх ёстой. Парламент нь чихээ таглачихаад сууж болохгүй биз дээ.

-Чанга дэглэмтэй хорихоос бичсэн захиа хэвлэлд нийтлэгдсэн нь зохион байгуулалттай хийсэн үйлдэл гэж хардах хүмүүс гарсан шүү дээ?

-Хоригдол ч гэсэн хүний эрхтэй. Захиа бичих, гомдол мэдүүлэх, өөрийн байр суурийг илэрхийлэх бүрэн эрхтэй. Тэрийг нь төр засаг хуулийн хүрээнд хариулт өгөх ёстой.

-Холбогдох хүмүүсийг эргэж уулзахад хүний эрх зөрчигдсөн, хилсээр хэлмэгдсэн олон дүгнэлт хийсэн гэдгийг Байнгын хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас асууж байсан. Холбогдох хариуг Танд бичгээр өгсөн үү?

-ОУПХ-ны тогтоол, иргэдийн дунд байгаа эргэлзээг тайлах ёстой. Үнэхээр захиалагч байгаа бол улс төрийн хэрэг болно. 20 жил боллоо. Үүнээс цааш явна гэж юу байх вэ.

-Хэргийн цорын ганц гэрч гэгдэх Б.Булган бас захиа бичсэн байна лээ?

-Маш ноцтой гомдол гаргасан байна лээ. Түүнийг хувь хүний хувиар ярих бололцоогүй. Түр хороо байгуулсны дараа холбогдох албан тушаалтнуудыг сонсоно. Эцсийн шийдвэрийг УИХ-д оруулж гаргана.

-Ц.Нямдорж сайд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг хоёр дахь үе шат руугаа орчихлоо гэж хэлсэн шүү дээ?

-Асуух хэрэгтэй л дээ. Ямар ч байсан Түр хороо байгуулсны дараа Засгийн газраас албан ёсоор асуух эрх нь нээгдэнэ. Тэгэхгүй бол бүх асуудал тойроод яваад байна.

-Түр хорооны бүрэлдэхүүн хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх бол?

-Хороог байгуулсны дараа бүрэлдэхүүнийг нь батлах байх.

-Та Тусгай хяналтын дэд хороо УИХ, Байнгын хорооноос чиглэл аваад хэргийн материалтай танилцах эрхтэй эсэх талаар Улсын ерөнхий прокуророос асууж байсан. Тэр юу болсон бэ?

-Хавтас болгонд нь ганц нэг нууцын зэрэглэлтэй материал байгаа юм билээ. Ил болчихсон боловч нээж болохгүй гэсэн үг. Хууль зүйн байнгын хороо танилцах гэхээр болохгүй байна. Тусгай хяналтын дэд хорооноос танилцаж болох уу, үгүй юу гэсэн ажлын хэсэг байгуулсан.

-Ажлын хэсэгт нь Та байгаа юу?

-Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нарын гурван гишүүн байгаа.

-Та Б.Булгантай уулзсан уу?

-Уулзаагүй. Надтай уулзах хүсэлт тавиагүй л байна. Хоригдож байх үед нь очиж нэг уулзсан.

Эх сурвалж: www.newspress.mn

Ангилал


Twitter


Facebook